Ирэх оноос цөмийн энергийн станцыг барина

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар болон Японы атомын энергийн агентлагтай хамтран зохион байгуулж буй семинар өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Манай улс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор ОХУ, БНФУ, БНЭУ, БНЯУ, АНУ, БНХАУ-тай хамтран ажилладаг аж.

Цөмийн эрчим хүчний ашиглалт бол манай улсад шинэ сэдэв. Өнгөрсөн гуравдугаар сард Япон Улсад болсон цунамигийн аюулаас үүдэж Фукушима-1 атомын цахилгаан станц дэлхий даяар түгшүүр авчирсан. Цөмийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн олон орон атомын цахилгаан станцаас татгалзах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буй энэ үед манай улсад атомын цахилгаан станц, цөмийн эрчим хүчний талаар ярьж байгаа нь анхаарал татаж буй.

Эдүгээ дэлхий дээр 30 гаруй оронд 400 гаруй атомын цахилгаан станц ажиллаж байна. Цөмийн эрчим хүч ашигласнаар эрчим хүчний хангамжийн хувьд найдвартай болж, эдийн засгийн хэмнэлттэй, мөн байгаль орчинд ээлтэй гэх мэт олон давуу тал бий. Гэхдээ чернобель эсвэл фукушима-1 атомын цахилгаан станцад гарсан шиг аюул тулгарвал давж гарахын аргагүй гамшиг дагуулдаг. Тиймдээ ч цөмийн эрчим хүчийг ашиглах тал дээр олон орон болгоомжтой ханддаг юм.

Цөмийн энергийн газрын дарга Ц.Дамдинсүрэнгийн хэлснээр манай улс 2012 оноос цөмийн энергийн станцыг байгуулж эхлэх гэнэ. Тиймдээ ч Япон Улсын атомын цахилгаан станцтай хамтран, олон улсын атомын энергийн агентлагийн оролцоотойгоор энэхүү хоёр өдрийн семинарыг зохион байгуулж буй юм.

Хэрэв “Цөмийн энергийн газар төлөвлөсний дагуу ажиллаж чадвал 2017 он гэхэд манай улс атомын цахилгаан станцтай болох аж. Атомын цахилгаан станц барихад хамгийн чухал зүйл
нь реакторуудыг хөргөж байх усан хангамж сайн байх явдал гэнэ. Ялангуяа халсан цөмийн ректорыг хөргөхөд усны нөөц ихтэй байх нь ихээхэн дэмтэй аж. Мөн газар хөдлөлтийн идэвх сул, дэд бүтэц сайн хөгжсөн байх ёстой юм байна.

Эрдэмтэд Дорнод Дорноговь аймгийн нутагт цөмийн энергийн станц барих нь зүйтэй гэж үзэн судалгаа хийжээ. Хүн амын нягтаршил бага, газар хөдлөлийн идэвхгүй бүс, газрын гадарга нь тэгш, үер усны давтамж бага газарт Цөмийн энергийн станцыг барьж байгуулах учиртай.

УРАН ГЭЖ ЮУ ВЭ

Уран бол байгалийн цацрагжилт нь хаа сайгүй тохиолдох түгээмэл зүйл аж. Гэвч ураны үйлдвэрийн ач холбогдолтой хуримтлал буюу ураны ордын 15 орчим л төрөл бий. Ураныг боловсруулахад цөмийн цацраг идэвхжиж, цельсийн 1000 градус бүр түүнээс ч давсан хэмд хүрдэг байна. Боловсруулалтаас ялгарсан өндөр хэмжээний халуунаас үүсэх агаарын даралтыг хүйтэн усаар хөргөж, халуун хүйтний огцом даралтаас үүсэхийг ашиглан тухайн технологит суурилуулсан дамар эргэлдэж байнгын хөдөлгүүр үүсгэдэг.

Энэ дамрын эргэлтээс л эрчим хүч гаргаж авдаг аж. Хүйтэн ус халуун агаарт ууршиж  үүссэн их хэмжээний уурыг агаар мандал руу гадагшлуулдаг. Уранаас идэвхижих энэ их халууныг зөвхөн голын эсвэл газрын гүний усаар хөргөдөг тул атомын цахилгаан станц барихад усны нөөц ихээхэн чухал.

ХАЯГДАЛ

Уран түүхийгээрээ байгаль дээр байхдаа төдийлөн хор хөнөөлтэй зүйл биш. Харин түүнийг боловсруулах явцад гардаг цацраг идэвхт бодис нь хамгийн их аюулыг дагуулдаг. Тиймдээ ч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээс гарсан шаарыг саармагжуулах гарцыг олсон ганц ч улс дэлхий дээр алга. Харин уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал битүү чингэлэгт хийн хөрсний бүх үе давхаргаас доош гүнд булах арга хэмжээг л авч байна. Гэхдээ ингэж булж орхисон чингэлгүүд хэзээ нэгэн цагт аюул дагуулахгүй гэсэн баталгааг ямар ч өндөр хөгжилтэй орны эрдэмтэн судлаачид хэлж чадахгүй л байна.

ГАЗАР ХӨДЛӨЛТ АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦАД НӨЛӨӨЛӨХ НЬ

Японд болсон газар хөдлөлт 8.4 магнитутын хүчтэй байсан билээ. Үүнээс болж арав орчим метр өндөр давалгаатай цунами тус улсад болсон. Мияги хотын байшин барилга усанд автаж, фүкүшима атомын цахилгаан станцад осол гарсан юм. Гэхдээ станцыг анх барихдаа газар хөдлөлтийн аюулыг маш сайн тооцох хэрэгтэй гэнэ. Японы баруун эрэг дэх Кишү-Вазаваки атомын цахилгаан станц барилгынхаа
бат бөх чанараас шалтгаалан 6.6 магнитутын хүчтэй газар хөдлөлтөд тэсч үлдэж байж. Энэ нь Монголын Могод сум болон Гайти улсад болсон газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээ юм.

Тус станцыг барихаас өмнө хийсэн эрдэмтдийн тооцоогоор хамгийн дээд тал нь 274 см секунд квадратын хурдтайгаар газрын чичиргээ үүснэ гэжээ. Үүний дагуу станцын барилгынхаа хамгаалалтын системийг барьсан аж. Гэтэл энэхүү газар хөдлөлтөөр 680 см секунд квадратын хурдтайгаар хөрс хэлбэлзэж, эрдэмтдийн тооцооноос даруй гурав дахин хүчтэй чичиргээ үүссэн байна. Үүнээс болж явж байсан галт тэрэг замаасаа гарч, авто зам дундуураа цууран эвдэрч, олон тооны байшин барилга нурсан бол Кишү-Вазаваки станцын барилгад ямар ч ан цав үүсээгүй гэнэ.

Эцсийн дүгнэлтэд “байшин барилгад бий болох чичиргээг тооцож чадаагүй ч гэсэн өөрийн хэрэглэж байсан механизм нь тус барилгаа аварч үлдсэн” гэж гарсан байна. Анх барилгаа газрын гүн рүү нэлээд суулгаж барьсан аж. Энэ явдлаас хойш олон улсын байгууллагууд цөмийн станцуудыг газар хөдлөлтөөс хамгаалах асуудалд онцгой анхаарч тусгай байгууллагыг ч хүртэл бий болгосон юм. Атомын цахилгаан станц барихад хамгийн чухал нь газар хөдлөлтийн идэвхжлийн үед маш сайн хамгаалагдсан технологи аж.

Т.Дөлгөөн


URL:

Сэтгэгдэл бичих