Биш ээ биш, бүүр биш болчих гээд байна
Тухайлбал, хүн хэмээх бодьгал энэ хорвоод төрөх эс төрөх нь тохиолдол мөн биз. Төрж болно, төрөхгүй байж болно. Харин нэгэнт төрсөн л бол үхнэ, хэзээ ч магадгүй. Хүссэн ч эс хүссэн ч үхнэ. Үхэл, үхэл, бас дахиад л үхэл. Үхэл ингэж хүмүүн биднийг амсхийх завгүй гөрөөлж тав тух алдуулна. Гэвч хүн гэдэг тийм амархан гараа өргөх амьтан биш бололтой. Хүн бүхэн үхэх үйлтэй төрсөн ч үхэхгүй гэж өөрийгөө чадан ядан хамгаалж үхлээс зугтаана.
Хоол, хувцас, орон байр, нийгэм соёлын хангамж, үйлдвэр худалдаа, үйлчилгээ тэргүүтнээр хэрэм цайз босгон түүний нөмөрт нуугдаж насаа нэмж, улам улмаар урт наслан амьдарцгаана. Тэр талаас нь харваас үхэл нь хүн төрөлхтнийг хөгжил дэвшлийн замаар нүүр нүдгүй шавхчин туудаг улс нийгмийн хөгжил дэвшлийн буухиа галт тэрэг мөн гэмээр.
Хүн хэрвээ мөд үхдэггүй, үхлээс айж оюун сэтгэхүйгээ тэгтэл дайчлан ашиглаагүй юмсан бол хүмүүс зөвхөн амьтад л байх байсан буй за. Харин монгол хүний хувьд бол бусад үндэстэн ялангуяа европынхон шиг үхлээс ухаан алдтал айгаад байдаггүй. Ер нь ихээхэн хэнэггүй хүмүүс. Тиймээс монголчууд архидна. Тамхи татна. Залхуурна. Бас хөөрхөн арга зальтай.
Нүүдэлчин маягийн хэцүү хүнд нөхцөл нь нэмэрлэж тэдний амьдралыг баахан хэврэгшүүлнэ. Тэгээд л хэврэгшиж ядарсан хөөрхий тэднийг мөнөөх айхавтар үхэл нь авах гэсэн цагтаа төвөггүйхэн л аваад явчихна. Монгол хүмүүс ерөнхийдөө ингэж харьцангуй богино настай болсон байж мэднэ.
ЭХ ОРНЫ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛ ТАТВАР ДЭЭР ТОГТОНО
Монгол хүний амьдралын батжил ийм эмзэг хэврэг гэхийн ялдамд үхэл шиг зайлшгүй ирдэг нэг албадлага байдгийг нэмж хэлье. Үхэлтэй адилтгаж болох тэр сүрхий албадлага бол ердөө л татвар. Хүн нэгэнт төрсөн л бол татвар заавал төлдөг. Арга зальтай гэж алдаршсан монгол хүмүүс бид яаж ч чадахгүй төлж л салдаг байгаа юм.
Дуугаа хадаан хорвоод мэндэлж уураг сүүгээ амлаж, өлгий даавуугаа сольж эхэлсэн тэр л цаг мөчөөсөө зуун насыг зооглож, зургаадай таяг тулсан ч хамаагүй эцсийн амьсгал хураах мөчдөө хүртэл насан турш татвар төлнө гээч. Хүссэн ч төлнө, хүсээгүй ч төлнө. Аяга цайгаа ууж, зүсэм талхаа зооглохдоо, гоё сайхан гутал хувцас авч өмсөхдөө, архи дарс шимж, төө цагаан соруултай гансанд галзуу улаан тамхиа нэрж суухдаа, тэр байтугай боловсон жорлонд бие засч ус татахдаа ч түүний үнэ хөлсөнд шингэсэн татварыг дургүй байвч яалт ч үгүй төлж л суудаг.
Хүмүүн бидний ахуй амьдралыг ёс суртахуунлаг талаас нь харвал хайр дээр тогтдог гэлцдэг нь үнэн. Харин бодьтой орших материаллаг талаас нь харвал улс эх орны эрх чөлөө, тусгаар тогтнол нь яалт ч үгүй мөнөөх татвар дээр тогтдог нь бас үнэн. Монголын гурван сая хэрэглэгч цөмөөрөө адилхан татвар төлөгч байдаг. Хэчнээн хүнд бэрх амьдралтай ядуус, эсвэл овжин арга зальтай нэгэн байлаа ч ганц ширхэг талх авахдаа татварыг нь төлөхгүй үлдээгээд зөвхөн талхыг нь дангаар нь аваад гаръя гэж болохгүй юм чинь.
1000 төгрөгийн үнэтэй ганц талх авснаараа тэр хүн ерөнхийлөгчийг, төрийн аль нэг түшээг, эсвэл хаа нэг газрын багш эмч, шоронгийн хуяг, баг сумын даргын цалинд нэг төгрөгийн тэг бүхэл тэрбумын нэгийн дайтай ч юм уу түүнээс их буюу бага хэмжээний татварын мөнгө нэмэрлэж байгаа агаад харин түүнийг нэг бүрчлэн бүртгэж мэдэх боломжгүй.
Гэвч төрийн албаны хүмүүсийн цалин болон албан томилолт, утас, машины зардал зэргийг хамжин төлж-байгаа нь л мадаггүй үнэн юм. Тэгэхгүй гэвэл талх идэхгүй, гутал хувцас ч өмсөхгүй, машин тэрэг ч унахгүй, тэр байтугай хадны агуй бараадахгүй бол орон байр ч олдохгүйд хүрч таарна. Улс гүрний тухайд хэрэвхүйеэ татвар төлөхгүй бол наад зах нь төр засаггүй, цэрэг цагдаагүй болно. Татвар гэдэг чинь иймэрхүү л урт чацтай, их бяр тэнхээтэй, хатуу тушаалтай захирагч юм.
Үнэхээр ийм ач тустай учраас татвар ба хүний үхэл, хүн гурав нэгэн ээжээс ихэрлэж төрдөг хамсал ертөнц мөн. Энэ үнэнийг нийт нийгмээрээ ухамсартай хүлээн зөвшөөрөх ёстой. Ингэхгүйгээр Монгол Улс өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг санхүү эдийн засгийн эх үүсвэр болсон татварын хүч бололцоог олигтой ашиглаж чадахгүй юм шиг байна.
Хамгийн харамсалтай гэмээр нь хэрэглэгч ард түмний татвараар дамжин эргэлддэг нийгмийн зүрх судасны эргэлтийг ойлгож мэддэггүй, мэдэхийг хүсдэггүй сайд дарга нар байж харагдаг явдал юм. Монголын бүх ард түмэн зөвхөн татвараар дамжуулан улс үндэстнээ нөхөн сэргээдэг. Мөн түүгээр дамжуулан өөрийнхөө төр засгийг өөрсдөө бий болгож, өөрсдийгөө эмчлэх эмнэлэг, сургах сургуулийг өөрсдөө л байгуулж, цэрэг цагдаа шүүхийг басхүү өөрсдийн төлдөг татварын хөрөнгөөр ажиллуулж байдаг нь нууц биш.
Ерөнхийдөө зайлшгүй зардал, зайлшгүй хуримтлал, зайлшгүй татвар, энэ гурвыг л улс гүрний оршин тогтнох тулгын гурван чулуу гэж болно. Төр засаг нь ерөнхийлөгч, ерөнхий сайдаас эхлээд цэрэг цагдаа, шүүх, шорон, эмнэлэг сургууль, соёл урлаг, спортын байгууллага тэндхийн ажилтнууд хийгээд тэтгэврийн ахмад настан, оюутан залуус гээд бүхэлдээ татвараар тэжээлгэж, төсвөөс санхүүждэг нь ойлгомжтой.
АЛТЫГ НЬ АВААД АЛТНААС ҮНЭТЭЙ АВДРЫГ НЬ ХАЯХ НЬ ЭЭ
Ахмадууд бол алт эрдэнэсээс үнэ цэнтэй ховор нандин хүмүүс. Тиймээс тэдний тэтгэврийг зөвхөн улсын төсвөөс л санхүүжүүлдэг учиртай. Тэгтэл сүүлийн үед одоогоос хэдхэн жилийн дараа тухайлбал 2030 он гэхэд тэтгэвэр тавих мөнгөгүй болох мэтээр ярьж байна. Тэтгэврийг зөвхөн нийгмийн даатгалаар төлөх юм шиг андуурч байгаа бололтой. Нийгмийн даатгал гэдэг бол тэтгэврийн зардлыг бус нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэлэг тэтгэмжийг санхүүжүүлдэг сан хөмрөг байсан, цаашдаа ч тийм л байх биз.
Ахмадууд бол зөвхөн түүхэн уламжлал, дадлага туршлага хийгээд оюун сэтгэлгээний баялаг эх сурвалж төдий биш. Тэд бол баялаг бүтээгчид бас хэрэглэгчид. Тиймээс тэд татвар төлөгчид. Төлсөн татвараараа тэжээлгэх эрхтэй. Түүнээс гадна тэтгэвэрт гараагүй байхдаа нийгмийн зайлшгүй хуримтлалд нийлүүлсэн бөгөөтлөө үнэ хөлсийг нь аваагүй үлдээсэн өнгөрсөн хөдөлмөр буюу биежсэн хөдөлмөрийн үлдэгдэл хэмээх улс эх орондоо хүүгүй зээлдүүлсэн нэгэн төрлийн бонд хадгалагдаж байдаг.
Тэтгэвэр тогтоож олгохдоо өмнө нь авч байсан хөлс, цалингийн хэмжээгээр барьцаалан тооцож их бага янз бүрийн хэмжээний тэтгэвэр олгодог. Өндөр цалинтай байсан бол их хэмжээний баялаг бүтээж үлдээсэн, бага бол багыг үлдээсэн хэмээн тооцдог аргачлал хэрэглэж байсан, эдүгээ ч тийм л байгаа байх.
Ерөөсөө хүн алж хүрээ талсан ялтан хоригдлуудыг төсвөөр тэжээдэг байтлаа өнөөдрийн бүх баялгийг бүтээж авчирч өгсөн учраас нийгмээр тэжээлгэх хууль ёсны эрхтэй буурал ахмадын тэтгэврийг өөрсдөөр нь даалгах тухай ярих нь наанаа эдийн засгийн, цаад утгаараа бол хүнийг насаар нь ялгаварлан гадуурхаж байгаа улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэх ёстой байх.
Бас өнөөгийн залуу ажилтнуудын суутгасан даатгалын мөнгөнөөс эв санааны нэгдлийн зарчмаар тэтгэвэр олгоно ч гэх шиг. Улсынхаа төсвөөс сайд дарга нарынхаа цалинг олгоод ахмадынхаа тэтгэврийг олгохгүй болох ухааны юм мөрөөдөж байх шиг байна. Энэ бол өршөөлийн хууль, орлогын татварыг хөнгөлөх хууль, том хөрөнгөтнүүдийг жижиг бизнесийнхэнтэй адил хувь хэмжээгээр татвар төлүүлж байх тухай хууль гаргахыг л бодож суудаг нөлөө бүхий томчууд баячуудын манкурт сэтгэлгээ мөн байж магадгүй. Татвар төлөхөөс зайлсхийж, гүйлгээний орлого сэлтээ нууж мэхлэгчид бол татварыг замаас нь зувчуулах замаар эх орныхоо үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолд аюул хөнөөл таригчид мөн.
Социализмын үед ч ийм явдлыг тэвчдэггүй байсан. 1948 онд шиг санагдана. Баянхонгор аймгийн хойд хангайн нэг сумын дарга Н гуай яагаад ч юм албан татварын мөнгөнөөс арван мянган төгрөг дутагдуулсан тул цаазын ял сонсоод арай ядан амь өршөөгдөж байсныг санаж байна. Гэтэл зөвхөн энэхүү 2015 оны тухайд гэхэд Монгол Улсын төсвийн орлого бараг 500 тэрбум төгрөгөөр тасарч байгаа гэж ярьж байна.Их мөнгө. Хүн бүрт хувааж үзвээс 170 000 төгрөгийн орлогыг зальтнууд замаас нь хусчихсан байна.
Тэр бол үндсэндээ гадаад дотоодынхноос авах ёстой татварын орлого байх. Ард түмэн хэрэглэдэг зүйлээ хэрэглэж,төлдөг татвараа төлсөн л байгаа. Харин бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнийхээ бррлуулалтын орлогоор дамжуулан түүнийг хурааж авсан манайхны татвар төлөгчид гэж омогшдог эзэд маань замаас нь тоншчихоод өршөөлийн хууль хүлээж суугаа юм байлгүй.
Татвар их хатуу тоглоомтой. Тэр бол номхон морины ногт, догшин морины чөдөр болоод хэн дуртайд нь завшуулж байдаг дэл сул мөнгө огт биш. Бүхэл бүтэн улс гүрнийг элгээр нь хэвтүүлж чаддаг өршөөлгүй чанга нэхэлтэй мөнгө. Монгол Улс татварын хариуцлагагүй бодлого явуулж байсан учраас одоо манай улсын удирдагчдыг гуйлгын шуудай үүрүүлээд олон улсын баячуудын өмнүүр мөлхүүлж эхэллээ. Харахаас өрөвдмөөр байна. Бодоход ч ичиж зовмоор санагдана. Монголыг Оюутолгой, Тавантолгой хоёр аврахгүй. Зөвхөн татвар аварна. Чингэхлээр татварын шинэтгэл (реформ) хийнэ гэсэн үг. Тэгээд л гүйцнэ. Өөр сайн гарц байхгүй.
ТЭЖЭЭГЧЭЭ АЛДВАЛ ТЭЖЭЭЛЭЭ ХААНААС ОЛОХ ВЭ?
Одоо энд өөр нэг сонирхолтой асуудлыг хөндөх гээд үзье. Г эхдээ баримттай юм ярина аа. Монгол капиталист орон гэдгийг бид сайн мэднэ. Манай капитализм монголын гэсэн онцлогтойг ч бас мэднэ. Монголын капитализм бол чөлөөт өрсөлдөөнийх биш. Тэр бол улс төрийн хуйвалдаанд суурилсан монопольт капитализм. Тэгтэл сүүлийн үед манай төр засаг танихын аргагүй бодлого гараад ирлээ.
Юу хэлнэв гэвэл өмнө нь чөлөөт өрсөлдөөний журмаар гадагш гаргаж хэдэн төгрөг олж авдаг байсан малчдын түүхий ноолуурын зах зээлийг хаачихлаа. Ноднинхон кг нь 80 000 төгрөг хүрч байсан үнэ одоо 40 000 төгрөг болтол унажээ. 200 000 ямаачин айл өрх байгаа гэж баримжаалбал нэг сая хүний амьдралыг сэгсэрчихлээ. Малчид өрнөөсөө салж чадсангүй.
Малчид бол хувийн өмчтэй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүлэгт багтдаг бүтээлч хүмүүс. Монголын төр малчид шиг дундаж давхаргынхныг олшруулна гэж зарладаг. Тийм бөгөөтлөө одоогийн байж байгаа царай нь энэ. Бишдээд явчихлаа. Улс төржин үгсэж хуйвалдсан хамгийн харгис бурангуй монополистуудын төр ноёрхох болсон байна. Одоо юу байгаад ч нэмэргүй.
Юуных нь Үндсэн хуулийн өөрчлөлт, юуных нь сонгуулийн шинэ хууль батлах, юуных нь Оюутолгой, Тавантолгойг үр ашигтай ашиглах вэ? Цөмөөрөө өнгөрсөн. Бүх асуудал зөвхөн монопол капиталистуудын эрхшээлээр шийдэгдэх болно.
Одоо энд малчдын тэтгэврийн тухай хоёр үг хэлье. Ахмад малчин гэдэг нүдний гэм болтлоо цөөрлөө. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багт л лав тийм байна. Хамгийн өндөр настай нь тавь жарын хооронд насныхан байна. Мөнөөх ханагар буурал өвгөд, уулгамч цайлган эмгэд малын захад үзэгдэхгүй болсон байна билээ. Одоо сумын хэмжээнд арваад хүн ная, хориод хүн далан насны босго даваад азаар амьд сэрүүн байцгааж байна.
Гурван мянган хүнтэй сум шүү дээ. Дөнгөж нэг хувь нь ахмад малчин байна. Үүрийн шаргал туяанаас үдшийн цагаан гэгээ тасартал борви бохисхийхгүй байгаа болохоор наснаасаа эрт ядарч доройтолгүй яахав. Тиймээс миний хувьд Ардын Намын нөхөд малчдын тэтгэвэрт суух насыг наашлуулахаар тавьсан саналыг баяртай дэмжиж байна.
Гэтэл монголын монопол эздийн төлөөлөгчид их таагүй хандаж байна Мал маллах байтугай мах юунаас гардгийг сайн ялгаж мэдэхгүй цагаан гарт улс төрчдөд итгэх арга байхгүй. Ямар ч атугай монголын төр засаг малчдад ноолуурын үнийн зөрүүд нөхөн төлбөр алданг төлөх ёстой.
МОНГОЛЫН ХҮҮХНҮҮД ХАРЧУУД БОЛОХЫГ ХҮСЛЭЭ ГЭЖ ҮҮ?
Эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг эрэгтэйчүүдтэй нь адил жар ба түүнээс дээш болгох тухай санал санаачилга гарсан гэх мэдээ занги сонсогдлоо. Чихэндээ үл итгэн эргэлзлээ. Инээдтэй юм. Арай ч үгүй байлгүй дээ. Хнг! Ямар шог хошин жүжиг тоглож байгаа биш, дэндэнэ ээ. Үгүй ингэхэд хэний толгойд ийм солиотой бодол төрдөг байна вэ? Нэг бүсгүйн нөхөр нь “Толгойтой үсээ тонгоргоор хусуулахаас хэцүү байв гэж үү. Дүл дүл, олигтойхон дүлээд наадахыгаа гарга” гээд нярайлж бүхий эхнэрээ зандраад зогсож байсан гэж хүн чанараа алдсан эр нөхрийг шоолсон яриа байдаг.
Будаач будаач гэхээр сахлаа будна гэдэг шиг манай парламент үе үе хөгтэй хууль баталдаг ч энэ удаа арай ийм хууль батлахгүй байх. Монголын нэг айл өрх дунджаар гурваас дөрвөн хүүхэдтэй байдаг. Нэг хүүхдийг арван сар хэвлийдээ тээж, нэг нас өнгөртөл нь шөнө бүр өндийж хөхүүлэн, хүүхэд бүрийг хоёроос гурван жил гардан асарч хүмүүжүүлдэг. Үүнийг нэг айлын дөрвөн хүүхдээр үржүүлж бодвол нэг ээж дунджаар дөчин сар жирэмсэн явна гэсэн үг.
Дөчин сар хэвлийдээ хүүхэд тээнэ гэдэг амархан гэж үү. Манайд дөрвөөр тогтохгүй арваад хүүхэдтэй айл олон бий. Тийм эхчүүд зуун сарын турш хүүхэд тээдэг байж таарна биз. Залуусын хэлдгээр бол ёстой л ”аймаар хүнд” ачаа биш гэж үү! Бас дөрвөөс таван жил зарим нь арван жил дутуу нойртой хононо. Ямар байх вэ. Хүнд л байхаас аргагүй. Есөөс 12 жил хүүхдээ гар дээрээ асарч өдөр шөнөгүй хойноос нь хөөцөлдөнө.
Бид өөрсдөө ч ээжийгээ ингэж л зовоож хүн болсон бус уу. Түүнээс гадна манай улсад өрх толгойлсон эмэгтэйчүүд хэчнээн олон байгаасан билээ? Бас дөчөөд жил буюу 400-500 удаа сарын тэмдэг өнгөрөөнө гэдэг амар биш биз. Энэ бүхэн бол зөвхөн ээж нарын үүрч хорвоог туулдаг нэн хүнд ачаа. Ээжүүд бол ээжүүд л байж тусгайлан хүндлэгдэх дархан эрхтэй хүмүүс тул мөнөөх саналыг парламентын хаалгаар дахин битгий цухуйлгаасай гэж залбирч байна.
Угтаа бол Монгол Улсад эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангасан улс төрийн бодлого тэднийг таван насны наана тэтгэвэр тогтоолгохыг зөвшөөрч, одон ба одонгийн мөнгө олгох бодлогоор хэрэгжиж байсан. Түүнийг өөрчлөх шаардлага байхгүй л баймаар юм. Биш ээ биш, ойрдоо бүүр биш болчих гээд байна.
Х.Цэвлээ
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Будаач будаач гэхээр сахлаа будна гэдэг шиг манай парламент үе үе хөгтэй хууль баталдаг ч энэ удаа арай ийм хууль батлахгүй байх. Харж л байя