Аймшигтай уламжлалт зан үйлд төгсгөл ирэв…
Нигер улс эрт дээр үеэс уламжлан ирсэн зэрлэг балмад уламжлалаасаа татгалзахаар шийджээ. Саяхан тус улсад удаан хүлээгдсэн эмэгтэй хүнийг “хөнгөлөх” уламжлалыг хуулиар хориглосон байна. Энэхүү, зэрлэг балмад зан үйл нь Мусульман шашинтай Африк улс орнуудад, мөн Ази тивийн зарим бүс нутагт өргөн тархсан байдаг ажээ. Гэтэл Эмэгтэй хүний хэлүүг нь тайрч авах энэ зан үйлийн Коран сударт нэг үг ч дурдаагүй байдаг бөгөөд түүхчид исламын шашин дэлгэрэхээс өмнөх үетэй холбоотой байсан гэж үздэг байна. Энэ мэс ажилбарын талаарх анхны эх сурвалжууд эртний Египетийн гар бичмэлээс олдсон байдаг хачирхалтай. Өнөөдрийн байдлаар дэлхийд 130 сая гаруй охид, эмэгтэйчдэд ийм төрлийн мэс ажилбарын золиос болсон байдаг гэнэ.
Энэ оны 5 дугаар сард уг хуулийн төсөл парламентын гишүүдийн дэмжлэгийг авч, Нигерийн ерөнхийлөгч хоёр долоо хоногийн дараа гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ.
Эмэгтэй хүний гадна бэлэг эрхтнийг хэсэгчилэн болон бүтэнээр нь авдаг энэ мэс заслыг анагаах ухаанд зааснаар зайлшгүй хийхээс аргагүй болсоноос бусад тохиолдолд хийхийг хориглосон байна.
Ийм хууль гарсан нь дэлхийн томоохон олон улсын байгууллагуудын талархалыг хүлээгээд зогсохгүй энгийн ард иргэд ч талархалтай хүлээж авсан байна.
НҮБ-ын Хүүхдийг ивээх сан Нигерийн энэхүү санаачлагыг сайшаан хүлээж авсан юм. Учир нь тус улс Африк тивдээ том, нөлөөтэй улсын нэгээр тооцогддог ажээ. ЮНИСЕФ-ээс гаргасан судалгаагаар бол өнөөдөр дэлхий дээр ийм төрлийн мэс ажилбарын золиос болсон 100-140 сая охид, эмэгтэйчүүд амьдардаг байна. Тус байгууллага эмэгтэйчүүдийг “хөнгөлөх”-ийн хор хөнөөлийг ойлгуулахын тулд маш өргөн хэмжээний кампанит ажлыг олон жилийн турш санаачлан явуулсаар иржээ. Ийнхүү хүчин чармайлт гаргасныхаа ачаар насанд хүрээгүй охид ийм төрлийн балмад зан үйлийн золиос болох эрсдлийг 30 хувиар бууруулж чадсан байна. Хамгийн аймшигтай нь эм бэлэг эрхтний ийнхүү авах мэс ажилбарыг бүр хүүхэд насанд нь хийдэг байна. Үүний уршгаар эмэгтэй хүн насан туршдаа зовж шаналдаг ажээ. Түүгээр барахгүй, ийм мэс ажилбар хийлгэсэн эмэгтэй хүн бэлгийн ажил хийх үед ямар ч таашаал, сэрлийг мэдрэх боломжгүй болдог байна. Эрүүл мэндийн хувьд ч маш олон гаж нөлөөг дагуулдаг бөгөөд мэс ажилбарыг хийлгэсний дараа эмэгтэй хүний аарцагны орчмын олон төрлийн өвчин үүсэх эрсдэл хэд дахин өсч, шээс боловсруулах эрхтний халдвар авах, шарх буглаа үүсэх, жирэмслэлт, төрөлтийн үеийн хүндрэлүүд, түүнчлэн үргүйдэлд хүргэх маш өндөр эрсдлүүд үүсдэгийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаа анхааруулсаар байгаа юм.
Жендерийн тэгш байдлын төлөө идэвхтэй тэмцэгч, Олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын удирдагч Стелла Мукаса дээрх хуулийг баяртайгаар хүлээн авахын сацуу, “Дан ганц хууль гарснаар бүх асуудлыг таслан зогсоож чадахгүй юм. Хамгийн гол нь орон нутгийн иргэдийн дунд амь бөхөн оршиж байгаа энэ зан үйлийг тэдний зүрх, сэтгэлд гүн нөлөөлж байж л таслан зогсоож чадна. Ингэхийн тулд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн соёлыг өөрчлөхийг оролдох нь хамгийн чухал юм” гэжээ.
Орчуулсан С.Маргад-Эрдэнэ
URL: