“Нарны гүүр” ийн сүүлийн боолтыг чангаллаа
Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байгуулж байгаа «Нарны гүүр»-ийн ган дам нурууны сүүлийн эрэг чангалах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такүо болон барилгын гүйцэтгэгч компани «JFE» / «Жэй Эф И»/, барилгын зөвлөх компани «CTI» /»СиТи АЙ»/-ийн төлөөлөгчид оролцов. Улаанбаатар хотын авто замын бөөгнөрөл, түгжрэлийг зохистойгоор шийдвэрлэх зорилгоор анхлан санаачилж «Нарны гүүр»-ийн төслийг боловсруулан, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар өнгөрөгч оны гуравдугаар сарын 29-нөөс барьж эхэлсэн билээ. Тус гүүрийг Тээврийн товчооноос төмөр зам давуулан Хан-Уул дүүргийн Цагаан хаалганы чиглэлд тавьж буй бөгөөд, ингэснээр Энхтайваны болон Гурвалжингийн гүүрний ачаалал эрс багасч, замын түгжрэл буурхыг мэргэжлийн хүмүүс тогтоожээ.
Гүүр нь дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай, хүнд даацын машин явах боломжтой, 30-аас 55 метрийн алгасал бүхий металл дам нуруутай байх ба ашиглалтад орсны дараа өдөрт 30-аас 50 мянган машин явж өнгөрөх судалгаа гаргасан байна. Ган, бетонон хийцтэй, 262 метр урт, 18 метр өргөн «Нарны гүүр»-ийн ерөнхий суурь, нуруу босчихоод байгаа бөгөөд сүүлчийн боолтыг өчигдөр ийнхүү чангалснаар зорчих хэсгийн хатуу хучилт, ус зайлуулах хоолой, туслах замтай нийлэх уулзвар, явган хүний зам, гэрэлтүүлэг зэрэг ажлыг гүйцэтгэх л үлдэж байгаа аж. Дээрх ажлууд ирэх 2012 оын 11 дүгээр сард бүрэн дуусч, ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга ёслолын ажиллагааны үеэр «Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах энэ ажлыг гүйцэтгэж байгаа Монгол, Японы ажилчиддаа баяр хүргэе.
Цаашид энэ технологоор үүнтэй адил хоёр ч гүүр барихаар яамнаас төлөвлөж байгаа. «Нарны гүүр»ийн ажилд японы өндөр мэргэжлийн инженерүүдээс гадна манай 150 гаруй ажилчин ажиллаж байгаа. Энэ хэрээр бид манай орны эрс тэс уур амьсгалд тохирох ган, бетонон хийц бүхий технологийг эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэж байна» гэсэн юм. Элчин сайд ноён Кидокоро Такүо өнгөрөгч онд гүүрийн барилгын ажлыг эхлүүлж байх үедээ “Нарны гүүр”-ийн барилгын ажил нь Монгол Улсын эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй, Япон, Монгол хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмэр болох юм” гэж онцолж байсан билээ. Японы Засгийн газраас энэхүү гүүрийг барихад нийт 3,7 сая иений буцалтгүй тусламж үзүүлж байгаа юм. Зуун жил ашиглах боломжтой уг гүүрэн гарцын захиалагчаар ЗТБХБЯ, хэрэгжүүлэгч нь НЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Японы олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллага, зөвлөхөөр Японы “СиТи АЙ” компани, гүйцэтгэгчээр “Жэй Эф И” компани оролцож байгаа билээ.
Н.Гантуяа
Эх сурвалж: “Монцамэ”
URL: