Москва юунаас айв?

BELARUS-RUSSIA-KAZAKHSTAN-POLITICS-ECONOMYЕвразийн эдийн засгийн холбооны ирээдүй хаашаа явж байгаа тухай анзаарахүй өнгөрөөж болохгүй хэд хэдэн зүйл бий. Оросыг ганцаардуулах “Америк жигнэмэг” шарах шүүгээнд бэлэн болж, Европын холбооноос Герман тэргүүтэй дэмжигчид нь энэхүү бодлогыг цуцашгүй дэмжсээр суугаа. Нэгэнт баруун Европоос эдийн засгийн бүхий л харилцаагаа тасалж, хаалгаа түгжсэн Москвад эцсийн нэг л найдвар үлдсэн нь Евразийн эдийн засгийн холбоо болоод байна. Магадгүй уг холбооны гишүүд хуучны Зөвлөлт Орос улсын технологийг ашиглан, нэгдмэл бүрэлдэхүүнд орж ажиллахаар тохиролцсон байж болох юм. Эсвэл одоогийн Европын холбоо шиг ардчилсан зах зээлийг түшиглэн, дэлхийн тавцанд нэг мөнгөн тэмдэгт ашиглаж, нэгдсэн бодлогоор дуугарах ч бололцоо бий. Оросуудын хоолоо олж иддэг цорын ганц “хар талх” болсон нефтийн үнийг АНУ-ын эрх баригчид Саудын Араб болон бусад нийлүүлэгчидтэй үгсэн хуйвалдаж сүүлийн хоёр жилийн хугацаанд албан ханшийг нь 50 ам.доллараас доош буулгаж чадлаа. Үнэн хэрэгтээ энэ механизм Оросын эдийн засгийг сөхрүүлэхэд маш их ойртоод буй. Нүүрэндээ дэлсүүлсэн ч ярвайхыг хүсээгүй бардам В.Путинд одоо зөвхөн Евразийн эдийн засгийн түншлэлийг Хятад, Казахстаны хүчирхэг хамтрагчдаараа дэмнүүлэн босгох найдвартай арга замд сэтгэл шулуудах л үлдлээ. Тэд Сибирийн уудам хөндийгөөс Хятад хүртэл байгалийн хий нийлүүлж, энэ салбартаа Украиныг Бээжингээр солихоор газар зүй, улстөрийн талбартаа шинэчлэл хийхээр бэлтгэв.
Бас Казахстанаар дамжин Москвад хүрэх шинэ “Торгоны зам” нэгэнтээ төмөр зам, дэд бүтцийн байгууламжуудаа босгосоор. Мөн Латин Америкт БНХАУ-д хэдэн триллионы хөрөнгө оруулалт хийж, томоохон төслүүдэд хамтран ажиллах болсон нь Москвад сайн мэдээ. Энэ бол БРИКС шинэ шатанд хүрэх эхний алхам. Энэ үеэр ар хударгаараа алдчихыг хүсээгүй АНУ өвгөрч, хоцрогдсон Кубатай тун ч элгэмсэг болж эхлэв. Гэтэл Венесуэль, Бразил, Аргентин зэрэг Өмнөд Америкийн луухгарууд Хятад наймаачидтай сүлбэлдэн эртний хөндий харилцаатай Вашингтоныг анхаарах сөхөө алга. Дэлхийн геополитик алга урвуулах мэт хоёр хүчинд хуваагдан байгаа энэ үед ОХУ аль болох хориг арга хэмжээ гэх мэтээс хохирол багатай үлдчих эрмэлзэл тээж байгаа мэт харагдавч алсуураа Хятад, ОХУ, Казахстан нар маш их зузаан, бат бөх, салгаж болшгүй эдийн засаг, аж үйлдвэр, дэд бүтцийн яармаг бүсүүдтэй болж эхлээд байна. Технологийн эрин үед бүрэлдэн бий болох “Зөвлөлт Холбоот Евразийн нэгдсэн улс” ??? Оросын талд гараа өргөж зогсох Казахстан, Тажикстан, Армен, Беларус, Киргизстан. Эдгээр орнуудад дотоодын эдийн засгаа сэвхийтэл өргөчих том үйлдвэрүүд, худалдан авагч, зах зээл байна. Дээрээс нь Азербайжан гэх улс маш их хөрөнгө чинээтэй боллоо. Тэдэнд зайлшгүй хэрэгтэй хамтрагч яах аргагүй ОХУ боловч Баку тийм ч хурдан Евразийн эдийн засгийн холбооны хүүхэлдэй болохоор яарахгүй байна. Ийм үзэл бодолтой Латви, Литва, Эстони зэрэг хуучны Зөвлөлтийн бүрэлдэхүүн дэх орнуудтай ОХУ сайн харилцаа үүсгэж чадахгүй байгаа. Тэд баруун Европын үзэл суртал, капитализмд хэт шүтэгдэх болсноор Ленин, Сталины хөшөөг үе, үе нурааж Москватай заамдалцсан сураг дуулдана. Одоо эдгээр жижиг орнуудыг В.Путин хатуу аргаар биш Казахстан шиг найрсаг арга барилаар эгнээндээ нэгтгэж чадвал яг л 20 гаруйхан жилийн өмнө сулран задарсан ЗСБНХУ-ын зүсээ хувилгасан шинэ гүрэн Москваг түшиглэн босох нь.
Ийм л аргыг сүвэгчлэн суугаа В.Путин зарим “жижиг” хөрштэйгээ муудалцаж, Крымын талыг ч болтугай авахаар улайран байгаа. Өөрөөр бол В.Путин аварга том Америк хэмээх бүргэд, маш хүчирхэг Европын улсуудтай хэрхэн “үзэлцэх” билээ. Евразийн дотоодын эдийн засаг, банк санхүүгийн хөрөнгө үлэмж нэмэгдсэн. Тэд рубльтай адилхан мөнгөн тэмдэгт хэвлээд, зах зээлд нийлүүллээ гэхэд ам.долларын эсрэг “тухтай” үзэлцэх боломжтой. Рубль ганцаардсан учраас евро, ам.доллартай тэмцэх өөр нэгэн холбооны мөнгөн дэвсгэрт яагаад байж болохгүй гэж? Мэдээж Евразийн бүрэлдэхүүн нэгдэн, нийллээ гэхэд 25 жилийн өмнөх шиг хүчирхэг Зөвлөлт орныг олж харахгүй нь тодорхой. Хамгийн чухал нь Орос нөхөрлөж болох, итгэж болох хамтрагчдыг л нэг завинд суулгах хатуухан шалгуур тавьчихаад байгаа. Хуучны Зөвлөлт Орос Хятадтай таарамжгүй байсан бол энэ удаа сайн найзууд болжээ. Тиймээс хэдий Оростой хиллэж, хөршийн харилцаатай байгаа ч дотоодын эрх ашигт нь зөрчилдөж л байгаа бол Москва ширэв татахаар тийм ширүүн, ганцаардсан, уцаарлангуй баавгайн дүрээр сууж байна. Хамгийн чухал нь 173 сая хүн ам, 20 сая км хавтгай дөрвөлжин талбай бүхий газар нутагт дэлхийн томоохон үйлдвэрлэгч, фирмүүдийн 15 хувийг нь эзэмшин буй Евразийн холбоо зөвхөн эдийн засгийн түншлэлээс тэлж холбооны улсын статуст ороход саадтай зүйл лав алга. Харин ч цагийн байдал В.Путиныг улам шавдуулж байна. Т.Батсугар

Мэдээний эх сурвалж: http://time.mn/64834


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих