Ё.Лхагвасүрэн: 19 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан

uls_5590fa83c73fa_1

Улаанбаатар хотод өнгөрөгч амралтын өдөр буюу 26-28-ний өдрийн хугацаанд нийтдээ 156 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдсэн байна. Үүнээс 109 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагааг хийж байна. Хулгайлах гэмт хэргийн тухайд 55, танхайрах 17, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих 39 гэмт хэрэг бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Ингээд өнгөрсөн амралтын өдөр гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөө орон нутагт гарах осол аваар буурахгүй байна. Өнгөрсөн амралтын өдрийн хувьд хэр байв?

-Хүмүүсийн амралт эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутгаар аялал зугаалга болон чөлөөт цагаараа явах иргэдийн хөдөлгөөн ихэсч байна. Тиймээс орон нутгийн замын ачаалал нэмэгдэж байна. Үүнээс болоод замтээврийн осол гарах хандлага байна. Тэгэхээр нийт тээврийн хэрэгслийн жолооч нар хөдөө орон нутгийн замд явж байхдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журмыг мөрдөж хөдөлгөөнд оролцооч гэдгийг хэлмээр байна. Мөн хурд тохируулж, аюулгүйн бүсээ зүүж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрөгч амралтын өдөр хөдөө орон нутагт л гэхэд зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд, нэг том хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

-Хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо өсч байгаа энэ үед хулгайн хэрэг нэмэгддэг. Өнгөрөгч амралтын өдөр хулгайн хэргийн гаралт хэр байсан бэ?

-Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор амралт зугаалга, мөн зусланд гардаг. Энэ хугацаанд орон гэрээ удаан хугацаагаар эзэнгүй орхих гэж байгаа бол хажуу хөршдөө мэдэгдэхийг уриалж байна.

Зайлшгүй тохиолдолд цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад тэмдэглүүлэх шаардлагатай байна гэдгийг анхааруулмаар байна. Өнгөрөгч амралтын өдөр 55 хулгайлах гэмт хэрэг гарсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад нэмэгдсэн байгаа юм. Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдэд шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

-Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад байнгын шалгалтыг хийж байгаа. Сүүлийн үед ямар зөрчлүүд илэрч байна вэ?

-Энэ 2015 оны эхний зургаан сарын байдлаар нийтдээ 684 зөрчлийг илрүүлэн, 327 иргэн 2 албан тушаалтан, 355 аж ахуй нэгжийг 108 сая 940 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авсан байна.

Мөн нийтдээ 19 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулсан байна. Энэ дээр  насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, шөнийн 00:00 цагаас архи согтууруулах ундааны тусгай журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр 19 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагуудад нь өгсөн.

-ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан хуурамч бүтээгдэхүүн, шаардлага хангахгүй согтууруулах ундаа зэрэг орж ирэх болсоныг албаныхан хэлж байна. Үүн дээр сэрэмжлүүлэг хүргэхгүй юу?

-Тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах ундааг их хэмжээгээр оруулж ирж зарах хандлага байна. Энэ дээр холбогдох шалгалтуудыг хийж, арга хэмжээ авч ажилласан байгаа. Онцгой албан татварын тэмдэгтгүйгээр хоёр төрлийн орос архи оруулж ирсэн байна. Үүнийг хураан авч холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч ажилласан. Эдгээр архинуудыг иргэд оруулж ирээд шагийн үнээр, хууль бусаар зарж борлуулж байсан. Он гарсанаар хуурамч архины гурван зөрчлийг илрүүлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих