Өвчилсөн адууны мах аюултай
Нийслэлд баяр наадмын өдрүүдэд адууны ханиад нэлээд хэд бүртгэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулж Нийслэлийн мал эмнэлгийн газар хяналт, шалгалтаа чангатгасан. Уяачдын морьдоос шинжилгээ авч, өвчтэй адууг уралдуулалгүй вакцинд хамруулсан байна. Харин мал эмнэлгийн удирдлагууд зарим өвчилсөн адууг бүрэн эмчилгээнд хамруулаагүйн улмаас нутагтаа буцсан морьд халдвар тараах явдал бага, сага ажиглагджээ. Түүнчлэн өвчилсөн адууны махыг зарж борлуулж байна гэсэн мэдээлэл тархаад байгаа юм. Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад манайд үүнтэй холбоотой дуудлага огт ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Харин Нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч, ариун цэврийн мэргэжилтэн Д.Лхамноржингоос дараах зүйлийг тодрууллаа.
-Хамгийн сүүлд ханиадтай адуу хэд бүртгэгдсэн бэ?
-Наадмын үетэй харьцуулахад эрс цөөрсөн. Долоо хоногт хоёр, гурав ирж байна. Өвчний оргил үеэр буюу өнгөрсөн сарын дундуур долоо хоногт дор хаяж 20-30 дуудлага ирдэг байсны дагуу эмчилгээ үйлчилгээ хангалттай үзүүлсэн.
-Адууны ханиад анх аль аймгаас илэрсэн бэ?
-Үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Нийслэлд уралдахаар ирсэн морьдын аль нэгнээс бусаддаа тархсан байж болзошгүй.
-Өвчтэй адууны мах зарж борлуулж байгаа талаар мэдээлэл гарах боллоо?
-Энэ талаар манайд огт мэдээлэл ирээгүй. Өвчилсөн адууны махыг зарж борлуулах нь мэдээж аюултай. Үхсэн адууг устгалд оруулсан. Адууны ханиад гэдэг нь уушгины хатгалгааг хэлдэг. Ядарч, сульдсан адууны уушгинд орсноор турж эцэх, цаашлаад үхэлд хүргэдэг.
-Хүнсэнд хэрэглэвэл яах вэ?
-Нян тээсэн мах хүнсэнд хэрэглэвэл үхэлд хүргэхгүй ч уушгины архаг үрэвсэлтэй болгох тохиолдол бий. Гэхдээ лабораторийн шинжилгээгээр үр дагаварыг нь нарийн тодорхойлох шаардлагатай. Ямартай ч нийслэлийн хэмжээнд өвчтэй адууны махыг зарж, борлуулсан нь тогтоогдоогүй шүү дээ.
-Энэ дашрамд асуухад малын боом өвчний гаралт хэр байгаа вэ. Хамгийн сүүлд хаана илэрсэн бол?
-Нэг үеэ бодоход боом өвчний тархалт цөөрөөд байна. Нийслэлийн мал эмнэлгийн авч хэрэгжүүлсэн ажлын хүрээнд боом өвчинтэй тууштай тэмцсэн нь үр дүнгээ өгч эхэлсэн.
-Сүхбаатар аймагт үхсэн зээрүүд олдсон. Шинжилгээний хариу гарсан болов уу?
-Бид зөвхөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ орон нутагт мэдээлэл солилцох зүйл байдаг ч хараахан бидэнд хандсан зүйл алга. Үүнийг харьяа аймгийн адил салбарын байгууллагаас тодруулах боломжтой.
Эмчийн ярьснаар нийслэл хотод өвчтэй адууны мах борлуулагдаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тэгэхээр өвчилсөн адууны тоог нарийн тодорхойлж, устгалд оруулсан баримт үгүйлэгдэж байгааг харуулж байна.
Т.Батсугар http://www.niigmiintoli.mn/
URL: