УИХ-ын дарга Тэргүүн шадартай усанд шумбажээ

-Улстөрчдийн зугаалга-

Зуны эхэн сараас эхлэн Төрийн ордон “чимээгүй хот” шиг болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Харин өчигдөр л Монголч эрдэмтэд шаргал ордны жаврыг үргээж, жаахан ч гэсэн салхи оруулах шив. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаан завсарласныг мэдэгдэв үү, үгүй юу алх тогших чимээтэй зэрэгцэн гишүүд нутаг нутгийн зүг төмөр хүлгийн хурд мэдэн, хэзээний л боодог, айраг эргүүлж эхэлсэн.

Уг нь түшээдийн албан ёсны амралт энэ сарын 1-нээс эхлэх ёстой ч, аль зургаадугаар сараас хойш ажлын талбартаа үзэгдэх гишүүд нүдний гэм болсон. Зарим нь ч бүр аялал, зугаалгадаа алжааж, төв бараадах болсон дуулдана. Гэхдээ ч энэ зуны тухайд, 11 аймгийн ой тохиож байгааг ч хэлэх үү, найрнаас найр, наадмаас наадам хэсэн, ёстой л эх оронтой юм шиг тэнэцгээж байх шив. Энэ зуны зугаалгын салхийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Очирбат, Л.Гүндалай, Ц.Даваасүрэн нарын 10-аад гишүүн Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл далайгаас эхэлж, аймгийн ойд нь оролцоод ирсэн.

Харин Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягын хувьд, зундаа эх орныхоо үзэсгэлэнт байгалиар аялж алжаалаа тайлдаг хоббитой нэгэн. Тэрбээр энэ зун ажил амралтын далимд эх орныхоо зүүн хязгаар нутгаар орж, говийн аймгийн малчдын ахуй амьдралтай танилцан усан хилээ эргээд ирсэн. Харин ирсэн даруйдаа нутгийнхаа наадамд төрийн өндөрлөгүүдийг төлөөлөн оролцсон бол буцах замдаа төрсөн нутагтаа амралтаа өнгөрүүлж мөн л шинэ аяллын маршрут зохион буцаж яваа гэнэ.

Очсон бүхний анхаарлыг татаж өвчин зовлонгоос илааршуулдаг гэх Хяргас нууранд Тэргүүн Шадар сайд Их хурлын дарга Д.Дэмбэрэлийн хамт усанд шумбаж нутгийнхаа үзэсгэлэнт байгалийг гайхуулан хоёр ч хоног саатсан аж. Зэргэлдээ нутгаас төрсөн төрийн эрхмүүд амралт ажлыг хамтдаа хослуулан баруун хязгаар нутгийн малчдынхаар бууж саатсан шигээ явж нутгийн иргэдийн ахуй амьдралтай танилцсан байна. Тэр болгон үзэгдээд байдаггүй хоёр өөр намаас угшилтай эрхмүүд хамтдаа явж ард түмнийхээ ахуй амьдралыг сонсон, амарч яваад нутгийн иргэд ч талархалтай хандаж буйгаа ч нуугаагүй байна.

Тэргүүн Шадар сайдын нутагт тухалсан Их хурлын дарга тэндээсээ буцаж Хөвсгөлийг зорьж байгаа бол Н.Алтанхуяг сайд замаараа Завхан, Архангай аймгаар ороод энэ долоо хоногийн сүүлчээр Улаанбаатарт ирэх ба энэ сарын 15-наас ажилдаа орох гэнэ. Мөн УИХ-ын гишүүн Д.Энхбат, Б.Батбаяр, Г.Баярсайхан нарын гишүүн хотоос зайдуухан гэр бүлээрээ салхилж яваа аж. Харин Ж.Энхбаяр гишүүн олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай хаяа дэрлэн орших хоёр давхар хаусдаа алжаал юугаан тайлсан шигээ амарч байгаа дуулдана.

Тэдний ойр хавьд төрийн томоохон албан хаагчдын зуны байшингууд зүсэн бүрээрээ алгалах юм билээ. Түүнчлэн энэ удаагийн УИХ-д хамгийн олон удаа асуулт тавьж, хамгийн удаан ярьж, хамгийн их хуруугаараа занган мэдэмхийрдэг, товчхондоо хэлэмгий доломгойгоороо хоёр дахь удаагаа тэргүүлсэн Н.Ганбямба гишүүн тойргийнхоо айлуудаар “бадарчилж” яваа сурагтай. Тэрбээр өнгөрөгч чуулганы хугацаанд л гэхэд, 84 удаа ам нээж “ангийн нөхөд”- өө тэргүүлжээ.

Түүний араас Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт нар жагссан ч үг хэлсэн тоогоороо түүнийг бараадахгүй. Харин УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Бямбацогт, Ц.Сэдванчиг нарын хувьд, шаргал ордноор хааяахан эргэлдэж, хэвлэл мэдээллийн тэргүүн нүүрнээ үнэ төлбөргүй рекламны пауз авсан шигээ, цагийг үр дүнтэй өнгөрүүлж сууна. Харин гадагшаа, дотогшоо явж галуу, шувууны мах эргүүлэх гишүүн цөөн байгаа бололтой.

Одоогоор Кёкюшүзан.Д.Батбаярын нэр л сонсогдож байна. Харин нэр бүхий гишүүдийн тухайд, тойргийнхоо амралт, сувилалд нарласан шигээ зугаацаж явна. Тухайлбал, Д.Хаянхярваа, Д.Дашдорж, Д.Дамба-Очир, Б.Балдан-Очир, Х.Бадамсүрэн нарын гишүүн юм. Тэгэхээр парламентын чимэг болсон цөөн шингэн хоолойтнуудын төлөөлөл болсон бүсгүйчүүд хаана явна вэ. Ямартай ч УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Оюунхорол нар тойрогтоо саатаж буй бол С.Оюун гишүүний хувьд халуун ам бүлээрээ Яргайт дахь зуслангийн байрандаа зуншиж байгаа аж.

Мөн хаврын чуулганы хугацаанд хамгийн их олны анхааралд байж, хэл аманд өртсөн гишүүд хаана, юу хийж яваа нь мэдээж сонирхолтой болов уу. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр эксийн эзгүй сиймхийг ашиглан “Хамуг Монгол” эвсэл байгуулан, сонгуулийн зам мөрөө засах болж. Бас болоогүй ээ, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд “Монгол хэвлэл” компанийн байрыг түрээслэн эвслийн хэдэн нөхөртөө ажлын байр гарган өгчээ.

Дашрамд өгүүлэхэд, хаврын чуулганы хамгийн “Гул Аранжин” гишүүнээр түүнийг тодруулсан аж. Тэрбээр чуулгандаа суулгүй гадуур ажил хөөцөлдөн, шалтгаангүйгээр хамгийн олон цаг тасалсан байна. Түүний рекорд амжилт 94 цаг 30 минут хүрчээ. Өөрөөр хэлбэл, 19 өдөр чуулганы нэгдсэн хуралдаанд суугаагүй гэсэн үг. Мөн Улсын прокурорын ерөнхий газраас гурвантаа “зарлан дуудах” гардаад буй Д.Дондог гишүүн нутагтаа хүрч, хийморь лундаагаа сэргээж яваа сурагтай.

Мөн Авлигатай тэмцэх газарт албан тушаалаа хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр шалгагдаад буй УИХ-ын гишүүн Х.Наранхүү цагаа, ногоо бараадан нутгийн зүг явсан дуулдана. Тэгэхээр намрын чуулганы “хонх”-той давхцан УПЕГ-аас түүнд “зарлан дуудах” хүргүүлэх талаар эх сурвалж мэдээлж байсан. Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд иймэрхүү сонин хачинтай амарцгааж байна.

О.Мөрөн http://www.niigmiintoli.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих