Уух уу, болих уу?

Оросын “Men`s Health” хэмээх эрчүүдэд зориулсан сэтгүүлд нийтлэгдсэн Дима хэмээх жирийн залуугийн түүхийг товчлон орчуулснаа  хүргэж байна. Залуучууд уншаад нэгийг тунгаах болов уу гэж бодлоо.

Уух уу, болих уу?

Эр хүн, архи хоёрын хооронд байнга болдог хэцүүхэн ярианы эхлэл. Уг нь сайхан уучихмаар л байдаг, гэтэл үр дагавар нь… Ингэхлээр уух уу, байх уу?

1(46)

Миний аав архичин хүн байлаа. Хэрвээ танай аав тийм биш бол би танд маш их атаархаж байна. Гэхдээ “миний аав архичин” гэж хэлэхэд хүнээс маш их эр зориг гардгийг би өөрийн биеэр үзэж байна. Аав маань бараг 15 жилийн турш (өөрөөр хэлбэл намайг өсөж, хүүхэд насаа орхиж, эр хүн болох хугацаанд гэсэн үг) өдөр бүр архи, дарс, пиво, эсвэл самогон уудаг байсан. Ингэж мансуурч байгаа хүн гэр бүл, хүүхдүүддээ ямар нэгэн анхаарал халамж тавьж чадахгүй нь ойлгомжтой. Тавихыг хүсдэг ч үгүй байсныг би сүүлд нь ойлгосон юм. Нээрэн мансуурчихаад л аливаа асуудлаас “бултаад” байх боломж байхад…?

Тиймээ, энэ бол нийгмээс хүлээн зөвшөөрсөн асуудлаас зугтах нэг арга байсан юм.

49 настайдаа, намайг цэргээс халагдаж ирсний дараа жил аав маань элэгний цирроз өвчнөөр өөд болов. Их удаан шаналж билээ. Эмнэлэгт байхад нь би эргэж очдог байлаа. Хувцас хунарыг нь сольж, асарч сувилдаг байв. Аав маань гол тасартлаа өөрийнхөө байр байдлыг огт ойлгохгүй байсан юм. Харин би түүнийг өвчинтэйгээ тэмцэхгүй байгаад, амьдралд буцаж ирэхийг хүсэхгүй байгаад нь уур хүрдэг байв. Түүнийг ганц удаа ч болов эр хүн шиг байгаасай гэж хүсдэг байлаа. Өдий олон жил надад үгүйлэгдсэн, үлгэр дууриал болох эр хүний чанар түүнд байхгүй гэдэгт би итгэж чадахгүй байлаа. Хүсэх л юм бол аав минь жинхэнэ эр хүн шиг байж, ямар ч өвчнийг ялж чадна гэж горьдсоор байв. Гэвч тэр чадсангүй, өөрийгөө л өрөвдүүлэхийг өмнөө барина… Харин би архи уудаг хүн амьдрах хүсэл ч үгүй, чадал ч үгүй болдог гэдгийг ойлгохгүй бухимдан уурладаг байв.

Архи уудаг хүн яагаад ч жинхэнэ эр хүн байх боломжгүй.

Яагаад гэвэл архи түүний чадал тэнхээг хайлуулж, эрч хүч, цаг хугацааг нь сорон авна. Эрч хүчгүй, чадал тэнхээгүй, цаг хугацаагүй эр хүн юу болох вэ?

Залуу явахад нь уух, амьд явах, жаахан ажиллах эрч хүч нь хүрэлцдэг бололтой. Хэдэн жилийн дараа байдал эрс өөрчлөгдөнө. Онцлог нь «Зогс, одоо болно» гэж хэлэхийг хүлээн авч чаддаггүй. Ингээд миний аав үгүй боллоо. Би түүнд «баярлалаа» гэж ердөө хэлээгүйгээ одоо л ойлгож байна. Миний аав байсанд нь, намайг төрүүлсэнд нь. Архинаас болж суларсан муу аавдаа дэндүү өндөр шаардлага тавьж байснаа одоо л ойлгож байна.

Харин би архинд хэрхэн ханддаг вэ?

18 хүртлээ, аавыгаа хэрхэн уруудаж байгааг хараад балга архи ч амандаа хийхгүй гэж өөртөө тангараг тавьж байлаа. Найз нөхдийнхөө шоолох, уруу татахыг үл тоон хэлсэндээ хүрэх гэж мэрийдэг байв. 18 настайдаа нэг охинд уруу татагдаж шампаск ууж билээ. Жилийн дараа гэхэд найзууддаа амаа асуулган дарс, пиво, архи бүр самогон хүртэл ууж үзлээ. Дараагийн 14 жилд спиртний ундаагүйгээр амьдралаа төсөөлөхгүй болов. Гэхдээ арай ч аавынхаа замаар ороогүй л дээ. Би зориг орохоор, тайвшрахаар, хөгжилдөхөөр, цөг нөгцөөхөөр, хоолоо шингээхээр уудаг байв. Энэ бүгдийгээ би асуудал гэж огт бодохгүй явлаа.

Нэг өдөр би өөртөө асуулт тавилаа. Уг нь 14 жилийн өмнө тавих ёстой байсан асуултууд.

1) «Архи надад юу өгч байна?»

2) «Би яах гэж ууж байгаа юм бэ?»

3) «Архи хэрэглэхгүйгээр зорилгондоо хүрч болдоггүй юм уу?»

Ингэж өөрөөсөө асуугаад би маргааш нь архийг хаясан юм. Үүрд.

4 жилийн дараа миний олж мэдсэн зүйлс:

1. Архи, дарс, пивогүйгээр амьдарч болно. Бүр ингэж ч амьдрах хэрэгтэй.

2. Миний амьдрал ямар ч байсан муудсангүй.

3. Жинхэнэ найзууд маань өөрчлөгдсөнгүй. Харин өнгөц хандлагатай зарим нь нийлэхээ больсон.  Жишээ нь, уух сонирхолтой охид одоо намайг сонирхохоо байсан. Оронд нь бүжиглэх, зугаалах, зүгээр л ярилцах хүсэлтэй охид нааштай хандах болсон. Энэ муу зүйл гэж үү?

4. Архинд зарцуулдаг байсан мөнгөө би өөр ашигтай зүйлд хэрэглэдэг боллоо.

5. Архи ууж, шартан дэмий үрдэг байсан цагаараа шүлэг, өгүүллэг бичин хэвлүүлэх болов.

6. Хамгийн гол нь би асуудлаасаа зугтахаа больсон. Ер нь асуудал тулгарахад: эцэс төгсгөлгүй шаналах, асуудлыг шийдэх гэсэн хоёрхон л зам бий. Эхнийх нь архичин хүний зам учир би сонгохгүй, ингээд надад асуудлыг шийдэх гэсэн ганц зам л үлдэнэ. Асуудлаа шийдэж сурсны дараа өөртөө хэлж баршгүй ихээр бахархах сайхан мэдрэмжийг амсаж чадаж байгаадаа баярладаг.

Архинаас гарч эхэлж байх үед маань нэг эрхэмсэг хүн: «Дима, чи ингэж өөрийгөө зовоож яах нь вэ? Зүгээр л дээд зэргийн сайн архи дарс уугаад байхад яах ч үгүй» гэж хэлж байж билээ. Дараа нь хараад байхад тэр хүн миний аав шиг л дууссан. Ийм жишээ амьдралд мундахгүй олон.

Эмэгтэй хүн “бага зэрэг жирэмсэн” гэж байдаггүй биз дээ? Түүн шиг “жаахан уудаг” гэж хэзээ ч байж болохгүй.

Миний эцсийн дүгнэлт: Жинхэнэ эр хүн гэж архи уудаггүй эр хүнийг л хэлнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих