Зүүн хойд Азийн залуус сайн дурын үйлсийн төлөө чуулж байна
“Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” Зүүн хойд Азийн залуучуудын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулганыг Ази, Номхон далайн энх тайван, хөгжлийн төлөө хөдөлгөөн /APPDSA/ санаачлан,“Дэлхийн энхийн их наадам”, “Сайн дурын байгууллагуудын сүлжээ”, “Монголын залуучуудын холбоо”, “БОНХАЖЯ” хамтран зохион байгуулж байгаа юм. Уг чуулганыг Ази-Номхон далайн Энхтайван, хөгжлийн төлөө хөдөлгөөний дарга, UNESCAP-ийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Марко Ронкарати, УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгч С.Оюун нар нээж үг хэлсэн. Мөн БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх үндсэн илтгэлийг тавилаа. Зүүн хойд Азийн бүсийн залуучуудын уг чуулганаар нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоог нэмэгдүүлж, чадавхижуулах, хүрээлэн буй орчноо сайн дурынхны хүчээр хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах, тухайн бүс нутгийн залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжиж, эрх зүйн орчныг бий болгох, өөрсдийн туршлага, мэдээллээ солилцох зэрэг өргөн цар хүрээтэй сэдвүүдийг хөндөн хэлэцэж, харилцан туршлага солилцож байна.
Мөн БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх тавьсан илтгэлдээ, сайн дурын үйлс нь хүн хүнийхээ төлөө цохилох зүрх, догдлох сэтгэл, эх орондоо сайн үйл бүтээх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл тэмүүллээс эхэлдэг гэдгийг иргэний суурь боловсролын хүрээнд зааж сургах хэрэгтэйг онцолсон юм. Мөн сайн дурынхны ажил бол өглөө босоод нүүрээ угаахтай адил зайлшгүй хийх ёстой, нэр төрийн ажил гэсэн юм. Дэлхийн залуу манлайлагчдын академийн ерөнхийлөгч Ейчин Ли “Энэхүү чуулга уулзалт их цагаа олсон уулзалт болж байна. Цэнхэр дэлхийн хүн бүр нэгдье гэсэн үг хятад хэлэнд байдаг Монгол хэлэнд ч байдаг байх гэж бодож байна. Бид хүчээ нэгтгэн, нэгдэж чадвал бүх тулгамдаж буй асуудлаа шийдэж чадна. Залуучуудын оролцоо хамгийн чухал байгаа өнөө үед сайн дурын үйл ажиллагаанд манлайлан оролцохыг уриалж байна” гэсэн юм. Чуулганд гадаад дотоодын сайн дурын үйл ажиллагаа явуулдаг олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж санал бодлоо солилцсон бөгөөд “Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо” чуулган ирэх долдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
URL: