Хариуцлага алдсан хорихын дарга ажлаасаа чөлөөлөгдөв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 411 дүгээр хорих ангиас ялтнууд оргож шуугиан тариад байгаа. Оргосон хүүхдүүдийг цагдаагийнхан цаг алдалгүй эрэн сурвалжилсны эцэст дөрвийг нь баривчилсан. Тэдний хоёрыг нь эрэн сурвалжлах ажил үргэлжилсээр байна.
Ялтан хүүхдүүд оргосонтой холбогдуулан хорих ангийн удирдлагуудад ажлын хариуцлага алдсан гэж үзээд хариуцлага тооцохоор болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2011 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 6/500, 6/506, 6/507, 6/509 дүгээр тоот тушаалаар ШШГЕГ-аас үүрэг чиглэлээр ханган ажилладаг Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Даваа-Очир, тогтоол гүйцэтгэх газрын дэд дарга бөгөөд гүйцэтгэх ажил, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа П.Хосбаяр, Гадна харуул хамгаалалтын хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Н.Батсүх нарт сахилгын шийтгэл ногдуулав.
Түүнчлэн хорих ангиа зохион байгуулалтын удирдлагаар хангаагүй, харуул хамгаалалтад тавих хяналт шалгалтыг орхигдуулсны улмаас зургаан ялтан оргуулан алдсан хорих 411 дүгээр ангийн дарга, хурандаа Ё.Оюунаа, тус ангийн харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч О.Билгүүн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Мөн төлөөлөгч, ахмад Л.Батбаяр, ээлжийн дарга, ахлах дэслэгч П.Ганзориг нарын цэргийн цолыг нэг шат бууруулан, ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Д.Должингийн үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулан, тухайн өдөр ялтнуудад хяналт тавьж ажиллаж байсан хянагч, ахлагч Б.Батааг ажлаас халах шийдвэрүүдийг тус тус гаргажээ.
А.Лхагва http://www.niigmiintoli.mn/
URL: