Тэргэнцэртэй иргэд яаж орох вэ?

adb0cc0f9e4bd5c23aceefc85f8ceeb8e330a584-Тааварт зураг-

Тэргэнцэртэй иргэдэд зориулсан замын асуудалд ажил хэрэгчээр хандан байгууллагынхаа барилгад Архангай аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн налуу шат гаргажээ. Уг ажил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй ажил хэрэг боллоо гэж удирдах байгууллагадаа тус хэлтсийнхэн үнэлүүлээд байгаа аж.

Гэтэл уг зурагт харагдаж байгаагаар шат ч яахав байх нь байна аа, харин орох хаалга нь хаана байна гэх асуулт гарч ирсэн юм. Иймд таавартай гэмээр уг шатны талаар тодруулга авахаар Архангай аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Л.Аварзэдтэй холбоо барьлаа.

-Уг зурган дээрх байгууллага танай Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс мөн үү?

-Мөн ч мөн байна.

-Гэхдээ тэргэнцэртэй иргэд орох хаалгагүй юм биш үү?

-Урд талаас нь авчихсан болохоор тэгж харагдаад байгаа юм. Бид өөр талаас нь авахуулсан зургаа харуулахаар ойлгомжтой болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо гэх зэрэг байгууллагынхан манай байгууллагад ирж ажиллахдаа, тэргэнцэртэй иргэдэд зориулан стандартын дагуу барьсан шатыг танайхаас өөр ямар ч байгууллага барьж одоогоор чадаагүй байна гэж байна билээ.

-Тэргэнцэртэй иргэд маань тэгээд хаагуур орох уу?

-Зурган дээр харагдаж байгаа хаалгаараа л орно шүү дээ. Зургийг тэгээд л авчихсан юм байна. Шатаар гараад хажуу тал руугаа эргээд л хаалгаараа орчих юм.

-Хэзээ энэ шатыг барьсан бэ?

-Анх огцомдуу шаттай байсан юм билээ, 1997 онд. Стандартад тохируулан налуу, урт болгох ажлыг 2008 онд, намайг энэ албан тушаалд томилогдохоос өмнө шинэчлэн барьсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шатны стандарт гэж юу вэ?

-Үйлчилгээгээ тэргэнцэртэй иргэдэд ойртуулахын тулд гаргасан стандарт. Тэдэн гардусын налуутай гэх зэргээр гэж хариулсан юм.

Уг нь тэргэнцэртэй иргэд маань шатаар дээшээ өгсч гараад, гараа алдлан зосоо энэ залуу шиг өргөн зайтай хэсгээр хажуу тийш эргэн хаалгаар ордог юм байна. Гэтэл нүүр дээрх зурагт гарсан шиг хэн нэгний авсан зураг санаандгүй ингэж таарав уу, эсвэл хайнга хандсан хэн нэгнээс болж, буруу ойлгогдохоор байна уу? Ойр орчимд нь очилгүйгээр, явуулын хүн зураг дарав уу, бүү мэд. Нэгэн тааварт зурагны түүх ийн эргэлээ.

Харин тэргэнцэртэй иргэдийн налуу шатны стандартын талаар мэдээлэл хайхад, 2011 онд Зам тээвэр, барилга, хот байгуулалтын тухайн үеийн сайд тушаал гарган Монгол улсын барилгын дүрэм гэгчид уг стандартыг тусгаж өгсөн юм байна. Уг стандартад маш олон мэргэжлийн хэллэгтэй зүйлсийг дурдсанаас энгийн, ойлгомжтой заримаас нь хүргэе.

Тус дүрмийн гуравдугаар бүлэгт, налуу шатны талаар “Налуу замыг галд тэсвэртэй материалаар хийж, налуу замын захаар 5 см-ээс багагүй өндөртэй хашлага хийх шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явах чигийн дагуух шатны гишгүүр нягт, тэгш, тээглэх зүйлгүй, гадаргуу нь бага зэрэг барзгар байна. Шатны гишгүүрийн захаар 2 см-ээс багагүй хашлага хийнэ. Налуу замын хоёр талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бусад хүмүүс барьхад зориулсан хаалтны өндөр 0.7-0.9 м-ээс багагүй байна. Налуу замын эхлэл төгсгөлд бариулыг 0.3 м-ээс ихгүй илүү гаргаж төгсгөнө” гэх зэргээр мэргэжлийн хүнд хэллэгтэй, ойлгоход хэцүү зүйлт заалтуудтай байдаг аж.

mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих