Төлбөртэй зогсоолын хураамж цагийн 1000 төгрөг
Нийслэлд хотын хэмжээнд өнгөрсөн онд барьсан Драмын эрдмийн театрын урд талбай, Спортын төв ордон, Хангарьд ордны гаднах талбайд нийт 191 автомашины зогсоол бий. Эдгээр зогсоолыг төлбөртэй болгохоор болжээ. Төлбөртэй зогсоолд машинаа байрлуулбал нэг цагийн 1000, 30 минутад 500 төгрөгийн хураамж авах журам холбогдох байгууллагын удирдлагуудын төвшинд яригдаж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн Автозамын газрын ашиглалтын инженер Б.Амарболдоос тодрууллаа.
-Төлбөртэй зогсоолуудыг ажиллуулж эхлээгүй хэрнээ үнийг нь нэмэх тухай ярьж эхэлсэн бололтой. Энэ талаар тодруулаач?
-НИТХ-ын 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/27 дугаар тогтоолоор “Нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол ажиллуулах журам” батлагдан гарсан. Ингэснээр 2010 онд Нийслэлийн төв хэсгийн албан байгууллага төвлөрсөн газруудад буюу Хангарьд ордон, Спортын төв ордон, Улсын драмын эрдмийн театр орчмын талбайд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулахаар шийдвэрлэсэн юм. Шийдвэрийн дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалт” компани дээрх гурван байршилд нийт 190 авто тээврийн хэрэгслийн зогсоолыг батлагдсан зураг төслийн дагуу гэрээний хугацаанд гүйцэтгэн 2010 оны 10 дугаар сард комисст хүлээлгэн өгсөн. Дээрх журмын дагуу зогсоолуудыг ашиглалтад оруулахдаа нэг машин нэг цаг зогсоход 200 төгрөг байхаар тооцсон боловч энэ нь ашиглалтын явцад гарах зардалд хүрэлцэхгүй байгаа учир өнөөг хүртэл зогсоол ажилд ороогүй юм.
-Тухайн үедээ тогтоохдоо зардалаа тооцож үзээгүй хэрэг үү?
-Зогсоолыг анхнаасаа зогсоол талбайн зохион байгуулалтыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын сангийн хөрөнгийг бүрдүүлэх гэсэн зорилгоор байгуулсан. Гэтэл зорилгоо биелүүлэх нь бүү хэл, зардлынхаа хаана ч хүрэхгүй байгаа учир үйлчилгээний хугацаа болон нэг цагт хураах үйлчилгээний төлбөрийг нэмэгдүүлэх асуудлыг Нийслэлийн Авто замын газар Засаг даргын зөвлөлийн хуралд оруулсан юм. Улмаар нэг цагт 1000 төгрөг, хагас цагт 500 төгрөг, мөн хоёр цагаас илүү хугацаанд тавихгүй байхаар журамд өөрчлөлт оруулах болоод байгаа. Асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд одоо ИТХ-ын Чуулганаар оруулахаар хүлээгдэж байна. Үүний дараагаас мөрдөгдөж эхэлнэ.
-Гэхдээ цагт 1000 төгрөг гэдэг өдрийн цагаар арай өндөр төлбөр юм биш үү?
-НЗДТГ-ын хурал дээр Хотын дарга Г.Мөнхбаяр нэг зүйлийг хэлж байсан. Хангарьд ордонд гэхэд төрийн байгуулагууд иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр төвлөрсөн байдаг. Тэр газраар иргэд үйлчлүүлж байх учиртай их хөлийн газар. Гэтэл тэр хавьд ажилладаг хэдэн зуун албан хаагч автомашины хязгаарлагдмал зогсоол дээр машинаа өдрийн турш тавьж, зай талбай бөглөчихөөд байгаагаас үйлчлүүлэх ёстой иргэд зайгүй болж, улмаар түгжрэл бөглөрөл үүсч байдаг. Өдөржин машинаа тавих гэж буй нөхдөөр цагийн 1000 биш түүнээс өндөр төлбөр төлүүлэх учиртайг хотын дарга хэлж байсан. Ингэж байж л замын санд хөрөнгө мөнгө төвлөрөх юм.
-Шөнийн цагаар ямар журмаар үйлчлэх юм бэ? Цагийн хязгаар гэж бий юу?
-Төлбөртэй зогсоолын харуул хамгаалалт, хяналтын камер 24 цагийн үйл ажиллагаатай тул шөнөөр иргэдийн хүсэлтийн дагуу зохих төлбөрөөр машиныг нь харж болох байх.
-Хотод өөр төлбөртэй зогсоолууд нэмж баригдах уу?
-Ийм зогсоол байгуулах шаардлагатай зам талбай байгаа. Хот төлөвлөлтийн газраас гаргасан зураг төслөөр нийслэлд нийт 11 газарт төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой. Зураг төслийг нь ч эхлүүлсэн байгаа.
Н.Гантуяа
Эх сурвалж: “Монцамэ”
URL: