И.Мөнхсаруулын хаан зарлигаа хойшлуулж, хаан тодорсонгүй

-ХАНХҮҮГ СЭВТҮҮЛНЭ ГЭЭД ХААН ЗАРЛИГАА БУЦААСАН -

Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд Их Эзэн Чингис хааныг тодруулах ёслол болов. Төв цэнгэлдэх хүрээлэн Үндэсний их баяр наадамд зориулсан засварын ажил дуусаагүй, энэ жил тавьсан хиймэл ногоон зүлэг шинээрээ, засварын ажилчид алх хадаасаа бариад дургүйхэн холхилдож байлаа. Наадмын талбайн зүүн талын тайзан дээр цагаан, ногоон, шар, хүрэн, цэнхэр зэрэг өнгөтэй хаад хатдын хувцас бүхий 200 орчим хүн эгнэн сууж, Монгол улсын филармоний “Морин хуур” чуулгын хөгжимчид Монгол улсын ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Цагаан суварга” аялгуугаар цэнгүүнийг нээн, тайзны доор 99 уртын дууч өөрсдийн ээлжийг хүлээн зогсоно. Ёслолын үйл ажиллагааг “ETV” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэж байлаа.

Тайзнаа “Мөнх тэнгэрийн оньс” хэмээн өөрийгөө өргөмжилсөн И.Мөнхсаруул гарч ирэн:

Дэлгэр сайхан дэвжээнээ

Тэнгэрийн зарлигийг хуваалцахаар

Дэндүү ачлалт Монгол түмнээ…. гэсээр ёслол хүндэтгэлийн ажиллагаа эхлэв ээ. Үүнээс хойш ойролцоогоор 1 цаг 30 минутын турш “Мөнх тэнгэрийн оньс” И.Мөнхсаруул цугласан олонд ерөөлөө хайрлаж, наадмын талбайн баруун хэсгийг дүүргэсэн сүсэгтнүүд үг болгоных нь араас “шинэ маягаар” хурайлан түрнэ. Хуучин бид гараа нар зөв эргүүлэн “хурай хурай” гэдэг байсан бол И.Мөнхсаруулын “шинэ хэв маягаар” гараа доороос дээш нь тосож авах, өргөх мэт хөдөлгөнөөр “хурай хурай” гэх ажээ.

Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр “Байгалийн гоц үзэгдэл ажиглагдлаа, нар тойрон хүрээ татлаа” гэж хөтлөгч залуу хэлэв. Монголчууд эл үзэгдлийг тэнгэр хангай муудахын шинж, хэдий том тод байх тусмаа төдий чинээгээрээ хурдан мууддаг гэж тайлдаг. Лав л сайн ёр биш. Цугласан олон ч шуугилдан, гараа саравчлан бүгд л нар луу онийн харцгаав. Нар хэзээнийхээрээ л… Гэвч түмэн олон ам амандаа шуугилдан “Нээрэн тийм байна, яасан сайхан юм бэ? Итгэмээргүй юм” гэж өнөөх шинэ маягийн хурайлах дуугаа хадаав.

Удалгүй И.Мөнхсаруул дахин тайзнаа гарч, цээжин доторхи цэцэн цэлмэг үгсээ дахин уудлав. Тэрээр өөрийн хойно суугаа хаад, хатдыг танилцууллаа. Дайчин цагаан Дарь эхүүдээ цагаан өнгөөр гоёлоо, эрдэмт мэргэн бурхадаа ногоон өнгөөр гоёлоо, эрч хүчтэй бурхадаа шар өнгөөр гоёлоо, ариун дагшин хутагт найман гэгээнтэн /хүрэн өнгийн дээл хувцастай/ хэмээгээд, Тэмүүжинд өгөх төгс сайхан таван хатнаа уран цэцэн үгээр уянгалуулан танилцууллаа. Тун удахгүй тодрох их эзэн Чингис хааны таван хатан хаанаасаа түрүүлээд тодорчээ. Тэд энэ чухал өдрөө шаргал, цагаан, улаан, ногоон, цэнхэр гэсэн таван өнгийн дээлээр гоёж, бусдаасаа “арай илүү” ялгаран харагдана. Ийнхүү мөнх тэнгэрийн зарлигаар томилогдсон 1000 бурханаа танилцуулсны дараа тэрээр “ХАНХҮҮГ СЭВТҮҮЛНЭ ГЭЭД ХААН ЗАРЛИГАА БУЦААСАН ТУЛ АЛТАН НАРНААСАА АДИС АВААД БУЦААРАЙ” гэж ард түмэндээ дуулгаснаар хаан залах ёслолын ажиллагаа хойшлогдов. Цэнгэлдэхэд цугласан бүхэн түүнд ундууцсангүй, чанга дуугаар “хурай, хурай” гэлцэж байв.

-СЭВТЭХ АЮУЛД ОРСОН ХАНХҮҮ ХЭН БЭ?-

“Мөнх тэнгэрийн оньс” И.Мөнхсаруулын найз нөхөд, хамтран ажиллагч, бишрэн шүтэгчид олон. Тухайлбал, “Эх орон”, “Малчин суваг”, “ETV”  зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний тухай цуврал нэвтрүүлгүүд бэлдэж, ёслолын арга хэмжээг нь “ETV”  шууд дамжуулан үзүүллээ. Телевизийн тухайд тэд рекламаа нэг секундыг нь 500-800 төгрөг, нэвтрүүлгээ нэг минутыг нь 50.000, тоглолт бичүүлэхэд 500-800 мянган төгрөг, үйл явдлыг шууд дамжуулахад *** төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхээр эдгээр телевизүүдийн нэвтрүүлгийн бодлого XXI зууны хүн төрөлхтөний соён гэгээрлээс хоцорч хэт мухар сүсэгжсэн, эсвэл хэдэн ажилчдынхаа цалинг тавихын тулд мөнгөнд худалдагдсан, үгүй бол толгой компаниас “зарлиг” ирсэн. Тэгвэл толгой компанийн эзэд нь хэн бэ? Эх орон телевизийн хувьд “Ажнай” хэмээн овоглогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн телевиз, ETV бол Монголдоо томоохонд тооцогддог “Mass Agency Group”-ын Ч.Даваабаярынх. Цаашилбал Монгол тулгатны 100 эрхэмээр овоглогдсон П.Анужин түүний өмнөх айлдвар, айлтгалуудыг даган баясч түүнийг дэмждэг нь “Мөнх тэнгэрийн оньс” фэйсбүүк групп дахь видеонуудаас харагдана. Мөн Б.Лхагвасүрэн, Т.Галсан нарыг дуудаж тэднийг Монголын нууц товчоог үргэлжлүүлэн бичих төөрөгтэй хүмүүс гэсэн гэдэг.

Гол нь сэвтэх аюулд орсон ханхүү хэн бэ? Өнөөдөр олон түмний өмнө гарч өөрийн биед Чингис хааны сүнсийг буулгах ёстой эрхэм хэн байсан бэ?

Олны үгээр АПУ-гийн Г.Батхүү Чингис хааныг биедээ залах ханхүү, их хаан мөн. Гэтэл мэдлэг боловсролтой энэ эрхэм зүгээр нэг эмэгтэйн үгэнд үнэмших учир бий юу? Г.Батхүү эд баялаг дуудагч Дорж Шүгдэн шүтдэг тухай баримтууд байдаг. Тухайлбал, Тангарагийн буг хэмээгддэг Шүгдэнд сүсэглэгч баячуудын талаар Шүгдэнгийн нэгэн лам тун таагүй зүйл хэлсэн байдаг.

Дундговь аймгийн Дэлгэрцогт суман дахь Чойрын хийдэд 50 сар өөрийгөө бусдаас тусгаарлаж, бясалгал хийсэн С.Осгонбаяр лам даяанаас буух үедээ АПУ компанийн удирдлага, Г.Батхүү болон түүний дүү П.Батсайханг харааж зүхэн алгадах зэргээр аашласан байна. Энэ үед Г.Батхүү, П.Батсайхан нар хүлцэнгүйгээр алгадуулан, загнуулж байсан тухай Үндэсний эрх ашгийг эрхэмлэгч бүлгэм 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тайлагнаж байсан юм.

“Мөнхтэнгэрийн оньс” И.Мөнхсаруул Өвөрхангай аймагт цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хийж байсан. Харин Г.Батхүү 2004 оноос хойш Өвөрхангай аймгаас хоёр ч удаа сонгогдсон. Тэгэхээр бизнес эхэлж байгаа хүн танилаа шүтэх нь дамжиггүйн дээр сүсэг ихтэй, факт ихтэй гишүүн Г.Батхүү түүний хараанд хамгийн түрүүнд өртөх нь дамжиггүй. Мэдээж өөрийг нь “Чингис хаан болно” гээд яг өөртэй нь ижил нүд, гар, хөл, амтай хүн хүрээд ирэхээр хэн ч эхлээд итгэхгүй, гэвч Шүгдэнд сүсэглэгч нэгэн яагаад Ногоон дарь эх, Занабазарын хойд дүрд итгэж болохгүй гэж?

niigem

-И.МӨНХСАРУУЛ ГЭЖ ХЭН БЭ?-

И.Мөнхсаруул Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, таван хүүхэдтэй, тус сумынхаа цэцэрлэгийн эрхлэгчээр 26 жил ажилласан. 2012 оны зургадугаар сарын 17-ны өдрийг хүртэл бидний л адилаар амьдарч ажиллаж байсан нэгэн. Гэтэл тэр өдөр…

И.Мөнхсаруул “Миний бие 2012.06.17-ны өдөр гэнэт дотор муухайрч, бие хөлрөөд амьдралд байгаагүй үзэгдэл болсон. Тэр өдөр би Улаанбаатар хотод цэцэрлэгийн багш нарын семинарт ирсэн байсан. Орой нь би огт унтаж чаддаггүй, намайг гэрээсээ гар гээд байгаа юм шиг санагдаад гэрээсээ гарсан. Гэрээс гартал юу юугүй толгой өөд нь татаад тэнгэр дээр монгол бичгээр үг бичиж харуулсан. Тэгээд би тэрийг үг үсэггүй тогтоож авсан. Итгэхгүй байя гэхнээ нүдэн дээр илтээр үсгийг нь цувуулаад биччихсэн байсан. Тэр үг нь “БҮТЭЭЛ” гэсэн үг байлаа. Энэ нэр юу хэлж байгааг тухайн үедээ би ойлгоогүй. Үүрээр нөгөө өвдөж байсан бие маань босч гүйж хараймаар хөнгөрсөн байсан. Би өглөө 07.00 цагт босоод, хоёр жил дараалан үйлдэж байгаа зан үйлээ хийсэн. Нар луугаа хараад “Төр минь түвшин байг, түмэн олон минь амгалан байг” гэж ерөөл өргөтөл тэнгэрт гэнэт луу харагдаж, сунаж агшаад л, хөл гар, хөлийн хуруу, нүд амных нь товгор яг л баримлаар барьсан юм шиг харагдсан. Тэнгэрээс өгөгдсөн нэр маань “Оньс”, би “түлхүүр” гэж орчуулсан юм. Гэтэл дараа нь тэр үгийг тайлж уншихад “Чи өөртөө бүтээлч гэсэн нэр өгөөд бүтээл гэсэн энэ уналгад суугаад энэ үйлийг бүтээ” гэсэн үг байсан. Энэ л цагаас эхэлж, тэнгэрийн элч болж, тэнгэрийн хэлийг ард түмэнд дамжуулж, монгол хүнд ийм агуу ухаан, суу заль, нууц өөрт нь байдаг юм шүү, өөрийгөө уудлаач ээ гээд энийг зааж  эхэлсэн” гэлээ.

И.Мөнхсаруулд мөнх тэнгэрээс зарлиг илгээхдээ чихэнд нь шивнэж, нүдэнд нь өнгөтөөр харуулж, зүүдэнд нь оруулдаг. Тэнгэрээс зарлиг илгээхдээ 2012 оноос хойш түүнийг хоёр жилийн хугацаанд тэнгэрийн зарлигийг нууцлан хадгалж яв гэжээ. Ингээд 2014 оноос тэрээр мөнх тэнгэрийнхээ зарлигийг 21 аймгаар явж түгээсээр, 2015 онд их хаанаа залж байгаа нь энэ. 2015 онд их хаанаа залах ёслол үйлдсэний дараагийн гурван жилд тив дэлхийг алгасч, бүх хүний газар дэлхийг засан тохинуулна, түүний дараагийн гурван жилд монгол хүмүүс амар тайван амьдрах юм гэнэ. Ингээд гурав, гурав, гурав гээд нийт есөн жилийн даалгавар И.Мөнхсаруулд оногджээ. Учир нь түүнд мөнх тэнгэрүүд нь шивнэхдээ “Чи бол их эзэн Чингис хааны гарыг нь түшиж явсан их эрдэмтэн, дараа төрөлдөө Өндөр гэгээн Занабазар болж ур ухаанаараа их эрдмээ 1000 бурханд шингээн бүтээсэн. Тэнгэрийн хуулиар чи мөнх тэнгэрийн оньс болох ёстой” гэжээ.

-МОНГОЛ МУХАР СҮСЭГТЭЭ ЖИВЛЭЭ, АВРААРАЙ-

Их эзэн Чингис хааныг залах ёслол хүндэтгэлийн ажиллагаанд ирэгсдийн 80 орчим хувь нь 45-аас дээш насныхан байв. Үлдсэн хувь нь ихэвчлэн сонирхсон, шохоорхсон залуус байлаа. Ёслолд ирсэн зарим өндөр настанууд юу болохыг нь ч мэдээгүй асуух мөртлөө, дэргэд суугаад эрхээ эргүүлнэ, олон нийт “хурайлах” дуунаар даган баясана, хувцас хэрэглэлийг нь гайхан шагшина, “Халуун элгэн нутаг” дууг хамт дуулж алга хавсран залбирна. Гэтэл үнэн хэрэгтээ тэд И.Мөнхсаруул гэдэг нэрийг цээжлээ ч үгүй яваа. Энэ өдөр хэнийг, яагаад, ямар хүмүүс хаанаар тодруулах гээд байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй. Зүгээр л өөрсдийг нь аварна, амьдралыг нь өөд нь татна гэсэн болохоор баталгаагүй мэдээлэлд итгэн сүсэглэнэ. Гэвч хэн И.Мөнхсаруулыг тэнгэртэй харьцдагийг хэн, яаж, хэзээ батлах юм? Батлах хүртэл нь бид мухар сүсэг гэе.

Энэ мухар сүсэг бизнесийн шинж чанартай. Монголд болж байсан ийм тохиолдлуудаас хамгийн “мөнгөлөг” нь. Засвараа хийж дуусаагүй, наадамчин олон нь хөл тавьж амжаагүй торгон ногоон дэвжээн дээр И.Мөнхсаруул “бурхадууд”-ынхаа хамтаар гарч чадсан. Хэн тэр эрхийг өгөө вэ? Бас нэгэн шүтэн бишрэгч төрийн байгууллагын дээдэс үү? Тийм их хэмжээний мөнгө үү? Нэмээд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн захиалгат бичвэрүүдийн мөнгө, “хаан хатад”-ын гоёмсог хувцас /400 хатны дээл 800 сая төгрөгөө хийлгэсэн/ хэрэглэлийн мөнгө гээд тооцвол тоонд багтамгүй. Өвөрхангай аймгийн цэцэрлэгийн багш бүр хувьдаа ийм мөнгөтэй бол улс орон минь өөдлөх нь ээ. Харамсалтай нь үгүй. Энэ бол ард түмний “сул” тал дээр тоглосон арилжаа, сүлжээний бизнес, гарцаагүй мухар сүсэг.  

-XXI ЗУУНЫ БИДЭНД XIII ЗУУНЫ ХААН ХЭРЭГГҮЙ-

Үнэхээр л их хаан буусан ч XXI зууны хүн төрөлхтөнд тэр хэрэггүй. Бид мэдлэг боловсролтой танилцаж, өндөр хөгжилтэй техник технологи ашиглан, эрдэмтэдийн нээсэн шинжлэх ухааны ололтууд бүхий ном уншиж, сургуульд суралцан бүхнийг танин мэдэж эхэлсэн. Одоо бидэнд хаан хэрэггүй. Харин эх орныг минь ирээдүйд хөгжүүлэх залуусыг дэмжих эдийн засгийн бодлого, шинжлэх ухааны эрдэмтэдийн ажиллах суурь бааз, дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, өвдсөн нэгнийхээ өвчнийг оношлох оношлогооны аппарат гээд өөр олон зүйлс хэрэгтэй. Түүнээс биш XIII зууны үеийн хувцастай хаад, хатад лав биш.

Үнэхээр би, бид буруу бодож И.Мөнхсаруулыг хэлмэгдүүлэн худал гүтгэж байсан л юм бол ИХ ХААН ЗАЛАХ ЁСЛОЛООРОО гайхамшгийг үзүүлэхгүй яагаа вэ? гэж ам асууя. Хэрвээ би худал ярьж, хууран мэхэлсэн бол И.Мөнхсаруул болоод түүний мөнх хөх тэнгэр нь өчигдөр Монголын ард түмэнд худал ярьж, хууран мэхэлснийхээ төлөө өршөөнө биз.

Б.ГЭРЭЛ /MEDEE.MN/

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 30 August 2015

Дурын нэг сэтгэцийн өвчтэй нь ингэж чадаж байгаа нь манай төр засаг цаашилвал ард түмэн нь мухар сүсэгийн гүн ангалд унасны шинж. Өөрөөр хэлбэл уруудахын цондон муу ёр бүлгээ

Сэтгэгдэл бичих