МАНАН-ын үлдээсэн хар толбо- ¹1
МАНАН гэх бүдүүн бүлгийг монголчууд хэдэн үедээ мартахгүй болжээ. Уг нь шал өөр үзэл санаа, чиг хандлага дээр суурилдаг энэ хоёр нам яаж ийгээд нийлж, засаг байгуулдаг. Эргээд салдаг. Энэ хоорондоо төрийг бусниулна. Түмнийг ч зовоож өгнө. Бас харилцан хамааралтай хийсэн болгон нь ямар нэг таагүй дүнтэй төгсөнө.
Түүх гэдэг өнгөрсөн цагийн бичээс. Энэ бичээст ямраар үлдэхэв гэдгийг өнөөдрийн үйл нь тодорхойлдог. Тэгвэл МАНАН-ын түүх маргааш ямраар бичигдэх вэ гэдэг нь өнөөдөр хэтэрхий тодорхой болоод байгаа юм. Монгол төрийн жолоог атгагчдыг дөрвөн жилээр нь сонгодог болоод 25 жилийн нүүр үзлээ. 20-оод жилд нь таван удаа сонгууль хийхэд бага сага барьцалдсаныг эс тооцвол монголчууд сонгож, сонгогдож сурах нь гэж ойлгогдож байв.
Харин 2012 оны сонгуулиар энэ бүхнийг үгүйсгэн, бүр үгүй хийсэн явдал болов. Тэр жилийн сонгуулийн дараа Өвөрхангайн X тойргийн дүн гарч 23 494 сонгогчийн санал авсан С.Чинзориг, 21 267 санал авсан Н.Төмөрхүү хоёрт Тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг өгөв. Энэ хоёр нэр дэвшигч МАН-ын гишүүд. Харин АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү 19 939, Д.Зоригт нь 16795 сонгогчийн санал авсан байна.
Гэтэл Г.Батхүү нар нөгөө хоёроо сонгогчдод архи тараасан, насанд хүрээгүй хүнийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан гээд нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд хандчихжээ. Шүүх ч үтэр түргэн “Тэгсэн байна. С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрын буруу…” гээд Өвөрхангайн тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгох. шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүд тангараг өргөж, Өвөрхангайн төлөөлөл байдаггүй. Дөрвөн нөхөр шүүхдээд л байдаг. С.Чинзориг Дээд шүүх хүртэл яваад барсангүй. Энэ хооронд эргэж буцсан шийдвэр гарсан нь мэдээж хэрэг. Гэхдээ л эцэст нь АН-ын хоёр нь дийлээд байв. Ингэж байгаад СЕХ-ноос 2012 оны аравдугаар сарын 16-нд Г.Батхүүг тангараг өргүүлэхээр болов. Г.Батхүүтэй хамт У.Хүрэлсүхийн оронд Их хурал руу орсон “ТВ5”-ын Д.Сарангэрэл, Баянзүрх дүүрэгт нам нэгт Б.Батзоригтойгоо тунаж ялсан Д.Арвин нар тангараг өргөсөн. Дараа нь 2013 оны тавдугаар сард АН-ын Д.Зоригт тангарагаа өргөв. МАН-ын хоёр бүрэн ялагдлаа гэсэн үг. Уг нь МАН-ын С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёр нөгөөдүүлээсээ даруй 1500-6700 саналаар илүү байсан байж. Гэвч шүүх үүнийг гол болгосонгүй. Н.Төмөрхүү ч бас зүгээр байгаагүй бололтой юм билээ. Гэхдээ л…
Г.Батхүү, Д.Зоригт хоёр шүүх дээр даналзах шалтгаан бий гэж хардах юм бий. Энэ хоёр эрхэм хоёулаа Монголын толгой баян. “АПУ”, “Шунхлай” гээд 20 гаруй компанийн эзэмшигч Г.Батхүү төрийн өндөр албан тушаалтнуудыг 2014 онд хөрөнгө орлогоороо манлайлж байсан. Харин “Монгол шуудан банк”-ны Д.Зоригт нь 2013 оны хөрөнгө орлогоороо тэргүүлж байсан. Ийм лут хөрөнгөтэй эрхмүүдэд бүтээхгүй юм гэж ховор байж таарна.
Өвөрхангайн хувьд өмнө нь ингэж байсан түүх бий. 2004 оны сонгуулийн дараа МАН-аас нэр дэвүигч Д.Сугар, АН-ын З.Энхболд хоёр ёстой нэг “ясаа цайтал” шүүхдэлцсэн. Хоёулаа Төрийн өмчийн хорооны дарга байсан одоо З.Энхболд УИX-ын дарга, Д.Сугар нь ҮХЦ-ийн гишүүнээр ажиллаж байгаа. Тэр үед Өвөрхангайн XXIV тойрог гэж байлаа. Сонгуулийн дүн зургадугаар сарын 29-нд гарч, тойргийн хороо нь 30-нд З.Энхболдод гишүүний түр үнэмлэхийг гардуулжээ. Гэтэл З.Энхболдынхон Тарагт сумын Туяа багийн 400 сонгогчийн саналыг шөнөөр авч, саналын хуудас дээр гарч ирснээр шүүх, хууль болж, эцэстээ Тойргийн хорооны 24/01 тоот тогтоолыг хүчингүй болгов. Тэд хагас жил заргалдлаа. 2005 он гаруут болсон Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн танхимд энэ маргааныг эцэслэсэн юм. Гэхдээ сүүлийнх нь илүү их асуудал дагуулсан гэж болно.
2012 оны сонгуулиар Увс аймгаас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар архи , мөнгө тараасан. УИХ-ын сонгуулиар Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Я.Лхагва, Т.Гансүх, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын туслахаар ажиллаж байсан УИХ-ын байнгын хорооны рефрент Ш.Чинбат нар малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр Тариалан сумын сонгогчдод мөнгө тараасан гэм буруутай нь шат шатны шүүхээр нотлогдов. Мөн Я.Баттогтох, Ш.Чинбат нар оюутнуудын саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан нь нотлогдсон учраас тэдэнд хөдөлмөрийн хөлсийг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгосон юм. Чухамдаа тараах мөнгийг гаргасан, худалдаж авсан саналыг ашигласан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг яасан ч үгүй өнгөрөв. Ингээд энэ хоёр гишүүнийг татах тухай асуудал яригдаж эхэллээ. Энэ нь дээр дурдсан Г.Батхүү, Д.Зоригт хоёрыг гишүүний тангараг өргүүлэх үү үгүй юу гэдгийг ярьж байсантай цаг хугацааны хувьд таарч, намууд тохироонд орох нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг.
Чухамдаа Монголын улс төрийн түүхэнд, ардчилсан сонгуулийн замналд арилахааргүй хар толбо үлдээсэн явдал бол энэ байлаа. Энэ нь зарчмын хувьд байж болохооргүй гэдгийг дээр доргүй дуугарч байсан ч эрх барьж байсан АН, УИХ дахь нэг суудлын төлөө юугаа ч өгөхөд бэлэн байсан МАН хоёр тоогоогүй. АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар тэр үеэр нэгэн ярилцлагадаа “…Би Өвөрхангайн Ардчилсан намын даргын хувьд 20 жил аймгийн удирдлагыг авч үзээгүй, зорилго хөтөлбөрөө хэрэгжүүлж үзээгүй намынхаа мянга мянган гишүүдийн төлөө ажилласан. Үүнийг аймгийн намын гишүүд ойлгодог. Миний зорилго бол УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулах байсан. Энэ зорилгоо биелүүлэхэд одоо УИХ-д суусан Г.Батхүү, Д.Зоригт нар үнэхээр хайхрамжгүй хандсан. Тэд хувиа хичээсэн ажил хийсэн. Ер нь Өвөрхангайд болсон энэ асуудлыг шалгах тогтоох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Увс аймгаас сонгогдсон хоёр гишүүнийг эргүүлэн татах асуудал яригдаж байна. Энэ хоёр хүн мөнгө тараасан бол Г.Батхүү, Д.Зоригт нар үүнтэй адилхан хууль зөрчсөн ажил хийсэн. Увс аймагт мөнгө тараасан асуудлыг ярьж байгаа бол Өвөрхангайн Ардчилсан намын нэр дэвшигчид мөнгө тараасан, хууль зөрчсөн асуудлыг ч сөхөж хууль зөрчсөн асуудалд хариуцлага тооцох ёстой” гэж мэдэгдэж байв. Мөн өдгөө ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа, 2012 онд АН-аас Увсад нэр дэвшсэн Т.Мэндсайхан “…
-УИХ-д орсон нь хууль бус учраас гишүүн биш гэсэн үг. Гишүүн болоогүй учраас бүрэн эрхийн асуудал яригдахгүй.Хууль бусаар гишүүн болсон бол дараагийн бүх үйлдэл нь хууль бус гэсэн үг. Ер нь энэ үйл явдал Монгол Улсын хувьд анх удаагийнх. Хууль бусаар сонгогдсон УИХ-ын гишүүний үйлдлийг яаж үзэх нь хуульчдын дунд маргаан дагуулах байх” гэж мэдэгдэж байлаа.
Гэсэн ч тэдний үг зүгээр л зоосны нөгөө тал буюу ялагдаад гомдсон хүний үг болж хувирсан юм.
Учир нь намуудад хууль, сонгогчдын санал өгсөн байдал огт хамаагүй.Зөвхөн намдаа оногдсон суудлаа яаж ийгээд нэмж авах нь л чухал байв. Тиймээс АН Г.Батхүү, Д.Зоригт хоёроо оруулж ирэхийн тулд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарынх нь асуудлаар барьцаалж, эцэст нь гишүүдийг нь хэвээр үлдээж мөнгө тараах ажлыг нь гардан гүйцэтгэсэн таван хүнд ял оноосон. Нөгөө талаар Өвөрхангайд хэдэн мянган хүний санал авсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын суудал МАН, АН-ын наймааны тохироонд алга болсон.
УИХ-ын сонгуулийн дүнг шүүхдээд “алга болгодог” энэ технологийг МАНАН Орон нутгийн сонгуульд маш сайн ашиглав. Ерөнхийдөө ийм жишиг тогтсон гэхэд болно. Өнөөдөр Дундговь аймагт гэхэд л сонгуулиар олонх болсон намынхаа төлөөлөгчдийг “хууль бус” болгосон. Түүнээс болоод аймгийн Засаг дарга нь шүүхийн шийдвэрээр хэд хэдэн удаа солигдоод явж л байна. Хэд хэдэн аймагт Орон нутгийн сонгуулийн дүнг ингэж өөрчилсөн байдаг.
Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны нэгдүгээр сард өгсөн мэдээлэлд “…УИХ-ын сонгуультай холбоотой маргаан хэд хэдэн тойрогт гарч зарим тойргийн төлөөлөл одоог хүртэл УИХ-д орж чадаагүй байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд зургаан нэхэмжлэгчээс гаргасан гомдол нийслэл болон зарим аймгуудын захиргааны хэргийн шүүхэд ирсэн” гэсэн байдаг. Тухайлбал, “…Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэд хамтран Увс аймгийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. АН-аас ийм агуулгатай гомдлыг ирүүлсэн. Увс аймгийн захиргааны хэргийн шүүх Х.Баярсайхан нарын иргэд болон АН-аас ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэжээ. Ингэснээр Увсын тойрогт үүссэн сонгуулийн маргааныг нийслэлийн Баянгол дүүргийн шүүх хэ-лэлцэн нэхэмжлэгчийн талд шийдвэрийг гаргаад байгаа.
Түүнчлэн АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, И.Нарантуяа нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Л.Эрхэмбаярын нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцээд бүхэлд нь хүлээн авах үндэслэлгүй гэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх ч гомдлыг хүлээн аваагүй байна. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулахаар болсон. Мөн АН-ын нэхэмжлэлтэй хэрэг Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд ирсэн ч хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Харин АН-аас нэр дэвшигч И.На¬рантуяагийн гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй. Захиргааны хэргийн шүүх хянан хэлэлцэж дуусаагүй бас нэг хэрэг бол Архангай аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбатын нэхэмжлэлтэй” гэсэн байв.
2016 оны сонгууль болоход яг нэг жилийн хугацаа үлдээд байна. Сонгууль болно. Харин дараа нь яах бол… Мэдээж хэрэг, Г.Батхүү, Д.Зоригт нарын “санаачилсан” шүүхийг оролцуулан ашиглаж сонгуульд ялах технологийг ашиглана. Бас намууд шүүхийн шийдвэр гаргуулан, түүгээрээ барьцаалж суудлын наймаа хийж таарна. Орон нутгийн сонгуулийг ч ийм аргаар шийдвэрлэх нь дамжиггүй. Ингэхээр сонгууль өгөх хэрэг байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Хариулт байхгүй. Хариулах ч үгүй, тэд.
Яг үнэндээ хардаад байгаа санал тоолдог “хар машин”-аас илүү аюултай эд бол энэ технологи. Өөрөөр хэлбэл, МАНАН-ын Монгол төрийн түүхэнд үлдээсэн хар толбо юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: