Уугуул иргэд тайван амьдрах эрхтэй болсондоо баярлаж байна

Нийслэлийн ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээ олгох ажлын явц ямар байгаа талаар газар дээр нь танилцаж, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр дээрх хороодод ажиллалаа. Энэ үеэр БОНХАЖ-ын сайд 11 болон дөрөвдүгээр хорооны зарим айлаар орж, ахуй амьдралтай нь танилцав.

Эхний орсон айл Зайсангийн амны Л.Даваасүрэн гуайнх байлаа. Тэрбээр оршин сууж буй газартаа 60 жил амьдарчээ. Харьцангуй жижиг газарт олуулаа амьдардаг Л.Даваасүрэн гуай “Энэ олон жилийн турш алга дарам газраа өмчилж авч чадахгүй нь гэж их айж байлаа. Одоо бол эмээ нь бүтэн нойртой хонож чадахаар боллоо. Бид их баяртай байна” гэлээ.

ХУД-ийн 11 хорооны иргэн Б.Улаанхүү гуай хараа муутай, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ажээ. Тэрбээр 30 гаруй жил амьдарч байгаа газраас нь хэн хэзээ хөөх бол гэсэн үргэлжийн айдастай амьдарч ирснээ хэлж, олон жилийн хүсэл нь биелж ямар ч байсан хүнд үзүүлэх бичиг баримттай болж байгаадаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд туйлаас талархаж байгаагаа хэлсэн юм.

БОНХАЖ-ын сайд үргэлжлүүлэн тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэдтэй очиж уулзаж, газар ашиглах гэрчилгээ олголтын талаар мэдээлэл өгч, ярилцлаа. Гэрчилгээний эхний хэсгийг ирэх долоо хоногоос олгож эхлэхээ сайд албан ёсоор мэдэгдэв. Энэ үеэр тус хорооны хамгийн өндөр настай иргэн 105 настай С.Дарь салбарын сайдад талархлаа илэрхийлж, мөнгөн аягатай сүү, алд цэнхэр хадгаа дэлгэн угтав. С.Дарь гуай мөн л бусдын адил бор гэрийг нь ачаад явчих вий гэж үргэлж айж явдгаа хэлж, айдсыг нь арилгаж албан ёсоор газрын гэрчилгээг нь шийдэж өгч байгаа Д.Оюунхорол сайдад маш их баярлаж буйгаа хэлж, насыг нь аваарай гэж ерөөсөн юм. “Эмээ нь ядаж 70, 80 настай байсан бол хөгжлийн хурдаас дүүжлэгдэх юмсан” гэж хэлсэн эмээгийн үг тэнд цугларсан олон хүний сэтгэлд дулаан санагдсан билээ. ХУД-т ажилласан БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Зайсангийн 11 дүгээр хорооны иргэдтэй мөн уулзлаа.

Салбарын сайд иргэдэд хандан олон жил шийдэгдэлгүй ужгирсан асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл их байгаа, гэхдээ бэрхшээлээс айлгүй асуудлыг барьж авсан нь зөв байжээ гэдгийг ард иргэдийн баярласан царайнаас хараад улам бүр ойлгож байгаагаа хэлж байв. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 10-ны өдөр уугуул иргэдийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ үедээ асуудлыг аль болох даруй шийдэхээр ажиллаж буйгаа хэлсэн. Харин энэ удаад асуудал шийдэж буйгаа баталгаажуулан өөрийн биеэр ирж уулзаж байгаад ард иргэд бүр ч их баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын бэлтгэлийг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлжээ. БОНХАЖ-ын сайдын А-235 тоот тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан, 1996 оноос өмнө амьдарч байсан иргэдийн судалгааг явуулж, уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийн, асуудлыг шийдэх гарцыг хамтдаа хайн ажиллажээ. Мөн кадастрын зураглал хийх тусгай эрх бүхий мэргэжлийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан хоёр хорооны зургаан хэсэг газарт нэгж талбарын кадастрын зураглал хийлгэсэн байна. Зайсангийн амны 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 689 нэгж талбар дээр, Арцатын амны 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 178 нэгж талбар дээр, нийтдээ 867 хэмжилт хийж, кадастрын зураглал гаргажээ. Энэ зураглалаас харахад нэгж талбарын тоо өмнөхөөс нэмэгдээд байна. Тухайлбал, Зайсангийн аманд анхны мэдээгээр 523 өрх байсан бол кадасртын зураглал шинээр хийсний дараа 698 болж нэмэгджээ. Иргэд өөрсдийн амьдарч буй газраа үр хүүхэддээ хуваах, олон хүний нэр дээр бүртгэлжүүлэх гэсэнтэй холбоотойгоор нэгж талбарын тоо ингэж нэмэгдсэн хэмээн ажлын хэсгийн холбогдох албаны хүмүүс тайлбарлав.

Уг ажлыг гүйцэтгэх явцад газрын хэмжээ харилцан адилгүй, нэг хашаан дахь айл өрхийн тоо олон, газрын маргаантай, орох гарах зай завсаргүй шахаж буусан, хаягийн шилжүүлэггүй гэх мэт олон бэрхшээл тулгарч буй ажээ. Тухайлбал, ХУД-ийн Арцатын аманд л гэхэд хамгийн бага нь 247.07 м.кв талбайтай айл байхад хамгийн том нь 6308.27 м.кв талбайтай айл байгаа ажээ. Хуулийн дагуу нэг иргэнд 0.05 га-гаас ихгүй газарт гэрчилгээ олгох тул том талбайтай айл өрхүүдийн газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохиролцон ажиллаж байна. Харин төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхацсан инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газар дээр байршиж буй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буусан тохиолдолд газар ашиглах гэрчилгээг олгох боломжгүй байна. Түүнчлэн үерийн ам, далан, жалганд буусан, аливаа шатны шүүхэд маргаантай, 0.05 га-аас их талбайтай, тухайн засаг захиргааны нэгжид бүртгэлгүй, уугуул биш иргэдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа ажээ.

Гэхдээ л олонхи айл асуудлаа шийдүүлж байгаадаа нэн баяртай. ХУД-ийн 11 хорооны иргэн Н.Должин “Юм хийдэг хүн төрд гарахад доод хүмүүс нь хөдөлдөг юм байна. 6 жил битгий хэл 60 жил ч хөөцөлдөөд авч чадахааргүй гэрчилгээг маань 6-хан сарын дотор олгож байгаа БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролд үнэхээр их талархаж, баярлаж байна” гэж хэлж байв.


URL:

Сэтгэгдэл бичих