“Сайд ирлээ…” гэх ч өөр шүү
Засаг задрах нь тодорхой болж байх шиг… МАНАН нийлж л байдаг. Салж л байдаг. Энэ процесст бид бараг дасал болоод байгаа. Гэхдээ жирийн иргэд учраас үүний улмаас бий болдог хохирлыг мэддэггүй нь харамсалтай.
Ямар нэг бүтцийн өөрчлөлтөөр бий болсон ганцхан газрыг шинээр байгуулах, эсвэл татан буулгахад төсвөөс асар их хөрөнгө зарна. Тухайн байгууллагын тамга тэмдэг, хаяг, албан бланкаас эхэлнэ гээд бод доо. Тэр бүх зардалд та бидний төлдөг татвар л зарцуулагдана гэсэн үг.
Иймэрхүү ээлжит задрал явагдах нь. Зүгээр нэг эр, эм хоёр салж байгаа биш. Засгийн газар задрах нь Монголын төрд дахиад л нэг томоохон бүтцийн өөрчлөлт явагдана гэсэн үг. Дээр дооргүй л бужигнана. МАН-ын, тэр дундаа У.Хүрэлсүхийн нөлөөгөөр албан тушаалд очсон хүмүүс гудамжинд гарна. Тэдний оронд шинэ хамтрагчийн, эсвэл АН-ын гишүүд очно. Ийм явдал болох нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, улс бүх шатандаа бужигнана гэсэн үг.
МАН-ынхан засгаас гарахаа аль эрт шийдчихсэн. Энэ намын удирдлагуудын хооронд далд өрнөж байсан зөрчил даамжирч, ил болоход ойрхон болоод байгаа. Зөрчилдсөн нь засагт хамтарснаас хойш хэл үгээ ололцохоо больсонтой холбоотой гэх юм билээ.
АН-ынхны хувьд тэртэй тэргүй “буцах эхнэр”-ийг бушуухан зайлуулъя гэдэг шийдэлд хүрсэн нь мэдэгдээд эхэллээ. Уг нь тэд МАН-ыг “Ирэх оны төсөв баталтал битгий салаач” гэж гуйсан тухай яриа улс төрийн хүрээнд тарсан. Гэвч хэзээ салах вэ гэдэг л асуулт хэвээр байгаа юм.
Гэхдээ МАН төсөв баталтал “гүрийж” чадахгүй ч, намрын чуулган хүртэл хамтдаа байхаар болж байгаа гэнэ. Олон талаас нь бодож үзжээ. Адаглаад л чуулганы завсарлагаар орон нутагт ажиллахдаа сайдын сэнтийтэй хэдэн хүнтэй байх нь хэрэгтэй гэж ярьцгаасан гэх. Тиймээс өчигдөр МАН-ын генсек Ж.Мөнбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж “МАН засгаас гарахгүй” гэж мэдэгдлээ. Тэрээр “МАН-ыг засгаас хөөж гаргана, хамтарсан Засгийн газар тарах гэж байна гэсэн мэдээлэл сүүлийн үед их явж байна. Үүнтэй холбоотой АН-ын бүлийн дарга нар мэдээлэл хийж, АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж засаг байгуулахад хамтарсан намуудтай хийсэн гэрээний биелэлтийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээлэл хийсэн. Өнөөдрийн байдлаар АН МАН-ыг засгаас хөөж, туусан албан ёсны шийдвэр гарсан зүйл ирээгүй байна. МАН-ын гишүүд төрийн ажлыг гацааж, засгийн газраа муулж байна, болж бүтэхгүй зүйлийг МАН-ыхан ярьж байна гэж бүлгийн дарга нар нь мэдээлэл хийх үеэрээ хэлсэн. Энэ худлаа.
МАН 2014 оны арванхоёрдугаар сард Засгийн газарт орохдоо “Бид хамтарсан Засгийн газар орлоо гээд өмнөх болон шинэ Засгийн газрын хууль бус алдаа дутагдалыг хаацайлахгүй, үнэхээр нь хэлж, шааардлагаа тавина. Зөв зүйтэй зүйлийг нь дэмжээд явна” гэж хэлж байсан. Мөн МАН-ын нам хамтарсан Засгийн газрынхаа ачаа, хариуцлагыг үүрнэ. Тэрнээс өмнө буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаа хариуцлагыг үүрэхгүй” гэлээ.
Эндээс үзэхүл засаг өнөө маргаашдаа тарчихааргүй болсон бололтой. Энэ засгийн толгойг мэддэг хэдэн хүн бий. Тэд өчигдөр зөвлөлдөөд ойрын үед ийм “хөдөлгөөн” хийхээ больё гэж тохирсон гэнэ. Нөгөө талаар наадмын өмнө засгаас гарахгүй байх нь МАН-д ашигтай байж мэднэ. Тэр нь наадмаар хэдэн сайдаа хөдөө хөөж явуулах гэнэ. Нээрэн ч наадмаар нутагтаа очиход нь “Сайд ирлээ…” гэх ч өөр байх шүү.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: