Э.Бат-Үүл даргаа та дахин харамсал илэрхийлээд л өнгөрөх үү?

“Автозам цэвэрлэж байгаа ажилчдад гэрэл ойлгодог шар хантаазнаас өөр хамгаалах хэрэгсэл байдаггүй. Тиймээс зам цэвэрлэж байгаа ТҮК-ийн ажилчид жолооч нарт илт харагдахуйц тэмдгийг ойр орчимдоо тавьж ажиллах хэрэгтэй байна” гэж одоогоос хоёр жилийн өмнө Хотын дарга Э.Бат-Үүл хэлж байсныг энд тодотгох нь зүйтэй болов уу.

 

f70e05cf6cfd6ba3original

 

Тэрбээр эл зовинолоо амиа алдсан ТҮК-ийн ажилтны араас эмгэнэл илэрхийлж байхдаа хэлж байсан санагдана.
Гэвч түүнийг ийн хэлснээс хойш даруй 2 жилийн хугацаа  өнгөрч байхад ТҮК-ийн ажилчид гэрэл ойлгодог хувцаснаас өөр хамгаалах хэрэгсэлгүйгээр ажлаа хийж явна. Мөн авто зам дээр, алтан амиараа тахил өргөсөөр байгаа нь хатуу боловч үнэн үг.  
ТҮК-ийн ажилчид гэхээр л соёлгүй, боловсролгүй хүмүүс байдаггүй. Тэд ухамсартай, хотын соёлд суралцсан, нэгнээ хүндэлж сурсан улс. Хөдөлгөөнд оролцож буй машины өмнүүр гүйж, хэнэгч үгүй амиа золигчид биш.
Харамсалтай нь амьд явах баталгаагүй, хамгийн айдас түгшүүртэй ажлыг хийж яваа тэд сагсуу, тэвчээргүй нэгний дугуйны нөхөөс болж хоцорч байгаа нь яахын аргагүй эмгэнэл.

 

Хоёрхон жишээ дурдахад л,  2013 онд Сүхбаатар дүүргийн Тохижилт, үйлчилгээний компанийн ажилтан, 58 настай эмэгтэй ажлаа хийж яваад /наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө/ автомашинд мөргүүлсний улмаас амь насаа алдсан байдаг. Талийгаачийг шөнийн 03.00 цагийн орчим ажилдаа гарч, зам цэвэрлэж байх үед нь хурд хэтрүүлэн давхиж явсан автомашины жолооч мөргөж, ослын газраас зугтсан хэрэг гарч байсан.
Харин 2015 оны  долдугаар сарын 01-нд Баянгол дүүргийн 4-р хороо Ажилчдын гудамж, Гурвалжингийн гүүрэн дээр амины “Toyota Prius” маркын автомашины жолооч Г нь явган зорчигч ХУД-ийн ТҮК-ийн ажилтан 36 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарсан юм.

 

Энэ мэт олон нийтэд мэдээлэгдсэн хэргүүд цөөн ч автомашины осолд орж бэртэж гэмтсэн, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон цөөнгүй ажилчид байдгийг эх сурвалжууд хэлж байна.

 

Юутай ч их хотыг маань цэвэр цэмцгэр байлгахын төлөө үүрийн цолмонгоос үдшийн бүрий хүртэл хөлс хүчээ шавхан ажилладаг шар хантаастнууддаа хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг эрхэм жолооч нартаа уриалж байна.

Харин эрх баригчдын зүгээс хотыг өнгө үзэмжтэй байлгахаар мэрийн ажиллаж байгаа ТҮК-ийн ажилчдын амь насыг даатгалд хамруулаад орхих бус автомашины осолд дахин өртөхгүй байх талаас нь дорвитой ажил зохион байгуулах шаардлагатай байна.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих