Хятад улс14 сая хар тамхичинтай
Хятадын эрх баригчид анх удаа улсынхаа хар тамхичдын талаар судалгаа хийжээ.
Нэг тэрбум 400 сая хүн амтай Хятад улсад 14 сая гаруй хар тамхичин байдаг гэсэн судалгаа гарсан байна.
Энэ нь 100 хүн тутмын нэг нь хар тамхи хэрэглэдэг гэсэн үг юм.
Дашрамд сонирхуулахад тус улсад 2014 онд 3 сая хүнийг хар тамхины хэргээр баривчилж, бүртгэж авсан хэмээн Хятадын хар тамхины бизнестэй тэмцэх төрийн хороо мэдээллэв.
Түүнчлэн бүртгэлтэй хар тамхичдаас 2014 онд 49 мянга нь нас баржээ. Хятадын хар тамхичдын дундаж нас жил ирэх тутам залуужсаар байгаа аж. Албан ёсоор бүртгэгдсэн хар тамхичдын 57% нь 35-аас доош настай, бараг 70 хувийг ажилгүйчүүд эзлэдэг байна.
Гэхдээ хар тамхичдын нэлээдгүй хувийг хятад түшмэд болон алдартнууд эзэлдэг гэдгийг ч Хятадын эрх баригчид мэдээлжээ. Өнгөрсөн жил л гэхэд Юньань мужийн Коммунист намын гишүүн 9 түшмэлийг хар тамхи хэрэглэсэн хэмээн буруутгаж ажлаас нь чөлөөлжээ.
Хятадын албан ёсны мэдээнд өгүүлснээр “Хар тамхины улмаас жил тутам 500 тэрбум юаний ($80,6 тэрбум) алдагдал учирдаг” хэмээжээ.
2014 онд 9,3 тонн героин, мөн 11,4 тонн метамфетамин хурааж авсны 90% нь “наркотикийн алтан гурвалжин”-д үйлдвэрлэсэн байжээ. “Наркотикийн алтан гурвалжин” бол Лаос, Мьянмар, Таиланд юм байна.
Хамгийн аюултай нь синтетик хар тамхиар Хятад дэлхийд нэгт орж байна. Синтетик наркотикийг голдуу Хятадын Гуандун, Сычуань мужид үйлдвэрлэдэг аж.
URL: