Ханасан хөгжил рүү тэмүүлэгч Өвөрлөгчид

527-1435892442bcfc681444d5438a8d994cce1f88f548Хил хязгаар нээлттэй болсон цагаас хойш монголчууд нийтээрээ гадагш явж л байдаг. Ирж л байдаг. Гадаад паспорт авах гэж “арын хаалга”-ддаг цаг түүх болсон шиг бидний хэн нэгэн харийн хөгжлийг гайхширч шагширахаа байчихсан цагт энэ удаагийн аян замын тэмдэглэлээ сийрүүлж сууна. Юуны өмнө сэтгүүлч хүн үзсэн харснаа бусадтай хуваалцах үүрэгтэй, тэр дундаа албан шугамаар аялах-ажиллах явцад хүн бүрийн өмнө нээлттэй байдаггүй тухайн орны нарийн ширийнийг нь үздгийн хувьд уншигч олондоо тайлагнах нь миний ажил хэмээн ойлгож энэхүү тэмдэглэлээ буулгаж байгаа маань энэ.
ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар өнгөрсөн оны өдий үед тус орны хэд хэдэн аймаг, хотоор аялж байжээ. Тухайн үед үлээх төдийд найгалзах нано технологиор бүтсэн цахилгаан дамжуулах утасны үйлдвэрлэл хэрэглээ болсон тухай, хүний илүүдэл өөхнөөс гоо сайхны бүтээгдэхүүн гарган авч болдог тухай, дөнгөж төрсөн хүүхдийн эрүүл эсийг хадгалж, аль ч насанд ер ганц удаа аюулт өвчнөөс  ангижруулах чадвартай лаборатори байдаг тухай, хүлэмжэн дэх усан мандалд хүнсний ногоо тариалж өндөр үр ашиг авч байгаа тухай, ямба эдлүүлж эдлүүлчихээд зургаан сар хүрмэгц нь нядалгаанд оруулдаг хонины фермерийн аж ахуйг хөгжүүлж буй тухай гээд нүдээр үзэж, чихээр сонссон олон зүйлийг өнгөрсөн жилийн “Их боломжуудын өмнөх Өвөрмонгол” тэмдэглэлдээ багтаажээ.
Өмнөх аялалаараа 7 хоногийн дотор 2000 гаруй км замыг туулж, тус орны салбар салбарын хөгжил дэвшлийг үзэж өнгөрүүлсэн бол энэ сарын 13-17-ны өдрүүдэд Эрээн-Хөх хот-Улаанцав-Шилийн гол-Эрээн чиглэлд нийт 1600 км газрыг МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг 7 хоног тутмын “Хүмүүн бичиг” сонины сэтгүүлч сурвалжлагчдын хамт тав хоногт туулаад ирлээ. Аяллын маань зорилго тус орны адил төстэй буюу уйгуржин монголоор хэвлэдэг сонин сэтгүүлийнхний ажил байдалтай танилцах, туршлага солилцох, хамтын ажиллагааны холбоо хэлхээ тогтоох явдал байв.
Аялалд гарахын өмнө гарчиг ямар байх тухайд бодож байсан ч хараахан онож өгч чадмааргүй байсан тул мэдрэмжиндээ найдахаар шийдэв. Өмнөх тэмдэглэлийнхээ гарчгийг аялал өндөрлөсний дараа олж ихэд олзуурхан нэрлэж байлаа. Харин энэ удаагийн гарчгаа аяллынхаа дундуур буюу Хөх хотоос Улаанцав орох замд “барьж” авсан юм. Арай тодорхой хэлбэл, харалдаа гурван уулыг нүхэлж хонгил тавьсан байхыг хараад ийн гарчиглах санаа төрсөн. Хэвлэл мэдээллийнхэний онолд гарчиг ямар байхаас нийтлэл нэвтрүүлгийн “хувь заяа” шийдэгддэг гэдэг болохоор гарчгийн тухайд онцолж нуршсан юм шүү.
Эхлэлд нэмэрлэх үг
Аяллын баг Эрээнд галт тэргээр хүрсэн. Хилийн хяналт шалгалт давлаа. “Хүмүүн бичиг” гэсэн бичиг нүдэнд туссан нь биднийг угтах хөтөч нар аж. Хорь орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр зэрэгцэн зогсох ба эмэгтэйг нь Хараацай, эрэгтэйг нь Гэрэлт гэнэ. Тэр хоёрын дэргэд зогсоо нас ойролцоо залуу бол Эрээн хотын Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Хассүмбэр. Өнгөрсөн жилийн аялалын буцах тасалбарыг хөөцөлдөж, их хүч тавьсан хүнийг мартаж яахан болно. Харин шинээр танилцаж буй залуус бол ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнүүд аж.
Тэд их залуу юм. Хожим өөрсдөөс нь ийм өндөр албанд хэрхэн орсон тухайд сонирхоход “Сонгон шалгаруулалтаар тэнцсэн” гэх хариултыг сонссон. Мэдээж хятад хэлэнд ус цас биз. Кириллээр уншиж бичиж байна. Гэхдээ дармалд нь илүү сайн юм билээ. Бас англи хэлтэй. Их даруу, хэрэгтэй цагт мэдсэн сурснаа гаргадаг сүрхий залуус байна лээ. Аялалд явж байгаа улс байна, жинс өмсч болно доо, хөдөө гадаа явж байгаа нь энэ гээд амралтын байдалтай хувцаслахгүй юм. Ажил бол ажил л гэнэ шүү. Өнгөрсөн жилийн аялалын хөтөчөөр ажилласан Баянжаргал ах, Люжин хоёр ч гэсэн мөн ялгаагүй 7 хоног албан маягийн хувцастай явсаар аялалыг өндөрлөж байсныг саналаа.

URL:

Сэтгэгдэл бичих