Диплом гардуулах ёслолдоо морь унан, үндэснийхээ хувцсаар гоёжээ
Бизнесийн их сургуулийг төгсөгч Артына Сылдыс хэмээх Тува залуу диплом гардуулах ёслолын ажиллагаандаа цагаан морь унаж, үндэстнийхээ хувцсаар гоёжээ.
«Энэ санаа надад өнгөрсөн жил төрсөн юм. Тэр үед нутаг нэгтнүүд маань бүгд Европ зүгийнхний хувцас болох хар костюм өмссөн байсан. Энэ үед би миний эх орон болох Тува хэрхэн өв соёлоо авч үлдэхий тулд хичээн зүгтгэж буй талаар санасан юм. Түүнчлэн би өв соёл, уламжлалаараа ямар их бахархдаг болохоо харуулахыг хүссэн юм” гэжээ.
Энэхүү үйл ажиллагааны бэлтгэл түүний хувьд бараг хагас жил үргэлжилсэн байна. Үндэсний хувцсыг нь эх оронд нь оёсон бол цагаан моринд эмээллэсэн мөнгөн тоногтой эмээл хазаарыг түүний Тувадаа нэртэй малчин ах нь өгсөн гэнэ. Оюутан залуу орчин тойрондоо аюул учруулахгүйн үүднээс хэт хутга, гал гаргах хэрэгсэл зэргийг авч яваагүй, орхисон аж.
«Манай оюутны байр төв байрнаас нэг замын цаана байдаг. Би морио унаад гэрлийн дохионд ойртож ирэхдээ би чадах болов уу, би зөв юм хийж байна уу, үгүй гэж өөрөөсөө асуусан. Учир нь эхлээд би морио эмээллэж байхад эргэн тойрны хүмүүсийн сөрөг хандлагыг мэдэрсэн. Гэвч, үндэснийхээ хувцсыг өмсөөд гараад ирэхэд энэ байдал шууд өөрчлөгдсөн. Би бусдаас ялгарах гэж, хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх гэж ийм зүйл хийгээгүй юм шүү. Би зүгээр л, өөрийн “бага” эх орон болох Туваг ямар их хайрладаг, хүндэлдэг болохоо харуулахыг л хүссэн юм» гэсэн байна.
Оюутан залуу хэлэхдээ, эх орон нь болсон Тува улсаа юуны түрүүнд цэвэр онгон хүрээлэн буй орчинд нь хамгаас их хайртай бөгөөд цаашид энэ л улстайгаа өөрийн амьдралаа холбохыг хүсч байгаагаа ярьсан байна. «Хувь заяа намайг хааш нь ч шидсэн би дэлхийд хосгүй өв соёлоо дэмжиж, хөгжүүлэх олон төлөвлөгөө, төслийн санаа надад бий” гэж тэрбээр хэлсэн байна.
Times.mn
URL: