Д.Сугар: Намайг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа нь үнэн
-ХУВИЙН ОНГОЦТОЙ ХАРААХАН БОЛЖ АМЖААГҮЙ ЯВНА ДАА-
Энэ зун хэвлэлийнхний хараанд өртөж багагүй дуулиан тариад буй хүн бол Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар. Түүнийг “Нутгийнхаа 80 жилийн ойд очихдоо хувийн онгоцтой явсан”, “Таван толгойг хятадуудад зарлаа” гэсэн мэдээллүүд гарч байсан. Харин саяхан Авлигатай тэмцэх газрынхан түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Энэ нь “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ээс “Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлж байсан ган бөмбөлөг, бэлдэцийг Хонконгийн нэгэн компаниар зуучлуулах зөвшөөрөл олгосонтой холбоотой асуудал юм. Энэ хэрэгт “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал асан Т.Ганболдыг буруутган шалгаж байгаа бөгөөд Д.Сугарыг албан тушаал, эрх мэдлийнхээ хүрээнд оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Энэ асуудлаар Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газар таныг шалгаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн үү?
-Мэдэгдсэн. Өнгөрсөн даваа гаригт тус газрынхан дуудаад тайлбар авсан. Шалгаж байгаа нь үнэн.
-Таныг шалгаж байгаа үндэслэл нь хэр бодитой вэ?
-Төрийн өмчийн хорооны удирдлагад 80 гаруй компани байдаг. Тэдний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар намайг дандаа л шалгаж байдаг. Өмнө нь ч шалгаж л байсан. Гэвч Д.Сугар буруутай байна аа гэдэг нь тогтоогдож сүйд болж явсан удаагүй. Энэ удаа ч онцын санаа зовох юм алга. Харин ч эртхэн шалгуулаад үнэн, мөнөө олсон нь дээр. Хуулийн байгууллагынхан шалгаж эхлэхээр айгаад, аргацаагаад байдаг хүмүүсийг ойлгодоггүй.
Ямар нэгэн “но”-той хүмүүс л айж, тэвддэг байх. Би бол баяртайгаар шалгуулж байна.
-Баяртайгаар шалгуулж байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Энэ үгийг хаалтад хийчих нь биз дээ.
-Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй яриач?
-2008 онд “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” Хонгконгийн “Стандартниклс” компанид 45 мянган тонн төмрийн бэлдэцийг, нэг тонныг нь 550 мянган ам.доллараар нийлүүлнэ гэсэн гэрээ хийсэн байлаа. Хаанахын, ямар компанитай гэрээ хийх нь “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлын бүрэн эрхийн асуудал л даа. “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ийн дарга асан Т.Ганболд миний өрөөнд тэр гэрээгээ бариад ороод ирсэн. Тэгээд “Хонгконгийн компани манай үйлдвэртэй гэрээ хийе гэнэ. Гэхдээ дээд газраасаа зөвшөөрөл аваад ир гээд байна аа. Энэ гэрээ манай үйлдвэрт маш их ашигтай” гэв. Надад цааргалах зүйл байгаагүй. Гэрээн дээрээ нь “зөвшөөрөв” хэмээн гарын үсэг зураад өгсөн.
-Тухайн үед гэрээнд гарын үсэг зурах ямар нэгэн шалтгаан байсан юм уу?
-2008 онд эдийн засгийн хямрал ид өрнөж байсан үе. IV улиралд нь “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” ямар ч орлогогүй болоод ажилчдынхаа цалинг ч тавьж чадахаа байсан. Иймд тус үйлдвэрийг түр хугацаагаар зогсоох уу, үгүй юу гэдэг асуудал яригдсан юм. Энэ асуудлыг Төрийн өмчийн хорооны Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцээд “Үйлдвэрээ зогсоохоо битгий яар. Түүний оронд агуулахдаа байгаа бүтээгдэхүүнээ зарахыг бод. Үнийг нь бууруулж болно. Гэхдээ бүтээгдэхүүнийхээ өртгөөс бага үнээр зарж болохгүй” гэсэн шийдвэр гаргасан юм. Яагаад гэхээр, хямралаар барилгын компаниудын дийлэнх нь үйл ажиллагаагаа зогсоосон байв. “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ийн арматурын төмрийг авах газар олдохгүй, агуулахаар нь дүүрсэн. Үүнээс болоод мөнгө олох боломж нь хаагдсан. Энэ байдлыг нь харгалзан гэрээнд “зөвшөөрөв” гэж гарын үсэг зурсан. Тэр үед төмрийн бэлдэцийн нэг тооных нь үнэ 540 мянган төгрөг байсан. Хонгконгийн компанитай нэг тонныг нь 550 мянган ам.доллараар нийлүүлэх гэрээ хийсэн байсан. Энэ нь хамаагүй ашигтай. Иймд тус үйлдвэрийнхний гаргасан саналыг хүлээж авахаас өөр арга байгаагүй. Асуудлыг ингэж л шийдвэрлэсэн. “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” үүнээс болж ямар нэгэн хохирол амсаагүй.
-Хамгийн гол нь таныг хоёр үйлдвэрийн дундуур орж гадаадын компаниар бүтээгдэхүүн зуучлуулдаг болгосон гэж хуулийнхан үзээд байгаа юм биш үү?
-”Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” болон “Эрдэнэт” хоёрын дундуур ороод би гадаадын компанид зуучлах зөвшөөрлийг нь олгоод, бүтээгдэхүүн авах дамжлагыг зохиомлоор гаргачихсан юм биш. Надад тэгэх шалтгаан ч байхгүй. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” зуучлагч компаниа өөрсдөө сонгосон.
-”Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэт” үйлдвэрт өртэй байсан учир зуучлагч компанийг сонгосон гэх мэдээлэл байна. Энэ хэр үнэний ортой бол?
-Тус үйлдвэрийн захирал нь тухайн үед надад энэ тухай ярьж байсан.Тэр хэлэхдээ “Манай үйлдвэр “Эрдэнэт”-д хагас тэрбум төгрөгийн өртэй. Гэтэл бүтээгдэхүүнээ “Эрдэнэт”-д нийлүүлэхээр өрөндөө суутгаж авчихаад байна. Үүнээс болж алдагдалд орж үйлдвэр зогсохдоо хүрсэн” гэж байсан. Хуулийн байгууллагынхан өөрсдөө энэ мэт асуудлуудыг шалгаж тогтооно биз дээ. Мөрдөн байцаалтад байгаа хэргийн талаар чи бид хоёр дэлгэрэнгүй яриад яах вэ дээ.
-Тус үйлдвэрийн дарга асан Т.Ганболдыг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байгаад энэ хэрэгт таныг эрх мэдлийнхээ хүрээнд оролцсон байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж байгаа гэсэн. Та хоёрыг шалгаж буй асуудал тус тусдаа хэрэг болоод явж байгаа юу?
-Үндсэн дээ нэг л хэрэг. Т.Ганболдод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад намайг оролцсон байж магадгүй хэмээн үзэж буй бололтой. Төрийн өмчийн хорооны дарга болохоор нь намайг хэвлэлийнхэн онцолж бичээд байхгүй юу.
-Тэгэлгүй яах вэ, төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийг сэтгүүлчид болон ард түмэн хардах эрхтэй шүү дээ?
-Намайг Төрийн өмчийн хорооны дарга болохоор энэ нөхөр улсын мөнгийг идэж, уучихаж байгаа болов уу гэж харддаг юм шиг байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтнуудыг сэтгүүлчид хардах эрхтэй байх аа. Хууль хяналтынхан ч шалгах эрхтэй. Тэр утгаараа хуулийнхнаар шалгуулж байна. Буруугүй гэдэг нь удахгүй тодорхой болно биз дээ. “Эрдэнэт” үйлдвэрт бүтээгдэхүүн нийлүүлсэн асуудал надтай огт хамаагүй.
-Гадаадын компани хэдэн сар зуучлагчийнхаа үүргийг гүйцэтгэсэн юм бэ?
-45 тонныг нийлүүлэх гэрээ хийгээд 10 гаруй тонныг нь нийлүүлсэн. Бусдыг нь нийлүүлж чадаагүй юм билээ. Тэр мөнгөө аваад л тэдний асуудал дууссан байх.
-Одоо тэр компани зуучлагчийнхаа үүргийг гүйцэтгэхгүй байгаа гэж ойлгож болох уу?
-”Эрдэнэт” үйлдвэрт оросууд төмөр нийлүүлж байгаа. “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр” бүтээгдэхүүнээ хааяа нийлүүлээд заримдаа чаддагүй юм шиг байна лээ. “Эрдэнэт” бас бүтээгдэхүүнийх нь чанарыг голоод байдаг бололтой.Одоо энэ асуудлаарх яриагаа ингээд зогсооё. Мөрдөн байцаалтын нууц задруулсан хэрэгт орчих байх.
-Асуухгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Таныг саяхан нутгийнхаа ойгоор хувийн онгоцтой очсон гэх мэдээлэл гарсан байсан. Та хувийн онгоцтой хэрэг үү?
-Энэ талаар ярих илүүц биз дээ. Би чинь Өвөрхангай аймгийнх. Нутгийн маань 80 жил болсон. Ажил ихтэй байсан болохоор товлосон цагтаа хотоос гарч чадаагүй юм. Гэтэл ойн арга хэмжээг зохион байгуулагчид ойгоо сүртэй тэмдэглэх үүднээс шүхэрчдийг хотоос авчирсан. Улсын баяр наадмаар төв цэнгэлдэхэд шүүхэрчид буудаг шүү дээ. Тийм л зүйлийг нутгийнхандаа харуулахыг тэд хүссэн бололтой. Шүхэрчдийг авч явах онгоц хэдэн цагийн дараа хөөрөх нь гэдгийг сонсоод “Хамт явбал багтах зай байгаа юу” гэж асуулгасан. Болж өгвөл нутгийнхаа ойд очихыг хүсэлгүй яах вэ.
Тэгтэл “Онгоцонд хоосон суудал байна” гэсэн хариу ирсэн. Тэгээд л шүхэрчдийн онгоцонд суугаад ирсэн. Онгоцноос буумагц “Ланд-200,150,80″ маркийн гурван машинтай хүмүүс намайг тоссон. Таньдаг хүмүүс намайг ирэх сургаар онгоц тосч байгаа юм чинь би яалтай билээ. Ийм л юм болсон юм. Гэтэл хэвлэлийнхэн нэмж хачирлаад хувиараа онгоц хөлөглөж очсон гээд онгоцноос буух, машинд суух үеийн баахан зургийг минь аваад нэг сайтад тавьчихсан байгаа юм. Юуных нь хувийн онгоц байх вэ дээ. Одоохондоо хувийн онгоцтой болж амжаагүй л явна шүү дээ, би.
-Шүхэрчид болон онгоцыг хэн хөлсөлсөн юм бэ?
-Өвөрхангай аймгийн удирдлагууд онгоц хөлсөлсөн юм билээ.
-Та гурван морь уяж, бүгд айрагдсан гэсэн байх аа?
-Айрагдсан. Би морь уяж болно биз дээ.
-”Төрийн өмчийн хорооны дарга хятадуудад Таван толгойг зарж байна” гэсэн мэдээлэл бас харагдаж байсан. Таны байр суурийг сонирхъё?
-Юу гэж тийм юм байх вэ дээ. Хятадуудад би дур мэдэн зараад л. Яаж ч бодсон тийм зүйл болохгүй, дээрх мэдээлэл худлаа гэдэг нь ойлгомжтой.
Г.Дэлгэрцэцэг
URL: