Н.Номтойбаяр: Бизнесийнхэнд ногдуулах торгуулийн хэмжээ хэт өндөр учраас Эрүүгийн хуулийн төслийг дэмжихгүй
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонссон байна.
Энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалин, урамшууллыг хөдөлмөрийн бүтээмж, ур чадвартай нь холбож тогтоох, хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлах, цалингийн хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулах, цалингийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх чиглэл баримтлахыг бүлгийн зүгээс холбогдох сайдад өглөө.
МАН-ын бүлэг Эрүүгийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзэн, энэ тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэхээр болов. Тухайлбал, энэ хуулийн төсөлд 41 зүйл, заалтаар баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх заалт оруулснаас гадна төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө буюу Хөгжлийн банк, “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар тусгажээ.
Эрүүгийн хуулийн төсөлд торгуулийн ялын мөнгөн хэмжээг тооцооны нэгж гэдэг шинэ зохицуулалтаар тогтоож, бизнес эрхлэгчдийг 20 саяас 13 тэрбум 330 сая төгрөгөөр торгохоор тусгасныг МАН-ын бүлэг дэмжих боломжгүй, хэтэрхий их байна гэж үзэв. /холбогдох зарим гэмт хэрэгт ногдуулах торгуулийн хэмжээг хавсаргав/.
Эрүүгийн хуулийн төслийн 19.6-д заасан Туйлширсан хууль бус үйл ажиллагаа явуулах гэдэгт “Олон нийтийг хэт туйлширсан үйл ажиллагаанд уриалсан, хэт туйлширсан үйл ажиллагаа явуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн твиттер, фэйсбүүк, вэб сайтад үзэл бодлоо илэрхийлж, коммент бичсэнийхээ төлөө энэ зүйл ангиар шийтгүүлэхээр байна.
Энэ нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, хүний эрхийн суурь зарчим болсон “хүнийг итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлагад ногдуулахгүй байх” үндсэн зарчимд харшлахуйц өргөн агуулгатай болжээ гэж үзэж байна. Мөн “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг одоо өргөн мэдүүлэгдэн хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн хуулийн төслөөс хасагджээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг хэрэглэх үед гардаг нэг практик асуудал нь улсын болон орон нутгийн батлагдсан төсвөөс гадуур данс нээж хандив авч зарцуулсан, бусад хөтөлбөр, төслийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан этгээд хуулийн хариуцлагын гадна үлдэх боломжтой байдаг явдал юм. Тиймээс энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн төсөлд нэмж тусгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэлээ.
URL: