Ам.долларын урсгал саарчээ

158528-25032015-1427273278-1327182119-dollar1Төгрөг ам.долларын эсрэг долоон хувиар чангарч байв

Монгол банкны албан ханшаар энэ сарын 11-нд ам.доллар 1863 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр 1928.9 төгрөгт хүрчээ. Төгрөгтэй харьцах ам.долларын ханш долоо хоногийн өмнө доод цэгтээ хүрч, төгрөг ам.долларын эсрэг долоон хувиар чангарч байв. Энэхүү үзүүлэлт нь сүүлийн гурван жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн ханшийн өсөлт болохыг Монгол банкны Валют, эдийн засгийн газрын хэлтсийн захирал Ж.Батаа тэмдэглэлээ. Ам.долларын ханш дөрөвдүгээр сараас хойш үргэлжлэн буурч, өнгөрсөн оны аравдугаар сарын түвшинд хүрээд байсан юм.

“Эдийн засгийн суурь үзүүлэлтээс хамаарч ханш огцом сулрах эрсдэл эрс буурсан. Өөрөөр хэлбэл, валютын зах дахь эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ тэнцвэржиж байгаа” хэмээн Ж.Батаа захирал тоймлов. Монгол банкны зүгээс төгрөгийн ам.доллартай харьцах ханш цаашид тогтвортой байх нөхцөл бүрдсэнийг өмнө нь дуулгасан удаатай.

Харин “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 1933 төгрөгөөр худалдан авч, 1937 төгрөгөөр зарж байв. Ханш долоо хоногийн хугацаанд огцом хөдөлж, даруй 50 төгрөгөөр чангарсан нь валютын нийлүүлэлт, олдоц тааруу байгаатай холбоотой хэмээн валютын захын ченжүүд тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын орох урсгал саараад байгаа аж. Төв банкнаас ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор сүүлийн 10 хоногийн дотор нийт 58 сая ам.долларыг дуудлага худалдаагаар валютын захад нийлүүлжээ. Энэ оны эхний улиралд гадаад худалдаа 418 сая ам.долларын ашигтай гарсан нь валютын захын тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэхээр байгаа аж. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн гурван жилийн мөн үетэй харьцуулахад 37 хувиар буурсан нь ханшийн эрсдэлийг сааруулах бололтой.

Эдийн засагч Б.Түвшинтөгс “Гадаад валютын нийлүүлэлт татарч хомсдол үүссэн нь төгрөгийн ханшид дарамт үзүүлсэн. Орох нь бага, гарах нь их байгаа тул гадаад валютын ханш чангарч байна” гэв.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих