Н.Энхбаяр дахиад “ХААН СОНГОЛТ”-оор нэрлэгдэж байна
МАН-ыг хөөвөл МАХН-д барьцаалагдах сонголт л АН-д үлдэнэ
Улс төр их шоглоомтой юм аа. АН дахиад л долоон сарын өмнөх сорилт дээрээ тулж ирлээ. Тэгэхэд Н.Алтанхуягийг МАХН-тай гэрээ байгуулсных нь төлөө Засгийн газрыг нь унагаж, намын даргаас нь огцруулж байв. Тэгвэл одоо эвслийн бүлэгтэй, энэ бүлгийн ард байгаа Н.Энхбаяр гэсэн хувь улстөрчтэй дахин “гар барих” сонголт АН-д үлдэж байх шиг. Мэдээж Н.Алтанхуягийг огцруулснаас хойших долоон сарын хугацаанд улс төрд их, бага өөрчлөлтүүд гарсан уу гэвэл гарсан. УИХ сөрөг хүчингүй болж, АН-ын даргын тамга З.Энхболдод шилжиж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон гээд томоос нь дурдахад л хангалттай олон өөрчлөлт бий. Гэхдээ өөрчлөгдөөгүй үлдсэн нэг юм нь 2012 оны сонгуулийн үр дүн. АН одоо ч УИХ-д 35 суудалтай хэвээрээ байгаа. Ердийн олонхийг бүрдүүлэхэд тэдэнд дахиад дөрвөн суудал сох дутна. Харин МАН 26-уулаа, “Шударга ёс” эвсэл 10, ИЗНН хоёр, бие даагчид гурвуулаа. Хүссэн ч, эс хүссэн ч МАН засгаас гарсан тохиолдолд, зургаан сайдаа татсан нөхцөлд УИХ-д олонх болж чадаагүй АН-ынхан “Шударга ёс” эвслийн бүлэгтэй л хамтарч засаглахаас өөр сонголтгүй явна. Ямар ИЗНН-ын хоёр, бие даагчдын гурван кнопыг 2012 оных шигээ дахин худалдаж авалтай биш. Тиймээс Н.Энхбаяртай хэрхэн ойлголцохоос дараагийн засгийн хувь заяа шууд хамаарч байна.
МАН засгаас гарлаа гээд Ч.Сайханбилэгийн танхим шууд огцорчихно гэж байхгүй. Угаасаа гарах нь цаг хугацааны л асуудал байсан. Одоо ч ийм л байна. Наадмын өмнө үү, хойно уу гэсэн яриа улс төрийн хүрээнд өрнөж буй нь одоогийн танхимын суурь бат “гагнагдсаных”. 19 сайдтай шинэ танхимаа эмхлэх үедээ Ч.Сайханбилэг зориуд зөрж сай;ын тоог бeeлгаагүй нь ердөө л 50 хувь буюу хяналтын багцаа барьж үлдэх гэсэн цор ганц зорилготой байсантай нь холбоотой. Одоо МАН зургаан сайдаа татлаа ч, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн гурван сайдаа гаргалаа ч АН-д 10 сайд нь үлдэнэ. Танхимын гишүүдийн талаас илүү нь үлдэж байгаа тохиолдолд Засгийн газар эрх зүйн чадамжтайгаа, үйл ажиллагаа явуулах боломжтойгоо үлдэнэ гэсэн үг. Иймээс л АН шийдлийн Засгийн газрыг анх байгуулахдаа энэ тоон дээрээ илүү анхаарсан, ажилласан. Харин дээр өгүүлсэн сонгуулийн үр дүн, УИХ дахь суудлын тоо, бүр нарийн яривал Засгийн газар эмхлэн байгуулахын тулд УИХ-д олонхийг бүрдүүлэх суурь тоо нь АН-ын хүссэнээр, төлөвлөснөөр явах ямар ч бололцоо байхгүй. Нөхцөл байдлыг базаад хэлбэл ийм байна. Задалбал харин олон юм бий.
МАХН-Д СУУДЛАА ҮНЭЛЭХ ОРОН ЗАЙ ГАРАВ
Эхлээд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дараа нь Гүйцэтгэх зөвлөл, тэгээд УИХ дахь бүлэг нь хуралдаж МАН-тай байгуулсан гэрээгээ дүгнэнэ гэж мэдэгдлээ. Энэ бүх дараалсан мэдэгдлүүд нь хоосон улс төр байгаагүй нь ойлгомжтой. МАН-ыг Засгийн газраас гаргах яриа талд ассан түймэр шиг л тархаж, одоо бүр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд нэгнээ хөөж эхэллээ. Нөхцөл байдал иймдээ тултал газар авчихсан нь МАХН-д УИХ дахь суудлаа үнэлэх хангалтгай орон зайг өгч байгаа бололтой. МАН Засгийн газарт орж ирснээр хоймроос үүд рүү шилжсэн “Шударга ёс” эвслийнхэн энэ долоо хоногоос дуу орж эхэлсэн нь үүнийг нотолно. Өнгөрөгч даваа гарагт хуралдсан “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлын дараа З.Баянсэлэнгэ гишүүн “Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн барихыг Засгийн газраас шаардана. Хэрэв өргөн барихгүй бол өөрсдийнхөө өргөн барьсан төслийг хэлэлцүүлнэ” гэж мэдэгдлээ. Ардаа Н.Энхбаярт зориулсан гэсэн хар дагуулдаг, ирэх сонгуульд түүнийг нэр дэвшүүлэх эрх зүйн хаалгыг нээх зорилготой гэгддэг Өршөөлийн хуулийн төслийг ийнхүү “Шударга ёс” эвслийн бүлэг гэнэт шаардаж эхлэв. Бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн хэлж буйгаас үзвэл дараагийн засагт (АН-д УИХ-д олонхийг бүрдүүлж өгөхөд) гуйлгаж орох МАХН-ын эхний шаардлага нь Өршөөлийн хууль байх нь. Сонгууль хаяанд ирчихсэн энэ үед МАХН-ынхан Өршөөлийн хуулиа нэхээд, хүссэнээр нь батлахгүй бол Засгийн газраас гарахад АН-д засаглах эрх зүйн боломжийг одоогийн 35 суудал нь хангаж өгч чадахгүй шүү дээ.
БИЕ ДААГЧИД КНОПОО ХУДАЛДАХГҮЙ
Бие даагч гурван гишүүн л өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлээд байгаагаас тэдний гурван кноп бол одоохондоо УИХ дотор бараг байхгүйтэй л адил болчихжээ. Уг нь түрүүчийн засгийн үед тэд сул гишүүний гурван кнопоо багцалж байгаад Төсвийн байнгын хорооны даргын суудлыг, хэд хэдэн агентлагийн даргын томилгоог өөрсдөдөө авчихсан байв. Цаг цагаараа байдаггүй болохоор одоо тэд өөрсдийнх нь мэдэгдсэнээр сөрөг хүчин болсон. Гэхдээ энэ гурван кноп дахиад үнэд хүрч болзошгүй нь. МАН засгаас гарч, МАХН дагаж хуйларлаа гэвэл АН-ынхан ИЗНН-ын хоёр, дээр нь бие даагчдын гурван кнопыг багцлахаас өөр гарцгүй. Ингэж 39-ийн босгыг давна. Харамсалтай нь, хаяанд тулчихсан сонгууль АН-д ийм гарц, бие даагчдад тийм боломж олгохгүй нь. Сөрөг хүчин болно гэдгээ мэдэгдчихсэн бие даагчид 2012 оных шигээ кнопоо дахин худалдвал сонгогчид хүлээж авахгүй биз. Бас нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг гэдэг үг ч нотлогдох биз. Өөрөөр хэлбэл, МАН-ыг гаргавал МАХН-гүй засаглах боломж АН-д байхгүй гэдгийг энэ жишээ нотлох болов уу.
ХУВЬ ЗАЯАНЫ ШОГЛООМ УУ
МАН засагт орсноор УИХ-д 73-ын бүдүүн бүлэг байгуулагдсан. Өнгөц харахад, ардаа ийм багтай Засгийн газрын асуудал УИХ-аар “ногоон гэрэл”-ээр л батлагдаад баймаар юм шиг боловч үнэндээ Ч.Сайханбилэгт ямар ч эрх мэдэл алга. Түүнийг Ерөнхий сайд болсны дараа УИХ-аас жижиг, сажиг хуулийн өөрчлөлтүүдийг нь л баталж өгч дэмжсэнээс өөрөөр бол дандаа хориг тавьж ирлээ. Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн Тавантолгойг нь, Гацууртыг нь хөдөлгөсөнгүй, унагалаа. Дубайд очоод байгуулаад ирсэн гэрээг нь ч УИХ чуулганы хуралдаан дээрээ “шүүлээ”. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа, УИХ-ын гишүүд сонгуулийн бэлтгэлдээ орсон энэ үед “Шударга ёс” эвсэлгүй засаг байгуулна гэвэл тэр нь байхгүйгээс арай дээхнэ, байгаагаас бол хамаагүй доогуур л юм явах биз. Яагаад гэвэл, УИХ-д МАН гэсэн том сөрөг хүчин бий болчихно. Дээр нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл сөрөг хүчний орон зайд шилжвэл одоо 73-ын бүдүүн бүлэгтэй хэрнээ дэмжигддэггүй асуудлууд УИХ дээр улам гацахаас урагшилна гэж итгээд хэрэггүй. МАХН-гүй засаг гэж байхгүй гэдгийг хэдэнтээ давтсан учир нь энэ.
Ийнхүү Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай гэрээ байгуулсных нь төлөө огцруулсан АН-д Н.Энхбаяр дахиад л “хаан сонголт”-оор нэрлэгдэж байна. Нэгэнт засгийнх нь хувь заяа ийм болчихсон учраас намынх нь бодлого ч дагаж зөөлрөх нь гарцаагүй биз. Үүнийг ёстой л хувь заяаны шоглоом гэх байх даа.
Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ene odoo haan yum uu
uheg2000 kjhlkjl;kj
uheg200 eee
uheg200
uheg200 eeelkj;lkj;lk
uheg200 dafsaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
AN Odoo Enxbayrtai xiisen geree zuv baisaniig oilgoxuu Batuuliig xen shuragsaniig medevuu Altanxuygiin zuv baisniig medvuu