Шүүхийг 3.5 тэрбумаар шинээр байгуулна
Нэмэлт төсөвгүйгээр шүүхийг шинэчлэх боломжтой
Шүүх байгуулах тухай шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ сарын 19-ний өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан.
Шүүх шатны тогтолцоог гажуудуулсан, иргэдэд хүндрэл урчуулдаг, цаашлаад Үндсэн хууль зөрчсөн зэрэг олон шүүмжлэл дагуулдаг байсан хуучин хуулиа халж, шинэ хуулийн сэлгээ хийхэд хөрөнгө мөнгө төсөв хэтрүүлэн зарлагдахгүйгээр зохицуулж буй талаар холбогдох албаныхан онцолж байна.
Уг хууль хэрэгжиж эхэлснээр,
- Шинээр нэмэгдэх шүүгчийн цалин, нэмэгдэл: 1.805.164.0
- Шинээр нэмэгдэх захиргааны ажилтны цалин,урамшуулал: 880.390.0
- Давж заалдах шатны шүүгчийн томилолт, шатахууны зардал: 151.395.4
- Шаардлагатай тавилга, эд хогшил, бичиг хэргийн зардал: 631.292.2
- Бланк, тамга тэмдэг, хаяг бусад зардал: 41.709.5
Нийт: 3.509.951.8 төгрөгийн зардал гарна гэж тооцоолжээ.
Эдгээр зардлууд нь 2015 онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв шаардагдахгүй аж.
Шүүх иргэд дээр “очиж” үйлчилнэ
Шүүх байгуулах тухай шинэ хууль хэрэгжсэнээр аймаг бүрт захиргааны хэргийн анхан шатны шүүх ажиллах юм. Тодруулж хэлбэл, хуучин Булган, Сэлэнгэ аймгуудад захиргааны хэргийн анхан шатны шүүх ажилладаггүйн улмаас иргэдэд чирэгдэл учруулдаг байсан бол шинэ хуулиар эдгээр аймгууд албан ёсны шүүхтэй болох юм.
Түүнчлэн шүүхийн бүрэлдэхүүнд захиргаа, иргэн, эрүүгийн хэрэгт тухайлан мэргэшсэн шүүгч нар ажиллаж эхлэхээрээ онцлог юм.
Харин давж заалдах шатны шүүхийн тухайд тухайн бүсчилсэн аймгуудыг хариуцсан шүүх бүрэлдэхүүн иргэдийн хүсэлтээр тухайн аймагт очиж, шүүх ажиллагааг явуулах боломжийг нээж буй юм. Ингэснээр давж заалдах шатны шүүх байрладаггүй аймгийн иргэд өөр аймагт очих шаардлагагүй, шүүх нь өөрөө ирж шүүдэг болно гэсэн үг.
Улмаар иргэн хүсэлт гаргаж, давж заалдах шатны шүүх хурлыг өөр аймгийн шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцүүлж ч болох аж.
Шүүх байгуулллагын ойлгомжгүй нэрсийг өөрчилнө
Шүүх байгууллагын нэр нь иргэдийг ихээхэн төөрөгдүүлж, ойлгомжгүй байдал үүсгэдэг. Тухайлбал, “Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх” гэхчлэн тоогоор дугаарладаг хэлбэр нь иргэдэд цээжлэн тогтоох, нэрлэн ярихад хүндрэлтэй байдаг аж.
Тэгвэл шинэ хуулиар тухайн шүүхийн байрших газрын нэрээр нэрлэхээр болсон байна. Тодруулбал, Дорнод аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэхчлэн нэрлэх юм.
Т.Мэндсайхан: Иргэд онлайнаар шүүх хуралд оролцох боломж нээгдэнэ
/Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга/
- Энэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд ямар давуу тал үүсэх бэ?
- Хамгийн гол нь хэргүүд дагнаж байгаа. Иргэд эрүү, иргэн, захиргааны хэрэг тухайлан мэргэшсэн шүүгчээр маргаанаа шийдвэрлүүлнэ. Хуучин хуулиар бол зөвхөн захиргааны хэргийн шүүгч нар ажиллаж байсан шүү дээ.
- Иргэдийн шүүхэд итгэх итгэл сайжирна гэсэн үг үү?
- Тухайлсан хэргүүд дээр мэргэшсэн шүүгч нар ажиллаад эхлэхээр иргэдийн шүүхэд итгэл итгэл сайжирна. Мөн давж заалдах шүүхийн тогтолцоонд шүүх бүрэлдэхүүн нь хүсэлт гаргасан аймагт очиж, шүүх хурлаа хийдэг тогтолцоонд шилжиж байна. Энэ нь шинэ хуулийн хамгийн том давуу талуудын нэг. Иргэд шүүхтэйгээ хамтран ажиллана гэсэн үг.
- Онлайн системээр шүүх хуралдаанд оролцох боломжийн талаар мэдээлэл өгнө үү?
- Иргэд орон нутаг харгалзалгүй шүүх хуралдаанд онлайнаар оролцох, гэрчлэх, хэргийн оролцогчдоос мэдүүлэг авах, тайлбар хийлгэх боломжтой болсон. Шүүхийн тухай мэдээллүүдээ ч бас онлайнаар нээлттэй авах юм.
- Шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан албан тушаалын сэлгээ хийгдэх үү?
- Ерөнхийдөө бол хуучин бүтэц, орон тоогоо хадгалах замаар шинэчлэлтүүд хийгдэнэ. Шүүхийн нэр өөрчлөгдөж байгаа учраас ерөнхий шүүгчийн асуудал гарч ирж байгаа.
- Шүүхийн нэрүүд өөрчлөгдөж байгаа учраас тамгын газрын дарга нарын асуудал бас гарч ирэх биш үү?
- Шүүхийн нэр өөрчлөгдөж байгаа ч тамгын газрын дарга нар ажлаа хийдгээрээ хийгээд явна. Ер нь хүний нөөцийн хувьд томоохон хөдөлгөөн өөрчлөлт гарахгүй байгаа. Сум дудндын шүүхийг дагнан байгуулах учир 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг хоёр аймагт шинээр байгуулахад 6 шүүгч, 2 ерөнхий шүүгчийн орон тоо гарч байгаа.
Ж.Мядагбадам
URL: