Сурвалжлага: БНХАУ ялалтын 70 жилийн ойгоор амьсгалж байна
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн онд манай улсад айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд туршлага солилцуулна хэмээн хэлсэн. Энэ дагуу Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн сарын 29-өөс энэ сарын 5-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин, Наньжинь, Жан Бэй зэрэг хотод ажлаад ирлээ. Тус ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд зөвхөн эхний ээлжийн сэтгүүлчид тус улсад ажлаад ирсэн нь энэ юм. Дашрамд дурдахад, тус ажлын айчлалын бүх зардлыг БНХАУ-ын талаас гаргасан болно.
Хоёр орны төрийн тэргүүн нарын гэрээ хэлцлийн хүрээнд яригдсан асуудал учраас БНХАУ-ын талаас уг ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Бидний энэ удаагийн айлчлалыг БНХАУ-ын Гадаад харилцааны яам болон Монгол улсын Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан бөгөөд сэтгүүлчдийн багийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид ахалсан юм. Энэ удаагийн ажлын айлчлал нь хоёр онцлогтой. Нэгдүгээрт, тус улсад айлчилсан хамгийн эхний баг учраас уг ажлын цааш, цаашдын үйл ажиллагааны гарааг зөв эхлүүлэх хариуцлагатай үүргийг үүрч байсан юм. Хоёрдугаарт, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус өдөрт зориулж Хятадын ард түмэн хэрхэн бэлтгэж байгаа болон тэртээх 1945 онд болсон Хятад, Японы дайны түүх энэ цаг үед хэрхэн дуурсагдаж буйтай танилцаж энэ талаарх мэдээллийг Монголынхоо уншигчдад хүргэх зорилгод оршиж байгаа юм. Өнөөдөр Хятад улс бүхэлдээ энэ түүхээр амьсгалж байна гэж хэлж болохоор байна. Уулзсан хүн бүр энэ талаар хууч хөөрөх аж. Ирэх есдүгээр сард тус улсын Тян Мины талбайд Орос, Монгол, Хятад гурван улсын цэргийн их парад болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛЫН 21800 ЭРЭЛХЭГ ЦЭРЭГ АМЬ НАСАА АЛДЖЭЭ Монголын сэтгүүлчид өнгөрсөн сарын 29-ны өглөө БНХАУ-руу СА 902 нисэх онгоцоор Улаанбаатараас Бээжин рүү хөдлөв. Хоёр цаг орчмын дараа Хятад улсын нийслэл Бээжин хот биднийг хур бороогоор угтан авлаа. Тус хотод өнөөдрийн байдлаар нийт 27 сая хүн оршин суух бөгөөд 3 сая гаруй машин, унаа замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Бээжингийнхэн 20 саяуулаа гэхэд 1 сая Улаанбаатарчуудаас илүү сийрэг, сайн зохион байгуулалтай амьдарч байна Бээжингийн цаг агаар биднийг байх 7 өдрийн хугацаанд хэт халуун бүгчим бус бага зэргийн салхитай сэрүүн байсан нь таатай байв. Ингээд бид монголчуудад хамгийн ойр дотно үйлчилгээтэй гэх Өвөр Монгол зочид буудалд буудалласан юм. Тус зочид буудал нь хотын төвд орших бөгөөд эргэн тойрон брэндийн дэлгүүр, банк, супермаркет гэх мэт үйлчилгээний газруудаар хүрээлэгджээ. Энэ өдөр бид аян замын алжаалаа тайлж буудалдаа амарсан юм.
Айлчлалын хоёр дахь өдөр бид Хятадын Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Гадаад харилцааны яам, Олон улсын радиотой нь танилцаж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар зарчмаар ажлаа явуулдаг, сэтгүүлчдийнхээ эрхийг хэрхэн хамгаалдаг цаашид хөгжлийн ямар шат руу явж байгаа зэргийг албаны хүмүүсээс нь сонссон. Гэхдээ энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг би үргэлжүүлэн маргааш хүргэе. Харин одоо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилтэй холбоотой багц сурвалжлагатай танилцана уу.
Айлчлалын гурав дахь өдөр бид Хэбэй мужийн Жан Бэй хотын Жанчхүүгийн даваанд орших Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суваргатай танилцахаар Бээжингээс мордов. Жан Бэй хот нь Бээжингээс 250 км-ийн зайд орших бөгөөд тус улсын ядуу мужуудын нэг аж. Манайхаар бол сумын төв гэж хөтөч залуу хэлж байна. Гэхдээ бидний харж заншсан нэг давхар шавар байшинтай сумдаас тэс өөр гэдгийг энд дурдъя. Энэ хотод Ер нь xятадууд замыг маш сайн чанартай барьж буй нь явсан бүх газраас мэдэгдэж байлаа. Хятадад “Баяжъя гэвэл зам” гэсэн үг байдаг аж. Зам тавьбал дагаад мөнгө орж ирдэг нь тус улсад батлагдсан үнэн аж. Жан бэй хотод 20, 30 давхар өндөр байр, орон сууц, томоохон аж, үйлдвэрүүд байна. Тэгэхээр манай сумын төвөөс тэс өөр гэдэг нь тодорхой байгаа биз.
Дурсгалын цамхаг
Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суварга нь тус хотын баруун талд орших Жанчхүүгийн даваанд байрлаж байна. Тус суваргыг Японы эзлэн түргэмийллийн эсрэг дайнд байлдаж яваад амь үрэгдсэн Монгол, Оросын эрэлхэг цэргүүдийн гэгээн дурсгалд зориулж байгуулжээ. Япон улс нь Солонгосыг эзлээд улмаар Хятад руу дайрч эхэлсэн байна. Тухайн үедээ Хятадын газар нутгийн тал хувийг нь эзлээд байсан Японыг дарахаар Орос, Монгол, Хятад гурван улс нэгдсэн байна. Хэрвээ япончууд Хятадыг эзэлж дууссан бол тун удахгүй Монгол улсын нутаг дэвсгэр рүү орох нөхцөл байдалтай байжээ. Тиймээс энэ дайнд Монголын ардын армийн цэргүүд оролцсон аж. Манай улсын олон мянган дайчин эрс уг дайнд оролцож түүхэн гавъяа байгуулсан бөгөөд тэдний дундаас 21800 нь эрэлхэгээр байлдаж яваад амиа алджээ.
Тэднээс төлөөлж 13-ийг нь уг дурсгалын цамхагт нэрийг нь сийлсэн байна.
Тухайлбал,
1. Л.Аюуш /Монгол улсын баатар тэрбээр тус дайнд өөрийн цэргүүдийг удирдан оролцож, эрэлхэгээр тулалдсаар биедээ маш олон шархийг авч нас барсан байна/
2. Г.Жанчив
3. Б.Сахьяа
4. М.Жүгдэр
5. П.Нямаа
6. Т.Самданжамц
7. Р.Маамуу
8. Д.Дагва
9. Г.Лхамрагчаа
10. Г.Чулуунбат
11. С.Шагдар
12. Б.Пүрэв
13. Г.Дашдондог
Их дайнд ялалт байгуулахад түүхэн үүрэгтэй оролцсон Монголынхоо эрэлхэг баатруудаараа үеийн үед дуурсах учиртай гэдгийг энэ үед л илүү их мэдэрсэн юм. Мөн ОХУ-ын цэрэг маш олон цэрэг энэ дайнд амь насаа алджээ. Амиа алдсан Монгол болон Оросын цэргүүдийн нэрсийг уг дурсгалын цамхгийн хананд сийлжээ.
Амиа алдсан 13 монгол цэргийн нэрсийг зүүн талд жагсаажээ
Дайн дууссан жил буюу 1945 онд уг цамхгийн байгуулжээ. Үүнээс хойш 1957 онд Төрийн зөвлөлийн шийдвэрээр дахин шинэчилж зурган дээр харагдаж буй шиг том болгосон байна. Өмнө, хойд талд нь гурван улсын төрийн далбааг мөн сийлж өгчээ. Энэ нь олон улсын найрамдлыг харуулсан байна. Цамхагийн өмнө нэгэн танилцуулах самбар байх бөгөөд энэ нь Японы эзлэн түрэмгийллийн дайны байр, байдал тухайн үеийн нөхцлийн талаар товчхон бичсэн байна. Цамхагийн өндөр 28.8 метр бөгөөд 360 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг байна. Хэдийгээр бид энэ дайнд олон дайчнаа алдсан ч тэдний үнэт амиар дайны ялалт яг энэ даваанд ирж байжээ. Дайны шийдвэрлэх тулаан энэ газар болж байсан гэсэн үг юм. Амь үрэгдсэн баатруудад зориулж Хятад, Орос болон Монголын албаны хүмүүс жил бүр ирж хүндэтгэл үзүүлдэг байна. Уг дурсгалын цамхгийг Хятадын талаас өндөр харуул, хамгаалалтан дор байлгадаг аж. Энэ даваа нь одоо тэр чигээрээ үрэгдсэн баатруудад зориулсан дурсгалын бунханд цэцэрлэгт хүрээлэн болжээ. Японы эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдэн, нийлсэн Хятад, Орос, Монгол гурван улсын түүх бүдгэрээгүйн тод илрэл болсон энэ цамхагтай танилцахад ийм байлаа.
Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжингийн их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейн гаднах хөшөө
БНХАУ-д ажлын айлчлал хийсэн сэтгүүлчдийн баг тус улсад ажиллах гурав дахь өдрөө Наньжин хотыг зорилоо. Тус хот нь Бээжингээс 1500 км зайд орших бөгөөд аж, үйлдвэрлэл өндөр хөгжсөн Хятадын томоохон хотуудын нэг юм. Эрт үед Хятадын нийслэл байсан учраас Жин буюу нийслэл гэсэн үгийг төгсгөлдөө авчээ. Энэ үг нь өмнөд нийслэл гэсэн утгатай үг аж. Харин одооны нийслэл Бээжинг хойд нийслэл гэж үздэг байна. Нийслэл хотоос хэдий 1000 гаруй км зайтай ч хүрч очиход тийм ч төвөгтэй биш. Говь-Алтай аймгийн захын сум руу машинаар 24 цаг явж хүрэх хэмжээний энэ газрыг хурдны галт тэргээр ердөө 4:30 цагт туулах аж. Хятад улс хурдны галт тэрэгний зам, өртөө зэргийг гайхалтай сайн зохион байгуулалттайгаар шийдэж өгсөн байна. Их дургүй нь хүрвэл +37 хэм хүртэл халдаг энэ хотын хувьд нийт 8 сая хүн амтайгаар Хөх мөрнийг дэрлэн амьдарцгааж байна.
Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейн гаднах хөшөө
Бидний тус хотод ирсэн зорилго бол Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейтэй танилцах юм. Япон цэргийн арми 1937 оны 12 дугаар сараас 1938 оны 1 сарын хооронд Наньжины хотыг эзлэн түрэмгийлж их хядлагыг явуулжээ. Ингэхдээ “Гурвыг хоослох” гэх бодлого хэрэгжүүлж байжээ. Тэр нь алж, булааж, шатааж дуусгах гэнэ. Япон цэргүүд ердөө 42 хоногийн хугацаанд Наньжины 300 мянган хүний амь насыг хөнөөсөн байна. Мөн 100 мянган хүнийг амьдаар нь булж байжээ. Энэ мэт гунигт дурсамжийг нутгийн иргэдэд үлдээсэн түүхийн талаарх мэдээллийг бид Наньжины их хядлагад нас барсан ах дүүсийн дурсгалын музейтэй танилцахдаа илүү мэдсэн юм.
Музейн гадна нэгэн том хөшөө байх аж. Цамц нь урагдаж, үс нь арзайсан навсархай хувцастай хөл нүцгэн ээж нас барсан хүүгийнхээ цогцсыг дааж ядан тэвэрч гашуудаж буй дүр төрхтэй тус хөшөө нь уг музейн онцлогийг шууд харуулаад өгнө. Үүнээс гадна хөтлөлцөөд зугатаж буй хүүхдүүд, шархдсан нэгийгээ үүрч яваа цэргүүд хүүхдүүдээ тэврээд зугатахдаа өрөөсөн гутлаа гээж орхисон аав зэрэг дүр дүрслэлийг зэргийг музейн гадна баримлаар үзүүлжээ.
Тус музейг 700 сая гаруй юаниар санхүүжүүлж дайны дараахан байгуулж байжээ. Одоо жил бүр урсгал засвар хийдэг бөгөөд Хятадын төрийн зөвлөл хүртэл анхааралдаа авдаг байна. Уг музей нь хэмжээ болон ач холбогдлоороо Хятададаа нэгдүгээрт жагсдаг. Хятад улс өнгөрсөн жил 12 сарын 13-ны өдрийг олон нийтийн гашуудлын өдөр хэмээн зарлажээ. Тиймээс жил бүрийн энэ өдөр нас, барсан ахан дүүсээ дурсан санаж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Музейн хэлбэр нь усан онгоц шиг бөгөөд энэ нь энхтайваныг бэлгэдэжээ. Наньжинчууд япончуудын үйлдсэн хядлагын өдрийг хэзээ ч мартаж болохгүй түүхийн нэгээхэн хэсэг гэж боддог байна. Музей дотор орвол их харанхуй бөгөөд гэрлийг их бүдэг байхар шийдэж өгчээ.
Тухайн үед япон цэргүүд хэвлэлээр худал мэдээллийг зориудаа цацдаг байсан байна. Тухайлбал, япон цэргүүд хятадын ард түмэнд эелдэг, найрсагаар хандаж байна. Цаашлаад хүүхдүүдтэй нь тоглож хүмүүсийг эмчилж байна гэх мэт. Харин амьдрал дээр тэд олон хүний амь насанд хүрч байсан байна.
Хамгийн эхний танхимд том дэлгэц байх бөгөөд түүн дотор их хядлагад амиа алдсан хүмүүсийн зураг 12 минут тутамд ээлжлэн гарах аж. Учир нь их хядлагыг зохион байгуулсан хугацааг цаг минутаар хэмжиж үзвэл 12 минутад нэг хүн нас барсан байна. Дэлгэцийн өмнө зул мэт маш олон бүдэг улаан гэрлүүдийг асаажээ.
Мөн цааш явж нэгэн танхим руу орвол их хядлагыг хэрхэн явуулж байсан талаарх гэрэл зургуудыг байрлуулжээ. Эдгээр зургуудаас харвал тус хотын иргэдийг олноор нь нэг дор хомгорлон устгаж эсвэл амьдаар нь шатааж байжээ. Тухайн үед Хөх мөрний эргээр 100 мянга гаруй хүнийг алсан хэрэг болсон бөгөөд энэ нь хүмүүсийг олноор нь амь насыг нь бүрэлгэсэн хамгийн том хэрэг болжээ. Мөн ард иргэд рүү түрэмгийлэн дайрсан гэж музейн тайлбарлагч хэлж байв. Ингэхдээ хүүхэд, эмэгтэйчүүд болон буу зэвсэггүй энгийн ард иргэдийг хэрцгийгээр хөнөөдөг байжээ. Тухайлбал, охид эмэгтэйчүүдийг хүчиндэх, байшин сууринг нураах, хүмүүсийг тамалж тавлаж алах, олноор нь нэг дор буудан хороох тэр бүү хэл гэдэс дотрыг нь хүртэл гаргаж, дөрвөн мөчийг нь салгах гэх харгис үйлдлүүдийг гаргаж байсан гэнэ. Уг музей дотор нас бараад буй хүүхдүүдийн олон зураг байхаас гадна толгойг нь таслаад аманд нь тамхи зуулгаад шонд өлгөсөн эрэгтэйн зураг гэх мэт нүд халтирам үзвэрүүд байна. Мөн тухайн дайнаас амьд үлдсэн цөөн хүмүүсийн ярьсан дээр үндэслэн тэр үеийн ард иргэдийн амьдралыг тэр чигээр нь дүрсэлсэн ахуйг хийж өгчээ.
Япончууд Нянжинь хотыг эзлээд байх үед хүн алж хүртэл тоглодог байжээ. Музейн тайлбарлагчийн хэлж буйгаар япончууд Нянжин руу дайрах үедээ хүн алах тэмцээн явуулсан байна. 10 минутын дотор хэн нь түрүүлж 100 хүнийг алах вэ гэдэг уралдааныг зарлажээ. Тэгээд хоёр япон цэрэг уг уралдаанд оролцож, нэг нь 105 нөгөөх нь 106 хүний аминд хүрчээ. Тиймээс уг тэмцээнд хэн ялсныг шалгаруулж чадаагүй гэж үзэн дахин тэмцээнийг зарласан байна. Тухайн үедээ энэ хоёр цэргийн талаар Японы сонинуудад үндэсний баатар хэмээн бичиж байжээ.
Хожим дээрх хоёр цэргийг алс Дорнодын шүүхээс цаазаар авах ялаар шийтгэж байжээ.
Тухайн үед япончууд агаараас дайралт хийж бөмбөг хаях, буудах, тэслэх гэх мэт аргуудыг хэрэглэж байжээ. Тэдний хэрэглэж байсан зэвсгүүд ч уг музейд байна. Тухайн үед япончууд төмөр дуулгатай, цэргийн бүрэн тоноглогдсон хувцастай байсан бол Наньжинчууд сүрлэн малгай, хувцас улаан гараараа л тулалдаж байсан гэж музейн тайлбарлагч хэлж байна. Наньжинууд тус музейгээ маш өвөрмөц зохион байгуулалттайгаар байгуулжээ. Нас барсан хүмүүсийнхээ нэрсийг нэгэн танхимын ханаар дүүртэл нь сийлжээ. Нэрийг тойроод ган хавтас байх бөгөөд энэ түүхийн хэзээ ч арилшгүй бат бөх ган шиг зүйл гэдгийг илтгэдэг байна. Бас дайнтай холбоотой олон баримт бичгүүд байх аж.
Мөн их хядлагад амь өртсөн хүмүүсийн ясыг олж яг газар дор оршуулсан хэлбэрээр нь үзвэр болгожээ. Цаашлаад эдгээр хүмүүс биеийнхээ аль хэсэгт шарх авч амь алдсан талаар ч мэдэж авсан байна. Музей дотор бүхэлдээ түгшүүртэй нэгэн ая тоглогдоно. Их хядлага болохоос өмнө Наньжин хот нийт 1 сая 10 мянган хүн амтай байсан. Хядлагын үеэр 500 мянган хүн дүрвэж гарсан бол үлдсэн нь нутаг дэвсгэрээ хамгаалж үлдэж байжээ.
Гэсэн ч тэд тэмцсэний эцэст газар нутгаа хамгаалж үлдэж чадсан байна. Мөн хүнд хэцүү цагт чадлаараа тусалж байсан гадаадын иргэдийн хөшөөг хийж намтарын хамтаар уг музейд дурсгал болгожээ. Мөн их хядлагатай холбоотой бүх баримт бичгийг музейд залсан бөгөөд энэ нь музей нэг ханыг битүү дүүргэх аж. Наньжинууд одоог хүртэл япончуудад дургуй байдаг гэж тэндхийн иргэд ярьж байна.
Их хядлагын дараа Алс Дорнодын цэргийн шүүх болон Дайны гэмт хэрэгтний шүүх уг хэргийг шүүж хэрэгтнүүдэд болон дайныг удирдсан цэргийн жанжинд цаазын ял оноожээ.
Ийнхүү бид их хядлагатай холбоотой түүхийн нэгэн музейтэй танилцахад Хятадын алдарт “Дайны цэцэгс” киног дахин үзмээр санагдав. Хятадууд жуулчид болон гадны төлөөлөгчдөд Чөлөөлөх дайнтай холбоотой түүхийг танилцуулж түүхийн нэгээхэн хэсгийг сурталчилж буйгийн тод жишээ бол энэ.
Төгсгөлд нь дурдахад, нэг тэрбум гаруй хүн амтай дэлхийн том хотын ард түмэн модоо тарьж, их зохион байгуулалттайгаар өдөр бүр хөгжил дэвшил рүү тэмүүлж даруухан аж төрж байна.
Т.ХУЛАН 24TSAG.MN
URL: