ИХЭС ДЭЭДСИЙГ ЭМЭЭЛГЭЖ ЯВСАН ХУТАГТ
Махгалын зууш хатуу архийг гавал аяганд дүүргэж бариад
Манзуширын тангараг нууц тарнийг хуур шанзанд аялгуулан дуурсгаад
Орчлон хорвоог эхнэрээ болгож тархийг нь эргэтэл загнасан Равжаагаас
Олныг бишрүүлсэн Алшаагийн Дандар лхаарамба эмээдэг байсан гэнэм
Очир судрын дээр хас тэмдгээр эмжсэн ташуу дээлийн энгэрт
Онцгой гавлын ясаар чөтгөр шуламыг тонилгож дарсанаа товойлгож
Орчлонд ийм хувцас эсгэж нөмөрсөн шарын шашны хуварга үгүй тул
Оройн дээд Богд хүртэл Равжаатай уулзахаас бэргэдэг байсан гэнэм
Эрдэм чадлаас нь ихэс багш нар ийнхүү сүрдэн эмээж
Энгийн төрхөнд нь чөтгөр шулам ч ээнэгшин дасч
Хоосон хорвоог хувилгаан чадлаар нэвт хараад
Хортой архийг булгийн усанд хувирган залгилж
Хог новшийг ч эрдэнийн чанараар арилжин өөрчилж
Хосгүй эрдмийн оргилд хүрсэн Равжаа хутагтаас
Холын Түвдийн Далай ламтан ч болгоомжилж байсан гэнэм
Үржинхандын гоо бүсгүй Дадишиурыг бодисадва болгон дэргэдээ дагуулж
Үнэрлэх, амтлах, харах, мэдрэх, сонсох таван язгуураар номын увидасаа туурвиж
Үүдний цоорхойгоор туссан сарны цацраг дээр хөөрөгний даалингаа тохох
Үнэт чулуун ваарны доторхийг даавуун уут шиг гадагш нь эргүүлж гүвэх
Үхээд гурав хоносон хүний хөшсөн цогцосыг буцаагаад амь оруулах
Үүлнээс асгарсан ширүүн хурыг газар буулгалгүй солонго болгож цэлмээх
Үлэмжийн хоосныг үнэн бодитойд урвуулан зохиож гурван цагийг эзэгнэсэн
Үүлэн чөлөөний наран мэт цухалзаад өнгөрсөн домогт Равжааг
Өндөр Гэгээний хойдын дүрүүд биширдэг байсан нь гайхалтай
Б.ОЙДОВ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ум амгалан болтугай. Номын увьдас шингэсэн мэт аялгуу сайхнаар түүхийн үнэнийг бичжээ. Амжилт хүсье