Залуу нас минь баяртай

Яг энэ Я үсгийг зурж эхэлсэн үзэгний чахрах чимээг сонссон тэр мөчөөс өөрт байх гал халуухан залуу насаа хөөж явууллаа. Бие биеэ хайрлахдаа ч 35 жил ханилсан эмээ өвөө шиг байж, хөөрхөн үрээ эрхлүүлэхдээ ч ачаа үнсэх мэт намба зөөлөнг хослуулан залуу насаа үлдэн хөөж байна.

169af2c9ec3b13e2big (1)

Галзуу барын амнаас гараа авч ажлаа хийхэд, бусдыг тэврэхэд, илж энхрийлэхэд зарцуулаад залуу насаа явууллаа.

Нулимсаа сүлж чанасан ээжийнхээ цайг хөрөхөөс өмнө ууж дуусгаад залуу явах замаа өнөөдрөөр дуусгавар болгоё. Үрийг минь гараасаа хөтлөөд хүрээд ирэхийг минь хүлээж зогсох ээжийнхээ хөлийг амрааж үрээ тэврээд идэр настай, намба суусан эмэгтэй болъё. Хэрэг юу вэ гэж үү.

Хорих байрны цонхоор толгойгоо цухуйлган 10 сартай үрээ үнсэж байгаа ээж хүнийг би харлаа, хоригдож байгаа эхнэрээ эргэх гээд сүү найруулж хүүгээ угжаад, аяга халуун хоол бариад ирсэн эр омголон хийморийг би харлаа. Уулзаад үнсэхсэн гэхээсээ илүү аяга хоол идүүлчихсэн гээд аягатай хоолоо бариад бас болоогүй ам нь түлэгдчихнэ гээд хөргөөд зогсож байгаа ээжийг харлаа, би.

Өлгийтэй үрээ тэврээд жиндүү салхинд нөхөртэйгөө уулзах гэж хүлээх эвий гоо үзэсгэлэнг харлаа. Үүнээс цааш хараад байх юм байна гэж үү. Бүгд л залуухан. Бүгд л залуу насны алдаа гэж биеэ цагаатгана. Ээжийнхээ нулимсаар залуу насаа угааж яваа юм бол залуу яваад яах юм бэ. Ингэж залуу явснаас хөлөө зөөсөн хөгшин байсан нь дээр. Үзэж хараад байх залуу насны замаа тэр хоригдох байрандаа дуусгасан нь дээр. Үүнээс цааш алдаж хэрэггүй биз дээ.

Хорвоо үзэж туулахаар баян ч хүний ухаан түүнийг сорчлон үзэх боломж олгодоггүй гэж үү. Алгын чинээхэн хайр биднийг алдаж алхахаас аварч болдоггүй гэж үү. Хайрлах сэтгэлгүйдээ ард нь сэтгэлээр гянданд тарчлагдах ээжийгээ тамлан байж тэр хоригдох байранд байгаа биш гэж үү.  Би тэр олон залуусын өмнөөс гэмшиж байна. Алдаж оносон онгироо залуу насыг чинь өөрөөрөө золиослож нас намбатай хижээл эмэгтэй болж сэтгэлээрээ зулын гол болж байна.

Хайр гээч халамцууд нүцгэн хүүхэн, зовоход ээж, зүдэрхэд найз, жаргахад эх орон болж хувирдаг шидтэй зүйлээ үнэн голоосоо сэтгэлдээ тарьж ургуулаад хийрхэлтэй залуу насаараа тахил өргөж энэ олон залуусын өмнөөс гэмшиж байна. Дахиж нэг ч хүн “Яадаг юм бэ, би залуу байна шүү дээ” гэж даврах, өөрийгөө өмөөрөх дуу энэ Монголд минь битгий гараг гээд галзуу баранд залуу насаа хаяж өглөө.

Залуус бидний алдаа оноог араа шүдээрээ хамгаалж байсан галзуу бар чамд баярлалаа. Үүнээс цааш хэний ч гарыг амандаа битгий хий. Уйлах хүмүүс ард нь олон юм байна. Залуу нас минь баяртай.


URL:

Сэтгэгдэл бичих