Сансар орчмын 60 баарны үйл ажиллагааг нь хаана гэв

Сансарын тунел, Баянцээлийн баар  рестраны үйл ажиллагааг зогсоох болсон талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү нарын дүүргийн удирдлагууд дүүргийнхээ Тамгын газрын хурлын байранд мэдээлэл хийлээ.
7b30ada476f99641big
Баянзүрх дүүргийн гурав болон  долдугаар хорооны иргэд,  зарим аж ахуйн нэгжийн хүсэлт санаачлагаар, цагдаагийн байгууллагаас гаргасан судалгааг үндэслэн Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудын үйл ажиллагааг зогсоох  саналыг тус дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцсэн байна. Түүнчлэн “Аюулгүй-Амар тайван хороо” болгох гэсэн саналыг дэмжиж шийдвэрлэжээ.

Сансар үйлчилгээний төв буюу гуравдугаар хорооны нутагт 23, Баянцээлийн гудамж дагуу 37, нийт 60 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг бөгөөд энэ тоонд архи согтууруулах ундаа худалдаалдаг бөөний цэг, худалдааны  газрууд, том жижиг зочид буудлыг оруулаагүй аж.

Тус дүүргийн гурав болон долдугаар хорооны оршин суугчдын хувьд  маш хүнд нөхцөл байдалд амьдардаг байна. Цаг хэтрүүлэн хууль зөрчиж ажиллаж байгаа баар цэнгээний газруудад үйлчлүүлсэн  иргэдийн бүдүүлэг зан авир, хэт их дуу шуугиан болон шөнө оройн цагаар архичид орцонд хоноглож, энд тэнд бие засч, улмаар гэмт хэрэг танхайн хэрэг их гардаг ажээ.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны эхний  таван сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас  гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 14187 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 3236 хэрэг илэрчээ.

Согтуугаар үйлдэгдсэн нийт 155 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 15.7 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 13 нэгжээр буюу 8.3 хувиар өссөн гэдгийг албаныхан мэдээллээ.

Архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагаас энэ оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн нийт 49 байгууллагаас 10.235.000 төгрөгөөр, 36 иргэнийг 1.590.000 төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.

Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 60 аж ахуйн нэгжийг хэрхэн цөөлж, тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү “Бид бизнес эрхлэгчидтэй уулзаж, та нарын үйл ажиллагааг хаана зогсооно гэхээсээ илүү зөвлөн тусалж, цагаа хэтрүүлэхгүй байхыг, хэт согтуу хүмүүст үйлчлэлгүй дүүргээс болон нийгмээс гаргаж буй хууль дүрмийн хүрээнд явагдаж буй ажилтай хамтран ажиллахыг санал болгосон.

Үйл ажиллагааг нь өөрчлөн жишээлбэл, номын сан, цэцэрлэг гэх мэтийн хүн бүхэнд хэрэгтэй үйл ажиллагаа явуулбал та нарын өмнөөс зөвшөөрлийг чинь хөөцөлдөж өгье,та нарт үйлчилье гэсэн санал тавиад байна” хэмээсэн юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ч.Хонгорзул

URL:

Нэр: hi Огноо: 2 July 2015

60 bariig 60 tsetseleg bolgo. tegvel huuhdee gertee uldeehee bolino shuu dee

Сэтгэгдэл бичих