Жил бүхэн шинэчилдэг явган хүний зам

Бид нэг бодлын их завтай, хөрөнгөтэй улс орны иргэд. Явган хүний замаа жил бүхэн шинэчилж, өнгөрсөн жил тавьсан замаа энэ жил хуулж, дахиад л хийнэ. Уйдна, залхуурна гэж байхгүй.

5e644161f6254159original

Гэхдээ хотын төв тойрсон явган хүний хэдэн замаа л хуулж, дахиад тавина уу гэхээс өөр газарт явган хүний шинэ зам тавина гэсэн ойлголт байхгүй. Гэр хороололд явган хүний өнгөлгөөтэй хавтан зам тавина гэвэл харин ч нэг ёсонд хазгай юм болно. Тэнд“хүмүүс” биш“хүн” амьдардаг учраас явган хүний өнгөлгөөтэй хавтан, гоё зам тавих шаардлагагүй гэж ч үздэг юм шиг байгаа юм. Харин хотын төвөөр бол хүмүүс явдаг, гадна дотнын хүмүүс ихээр цуглардаг учраас өнгө үзэмж сайтай байхгүй бол болохгүй гэх үзлээр жил бүхэн явган хүний замыг нь шинэчилдэг. Хамгийн гол нь энэхүү замын шинэчлэлд зарцуулж байгаа мөнгийг иргэд та бид татвараараа төлдөг гэхээр л шударга бус санагдаад байгаа юм. Хотын төвийн явган хүний өнгөлгөөтэй хавтан замыг төдөн жилийн хугацаанд ашиглаж, шинэчилнэ гэсэн дүрэм журам байхгүйгээс хойш хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд хавтангаа шахаж шинээр зам тавиулж суудаг ч гэх.

Зарим нэг нь үйлдвэрийнхээ шинэ бүтээгдэхүүний чанарыг шалгахын тулд тухайн жилийн бүтээгдэхүүнээрээ шинэ зам тавьдаг гэнэ. Мөнгө нь замын хавтан нийлүүлж, тушаал гаргаж байгаа хүмүүсийн халааснаас гараагүй болохоор нийслэлийн план зураг дээр нүдээ аньж байгаад ч хуруугаараа дарсан газартаа зам тавьдаг ч гэх. Худал байгаасай хэмээн хүснэм. Гэхдээ хэлэхгүй байж болохгүй ганц үнэн гэвэл өнгөрсөн жил тавьсан замыг хуулж, энэ жил дахиад л шинэ зам тавьдаг явдал сүүлийн хэдэн жил давтагдав. Нийслэлд явган хүний замын урт тэгтлээ нэмэгдээгүйгээс харахад бүтээн байгуулалт хийсэн гэж хэлэхэд их л хэцүүхэн юм билээ. Хуучнаа хуулаад шинийг тавиад л байгааг нь бодохоор завтай, мөнгөтэй улсын зугаа ч юм шиг Нийслэлийн удирдлагууд шиг завтай, мөнгөтэй хүмүүс л ингэж зугаацдаг бололтой.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих