МАН-ын хагарал У.Хүрэлсүх намын дарга болсноор өндөрлөх үү
МАН-ын дотоод хагарал хөшигний цаана үргэлжилж байна. Ууган нэрээ сэргээсэн МАН, бууриа сахигчид болох МАХН-ынхан гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байсан бол өдгөө дахин бутрахад хүрчээ. С.Батболдын фракц, У.Хүрэлсүхийнхэн гэж хоёр ангилахуйц болж. Тэдний зөрчилдөөнийг Сонгуулийн тухай хуулиас үүдэлтэй гэж байгаа ч эртний маргаан сэдэрсэн явдал гэж үзэх нь бий.
Ямартай ч УИХ дахь намын бүлгийн дарга нараасаа эхлээд хурган дарга нараа шинэчилсэн нь намын даргаас үл хамаарсан генсекийн үйлдэл өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх С.Батболдоос өөр хүн шүү гэж сануулсан дохио боллоо. 2008 оны сонгуулийн дараахан эрх баригч хоёр нам тоглоомын дүрмээ шинэчилж, пропорциональ оруулах талаар тохиролцож, гарын үсгээ зурсан баримт тэдэнд бий.
Улмаар пропорциональ элементийг АН-аас илүүтэй дэмжиж байсан нь МАН-ынхан. Тэр дундаа С.Батболд болоод Д.Лүндээжанцан нарын нөхөд. Харамсалтай ч экс Ерөнхийлөгч улс төрд эргэн ирсэн нь У.Хүрэлсүхэд хамгийн ихээр таалагдаагүй төдийгүй, МАН-ыг амлалтаасаа буцахад хүргэсэн юм. Үнэндээ айдастаа хэтэрхий их автсан тэд элдвийн муйхар арга хэрэглэж эхэлсэн билээ. Улмаар генсекийн түргэн зан МАН-ыг олон удаа эвгүй байдалд оруулав.
Түүнчлэн түүний түргэн ам бүлгийн дөрвөн гишүүний ундууцлыг хүргэж, МАХН руу явуулчих дөхсөн. Намын даргад хаягласан хатуухан үгтэй ил захидлаас үүдэлтэй маргаан мөн л У.Хүрэлсүхийг С.Батболдоос бүр ч их ялгаж өгсөн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан албан тушаалаа хүлээлгэн өгөхдөө “Ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Бүлгийн ажил урагшлахгүй байгаа тул ийм алхам хийхээс өөр арга алга” гэж мэдэгдсэн.
2012 оны сонгуулийг 100 хувь пропорционалиар явуулах нь зөв гэх хуулийн төслийг санаачилж байсан тэрбээр Удирдах зөвлөлийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээс өөр арга тухайн үед байгаагүй. Гэхдээ албан тушаалаа өгөлгүйгээр асуудлыг шийдэх боломж байсан. Учир нь Ардын нам нэгэнт амлалтаасаа ухарч, дундын хувилбар болох холимог гэсэн тогтолцоог сонгоход тэрбээр голлох үүргийг гүйцэтгэсэн. Түүнийгээ ч нүүрээ улалзуулан байж, бусад гишүүдийн өмнө хамгаалж байсан нь тодхон санагдана.
Сонгуулийн тухай хууль өдгөө ч эцэслэгдээгүй. Өнөө л можаритор, пропорционалийн аль нь давамгайлах нь тодорхойгүй хэвээр. Харин Д.Лүндээжанцан даргын суудлаа өгөх нь эртнээс төлөвлөгдсөн ажил байв. Улмаар түүний оронд намын дарга болохоор нэрээ дэвшүүлж байсан Ө.Энхтүвшинг тавьсан нь бүр ч хачирхалтай. Мөн эл үйл явдалтай зэрэгцэн бүлгийн дэд дарга Д.Дондог мөн л өөрийн хүсэлтээр суудлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Гэтэл үнэндээ АТГ-аас түүнийг шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокурорын байгууллага зэхэж байгаатай шууд холбоотой байжээ.
Өөрөөр хэлбэл, Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болбол намын нэр хүндийг уландаа чирэх болно гэж үзэн тактик боловсруулсан байсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд тархсан. Иймд энэ байдлаас урьдчилан У.Хүрэлсүх мөн л түүнийг албан тушаалаа өгөхийг даалгасан аж. Энэ мэтчилэн МАН доторх сэлгээг генсекийн эрх мэдлийн хүрээнд өрнөж байна. Улс төрийн амьдрал зуслан руу “нүүсэн” энэ үеэр ч МАН-ын дотоод хагарал үргэлжилсээр. Ерөнхий сайд, намын дарга хоёрыг салгах нь зүйтэй гэх асуудлыг ч МАН-ынхан хурцаар тавих болсон. Гэсэн ч төдийлөн газар авалгүй намждаг билээ. Тэгвэл эрх баригчид зусландаа алжаалаа тайлах зуур МАН-ын хэсэг нөхөр энэхүү яриаг албан ёсны болгохоор ажиллаж байна гэнэ.
Улмаар тэдний төлөвлөгөө бүтвэл Ерөнхий сайдаар С.Батболд үлдэж, намын даргаар У.Хүрэлсүх сонгогдоно. Засгийн газрын тэргүүнийг хэвээр үлдээхгүй бол хамтарсан нэрийн дор буй энэ мөчид асуудал МАН-д ашиггүйгээр эргэж болзошгүй хэмээн тэд тооцоолжээ. Учир нь бүрэн эрхийн үлдсэн хугацаанд АН-ыг хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчний байр суурийг мэдрүүлэх ёстой хэмээн намынх нь төдийгүй Ардын намын хэсэг гишүүн үзэж буй.
Хэрэв Засгийн газар бутарвал МАН-д улам ч сөргөөр нөлөөлж болзошгүй. Ууган нэрээ сэргээснээс болж хоёр тасраад буй улс төрийн хүчинд энэ нь том цохилт болно. Иймээс үүнээс болгоомжлон С.Батболдын суудлыг хөндөхгүй байхаар асуудлыг зохицуулах гэнэ. Иймд С.Батболдын фракц ч хариу цохилтод бэлтгэж байгаа талаар улс төрийн хүрээнийхэн шивнэлдэж байна. Ямартай ч намрын чуулганаар Сонгуулийн тухай хууль, Тавантолгойн зарим асуудал гэхчлэн улс орны асуудлаас гадна МАН-ын болоод МАХН-ын дотоод хагарал, АН-ынхны даргын төлөөх марафон ширүүхэн өрнөх бололтой.
Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/
URL: