“Учиртай гурван толгой” жүжгийн гол дүрийн жүжигчид тодорчээ
Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар Чингисийн талбайд тоглогдох “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн гол дүрийн жүжигчид тодорчээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрийн жүжигчдийн дунд сонгон шалгаруулалтыг хийж гол дүр болох Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд 13 дуучин өрсөлдсөнөөс УДБЭТ-ын гоцлол дуучид шалгарчээ. Тодруулбал, Юндэнд МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг нар багтсан байна. Эдгээр гол дөрвөн дүрд шалгарсан дуучин тус бүрийг НЗДТГ-аас 10 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнах аж. Монголын үндэсний ууган сонгодог бүтээл Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн жилд тус дуурийг анх удаа задгай талбайд буюу долдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагаас Чингисийн талбайд тоглохоор болсон юм.
URL: