9889 иргэний өргөдлийг багцлан хэлэлцэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 6 удаа хуралдаж, 15 асуудал шийдвэрлэсэн байна. Энэ талаар тус байнгын хорооны дарга О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд 9889 иргэний өргөдлийг багцлан хэлэлцсэн байна. Үүнээс 304 өргөдөлд шууд хариу өгч, 176 өргөдлийг харъяадлдын дагуу шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд нь шилжүүлсэн бол 168 өргөдөл шийдвэрлэх шат буюу хяналтын хугацаанд явж байна. Мөн 6 тогтоол, 3 хуралдааны тэмдэглэл гаргаж, Засгийн газарт иргэдийн гомдлыг шийдвэрлэх чиглэл өгсөн хэмээн байнгын хорооны дарга мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломжийг бүрдүүлэх зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээнд тусгайлсан бүлэг болгож тусгах чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлыг хуулийн дагуу хянан шийдвэрлэж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-д өргөн барихыг Засгийн газарт чиглэл болгосон.
Мөн Архангай, Баянхонгор, Ховьд аймагт ашигт малтмал хай, ашиглах үйл ажиллагаанд МХЕГ-аар хяналт, шалгалт хийлгэж, зохих шийдвэрийг гаргасан. Дорнод аймагт “Петро чайна дачин тамсаг” компани, Алтанбулаг, Дорноговь, Замын-Үүд дэхь хилийн боомтуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан” гэлээ.
Түүнчлэн, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Хилийн боомтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын мэдээллийг сонссон.
Мөн төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн талаар ирүүлсэн 179 иргэний өргөдлийн дагуу ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудыг урьж, нээлттэй сонсгол зохион байгуулсан” гэв.
Ч.Ариунболд МОНЦАМЭ
URL: