Шамбарамын үед хийх дасгал, дагах хоолны дэглэм

27c482cb371631d40dcea11c744b7ac9Шамбарам нь хамгийн өргөн тархсан эмгэгүүдийн нэг юм. Гэдэсний зовиураар эмчид хандсан хүмүүсийн 40% хувь нь шамбарамтай байдаг гэсэн судалгаа бий. Цагаан мах гээд байдаг зүйл нь хошногоны салст бүрхэвчийн атираанууд юм.

Тайван үед эдгээр атираа нь хошногоны сувгийг хаахад оролцож байдаг. Өтгөн гадагшлах үед саад болохгүйн тулд атираанууд нь тэнийж байх ёстой. Харин венийн буюу хураагуур судасны цус тогтонгиших, хэт дүлэх үед атираануудын байрлал алдагдан салст бүрхэвчийн хамт доошилдог. Улмаар энэ хэсгийн цусан хангамж алдагдан өөрчлөгдөснөөр атирааны хэмжээ нь томорч гадагш овойж гардаг.

Шалтгаан

Өтгөнөөр бие засахдаа ойр ойрхон хүчтэй дүлэх, хэвлийн хөндийн даралт нэмэгдэх, өтгөн хатах, гүйлгэх зэрэг нь шамбарам үүсэхийн шалтгаан болдог. Эмэгтэйчүүдийн хувьд гол төлөв төрөх үед үүсдэг.

Хоолны дэглэм

Шамбарамын үед авах урьдчилан сэргийлэх гол арга хэмжээний нэг нь өтгөх хатах, гүйлгэхийг цаг алдалгүй эмчлэх явдал юм. Харин энэ нь зөвхөн зохистой хоолны дэглэм баримтласан үед л боломжтой.

Шамбарамтсан үед хоногйн хоолны орцонд 2-3 литр орчим шингэн юм, гэдэсний гүрвэлзэн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлдэг хүсний бүтээгдэхүүн заавал байх ёстой. Эдгээрт нь хар талх, хивэгний талх /хивэг-отруби, bran /, түүхий ногоо, жимс, хошуу будаа буюу овъёос /овёс, oats/, хар чавга /чернослив, prunes /, сагаг будаа /гречечневая крупа, buckwheat / зэрэг ургамлын эслэг агуулсан бүтээгдэхүүн юм. Харин дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүн, сүүний хэрэглээг багасгах хэрэгтэй. Харин тараг, йогурт зэрэг бүтээгдэхүүн, ялангуяа бифидобактер, лактобактериар баяжуулсныг өдөр тутам хэрэглэж болно.

Хүнсний эслэг / food cellulose, пищевая клетчатка/ нь үр тарианы төрлийн ургамалд агуулагддаг бүдүүн ширхэг эсүүд юм. Эдгээр нь уураг, өөх тос, нүүр ус, амин дэмийн хамтаар хүнсэнд заавал багтаж байх ёстой юм. Хүнсний эслэг нь хоол боловсруулах замд боловсрогддоггүй харин гэдэсний бичил биетүүд шингээдэг. Эслэг нь усыг шингээх, цусан дахь холестериний агуулгыг бууруулах үүрэгтэй. Гэдсэн дэх усыг өөртөө шингэснээрээ өтгөний эзлэхүүнийг нэмэгдүүлэн өтгөн хатахаас сэргийлж байдаг. Эслэгийг хүнсний хэвэг /53-55%/, хүнсний ногоо /20-24%/, хөх тарианы талх хамгийн ихээр агуулдаг /хөх тариа, рожь, rye/ .

Эслэг ихтэй хүнсний бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэхдээ шингэний хэрэглээг заавал нэмэгдүүлэх ёстой гэдгийг мартаж болохгүй. Үгүй бол хүнсний эслэг нь усыг шингээж чадахгүй. Ер нь эслэг нь өтгөн хатахаас сэргийлэх хоолны дэглэмд заавал орж байх ёстой.

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг рашаан /минарльная вода, mineral water, эрдэсжүүлсэн ус/ эрчимжvvлж єгдєг. Өндөр болон дунд зэргийг эрдэсжилттэй ус, магни болон сульфатын ион агуулсан тасалгааны хэмтэй усыг нэг аягаар өдөрт 3 удаа ууна.

Үүнээс гадна хүчтэй үйлчилгээтэй туулгах эм, бэлдмэлийг тогтмол уухаас татгалзах нь зүйтэй. Өтгөн хатах хандлагатай бол эмээр бус харин хоолны дэглэмийн талаарх мэдлэг туршалагтай диетолог эмчийн тусламжтайгаар энэ бэрхшээлийг давах хэрэгтэй.

Бас нэг чухал зүйл бол халуун ногоо, хуурсан шарсан хоол, хурц хоол, утсан мах, хатуулаг өндөртэй согтууруулах ундаа зэргээс бүрэн татгалзах нь зүйтэй. Согтууруулан ундаанд агуулагддаг алкоголь буюу этилийн спирт нь хоол боловсруулах зам, түүний дотор шулуун гэдэсний судаснуудыг тэлэх үйлчилгээ үзүүлдэг. Судас тэлэх нь хошногоны атираанд цус тогтонгишин, үрэвсэхэд нөлөөлдөг. Халуун ногоотой, хурц хоол нь хоол боловсруулалт, шингэлтийг эрчимжүүлдэг ч үүнтэйгээ зэрэгцэн шулуун гэдэсний цусан хангамжийг эрс нэмэгдүүлснээр салст бүрхүүлийг цочроох нөлөө үзүүлдэг.

Сул дарс, коктейл зэргийг бага хэмжээгээр ууж болно. Хоолоо амтлагчтай идэж сурсан бол бага зэрэг яншуй, базилик / basilica/, гоньд /тмин, caraway/ зэрэг халуун амттай хурц биш ургамлыг хэрэглэж болно.

Гүйлгэдэг бол шалтгааныг нь тогтоолгохын тулд эмчид үзүүлэх зөвлөгөө авах хэрэгтэй. Учир нь ойр ойрхон гүйлгэх нь гэдэсний өөр ямар нэг өвчний шинж тэмдэг байж болзошгүй.

Дасгал, гимнастик

Шамбарамтсан үед 2-3 цаг явган явах нь маш нөлөө үзүүлдэг. Энэ хооронд хүн 10 км багаагүй зам туулах ёстой. Гэвчч харамсалтай нь цаг заваар ядмаг байдаг орчин үеийн амьдралд энэ зөвлөгөөг тэр бүр хэрэгжүүлэх боломжгүй. Иймд өдөртөө ядаж 30-40 минут явган явж байхыг хичээ.

Гэртээ суудаг хүмүүс нохой тэжээж, нохойгоо салхилуулангаа алхаж болох юм. Үүнтэй холбоотой нэг зүйл сонирхуулахад 90-ээд оны сүүлээр явуулсан судалгаагаар нохой тэжээдэг хүмүүс нь хоол боловсруулах зам, зүрх судасны системийн өвчнөөр харьцангуй цөөн өвддөг болохыг тогтоосон байдаг. Яагаад вэ гэхээр нохойгоо салхилуулах гэж явган их явдаг болоод л тэр.

Шамбарамтсан үед гэдэс, өгзөг, хярзангийн булчинг бэхжүүлэх гимнастик хийнэ. Гэхдээ шамбаратсан хүн өвчин сэдэрч хурцадсан үед дасгал хийж болохгүй.

Гимнастик

Гимнастикийг 10-15 давталттайгаар өдөрт 2-3 удаа хийнэ.

 

• Хоёр хөлөө зөрүүлж зогсоод өгзөг, хошногоныхоо булчин хэмнэлтэйгээр чангалж суллана.

• Хөлөө өвдгөөр нь өндөр өргөн нугалж алхана.

• Зүүн, баруун хөлөөрөө ээлжлэн урагш, хойш, баруун зүүн тийш эргэлдэх хөдөлгөөн хийнэ.

• Хатуу сандал дээр цээжээ үл мэдэг урагшлуулан нуруу цэх суугаад хошногоныхоо булчинг хэмнэлтэйгээр чангалж суллана.

• Өвдгөө нугалан дээш харж хэвтээд тавхай, мөрөөрөө тулан “таазаа” өргөж шалнаас хөндийрүүлнэ.

• Хөлөө нугалалгүйгээр дээш харж хэвтээд хоёр хөлөө ээлжлэн дээш өргөнө. /хөлөө нугалахгүй/

• Дээш харж хэвтээд хөлөө газраас хөндийрүүлээд хайчлах хөдөлгөөн хийнэ. /хойр хажуу тийш холдуулж, ойртуулан зөрүүлэх/

• Дээш харж хэвтээд хоёр хөлөөрөө дугуу жийж байгаа мэт хөдөлгөөн хийнэ.

• Дээш харж хэвтээд хоёр хөлөө өвдгөөр нь нугалан гэдсэндээ аль болох ойртуулна.

• Доош харж хэвтээд өвдөг, алга, тохойгоороо тулж байгаад өгзөгөө шаланд тултал “таазаа” хоёр тийш ээлжлэн эргүүлнэ.

“Yнэг” дасгал

Хоёр гараараа газар тулан явган суугаад их биеэрээ урагш тонгойгоод өсгийгөө газраас өргөнө. Харц урагшаа, газар руу чигэлсэн байна. Эндээсээ цээжин биеэ доошлуулахтайгаа зэрэгцэн гараа газар буулгах бөгөөд тохой нь өвдгөнд тулах ёстой. /гэтэж байгаа үнэгтэй төстэй болно гэх юм уу даа/. Эндээсээ гар, цээжин биеэ аажмаар урагшлуулна. Яг л юман доогуур шургаж байгаа үнэг шиг. Ингэсээр хөл чинь өлмийн дээрээ тулж тэнийсэн, цээжин бие чинь тултлаа гэдийсэн байрлалтай болно. Гар чинь газар тулж толгой чинь өргөгдсөн байралтай болно. Ингэсний дараа хөлөө өвдгөөр нь нугалалгүй, өлмийгөө газраас хөндийрүүлэлгүйгээр бос. Энэ дасгалын мөн ууцар өвдөх үед хийж болдог.

Эх сурвалж: www.103.mn

URL:

Сэтгэгдэл бичих