Ш.Сайхансамбуу: Их хуралд гурваас дээш удаа суусан гишүүдийг битгий сонгоорой

6-23-2_700x700

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг урилаа.

-Хэдэн жилийн өмнө та хоёр танхимтайпарламентын тухай ярьж, загварыг ньгаргаж  байсан. Тэгвэл Үндсэнхуулийн өөрчлөлт ярьж буй энэ цагүед ямар бодолтой байна?

-Үндсэн хуулийг өөрчилж чадахгүй. Энэ парламент, тэнд байгаа хэдэн нөхдөөр Үндсэн хуулийг өөрчлүүлнэ гэвэл дампуурсан юм болно. Ярьж хэлж байгаагаас нь үзэхэд  ихээхэн бүтэхгүй юмнууд сонсогдож байна. Монголын ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийг парламентаас, намаараа тохиролцоод шийддэг болох гэнэ.

Нэг хүнийг сонгож, дуртай цагтаа татаж унагаадаг болох нь. Ер нь тэгээд  ард түмэнд мэдэх юм алга болох нь. УИХ-ын хэдэн гишүүнийг сонгодог, тэр нь эргээд ард түмэндээ үйлчилж байгаа юм алга. Өөрсдийн болоод нам, фракцийн эрх ашиг гээд алга болдог. Одоо Ерөнхийлөгч нь тийм болох гэнэ. Ард түмэн юу мэдэх болж байна. Байгалийн баялаг ард түмнийх гэдэг, гэтэл тэр нь  байдаггүй. Сонгох, сонгогдох эрх ч байдаггүй. Юм ярья гэхээр хэвлэл, мэдээлэл нь хаалттай. Ийм  хачин нийгэм  болчихлоо.

-УИХ-ыг илүү хариуцлагатай болгох хувилбар гээд байгаа хоёр танхимын тухайд юу хэлэх вэ?

-Би 2008 онд гишүүн болоод энэ тухай ярьж, санал дэвшүүлсэн. Загварыг нь гаргаад тухайн үед манай намын дарга байсан Сү.Батболдод өргөн барьж, намын даргын хувьд та дэмжээд өгөөч, намын зүгээс санаачлан бусад намуудтай санал солилцож шийдүүлээч гэсэн, байхгүй. Өнөөдөр зарим улстөрчдийн амнаас хоёр танхимтай байх тухай санал, санаачилгууд гарч, хэвлэлээр ч тэр талын мэдээллүүд гарч байна. Гэхдээ хоёр танхим гэдгийг хэд хэдэн янзаар ярьж байх шиг байна. Ер нь бол Их хурлыг хоёр танхимтай болгосноор хариуцлага дээшилнэ, хяналттай болно.

-Та тухайн үед ямар хувилбар дэвшүүлсэн юм бэ?

-Хууль тогтоох чиглэлд өдөр тутмын ажиллагаатай доод танхим гэж байна. Дээд танхим нь жилдээ нэг цуглаад доод танхимынхаа ажлыг хянаж, ирэх жилийн төлөвлөгөө, ажлыг баталж өгдөг байж болно. Товчхондоо ийм жишгээр ажиллахад болохгүй юм байхгүй. Хуулийн төслийг  задлаад яривал нарийн зүйлүүд бий. Өмнө нь АИХ гэж байхад болоод байсан шүү дээ. Тэр болгон хийдэл гаргадаггүй, төсөл, төлөвлөгөөнөөс эхлээд  хамаг юмаа яриад, хийгээд болоод байсан. Өнөөдөр шүүх, прокурор, АТГ гээд хууль, хүчний байгууллагуудын тэргүүнүүдийг нэг хүн томилж байна гэсэн шүүмжлэл гарахгүй. Яагаад гэвэл дээд танхим нь томилоод явчихна. Эргээд ямар нэгэн нөлөөлөл байхгүй.

-Сонгуулийн хуулийн тухайд парламентын гаднаас юу ажиглагдаж байна?

-Сонгууль болгоны өмнө хуулиа өөрчилдөг. Тэр болгонд бүтэлгүй юм хийж байгааг анхааруулж  байсан. Одоо юу хэлэх вэ дээ. Ер нь бол 2008 онд намайг гишүүн болж тангараг өргөсний дараагаас  энэ Их хурлын гэдэг байгууллагын  байдал тодорхой харагдаж байсан. 2012 онд хуулиа өөрчилж холимог тогтолцоогоор сонгуульдсан. Улстөрд удсан хүмүүс өөрсдөө үлдэж хоцрох юмаа хийдэг. Одоо  тэр л мэхээ хийж байна. Энэ хүмүүст Үндсэн хууль, бусад хууль огт хамаагүй мэт. Сүүлийн үед Монгол Улс Үндсэн хуульгүй юм шиг явцгааж байна, төрд байгаа хүмүүс. Хууль нь зөвхөн жирийн иргэдэд л хамаатай. Ганц АН ч биш, МАН үүнд нь оролцчихсон, дээгүүрээ сүлжээ болсон нөхдүүд дийлдэхээ байсан. Одоо сонгуулийн хуулиа ингэж л хийнэ. Тэгэхээр шинэ хүмүүс, улстөрийн шинэ хүчин, залуучууд улстөрд орох замд том хана үүссэн. Юу ч тэр ханыг нэвтлэхгүй. Ямар ч хуягтаар  буудсан нурахааргүй. Залуучууд түүнийг нэвтэлж чадахгүй. Ингээд  гарц хайж бишгүй явж,  биеэ бэлдэж мэдлэг боловсролоо дээшлүүлж чамгүй зүтгэж байна. Тэдний өмнө хэвлэл мэдээлэл нь  хаалттай, тэгэхээр дуу хоолойгоо хүргэх боломжгүй.  Эцэст нь хуучин хүмүүсийг бараадаж, намд нь орохоос аргагүйд хүргэдэг. Одоо байдал ямар байна гэвэл, хуулийн өөрчлөлт хийнэ гээд яриад байна. Хурдан шийдэхгүй л дээ. Хаврын чуулганаар оруулахгүй.  Ярьсаар байгаад намрын чуулган эхлүүлж, он солигдох мөчид амжуулах биз. Угаасаа тийм   муу жишиг тогтчихсон. Тэр хүртэл  янз бүрийн юм ярьж ард түмний тархийг угаана. Тэгж байгаад сонгуульд харанхуй оруулж, өөрсдөө гарах арга сэдэж байгаа.

-Таван том тойрогт хуваана, Улаанбаатар хотыг тусад нь бүсчилнэ гэж байгаа нь ч тэр арга нь уу?

-Наадахаас чинь  их сонин юм харагдаж байгаа шүү дээ. Тойргоо томсгоод байгаа юм шиг гэтэл дотор нь жижигрүүлж хуваана ч гэх  шиг. Түрүүнд би хэлсэн дээ, Үндсэн хууль байхгүй юм шиг авирлаж байна гэж. Энэ 76 хүн өөрсдөө үлдэхийн тулд юу сэтгэж, хийж болох нь вэ, тэр бүхнийг хийж байна, хэрэгжүүлэхээр зэхэж  ч байна. Хууль гэж баахан ярьж, тархи угаасны эцэст өөрсдийнхөө нэрийг шахна, хүчээр дугуйлуулна.

-Сонгогчид ч гэсэн заавал дугуйлах ёстой юм шиг хариуцлагагүй ханддагаа болихгүй бол хариуцлагагүйхүмүүс гарч ирнэ шүү дээ?

-Тэр үнэн. Тийм байлгах юмыг  дээрээс нь хийж өгөөд байна л даа. Тэгэхээр сонгогчид 2016 оны сонгуульд өмнөх өмнөхөөсөө  хариуцлагатай хандах ёстой. Хуультайгаа сайн танилцах хэрэгтэй. Ямар ч тохиолдолд Их хуралд гурваас дээш удаа суусан нөхдүүдийг сонгохгүй баймаар байна. Хэд сонгогдож вэ гэдгийг нь  асуугаад гурав гэвэл больчих хэрэгтэй шүү дээ.

-Тавантолгой, Оюутолгой, Гацууртын ордын асуудлыг Их хурал ид ярьж байна. Ер нь бол их ч удаан ярьжбайгаа сэдвүүд. Энэ удаа ямар нэгэн ахиц гарах болов уу?

-Би Их хурлын гишүүнээр ажилласан дөрвөн жилдээ нэр бүхий зургаан гишүүний хамт Оюутолгойн гэрээ хуудуутай гэж эцсээ хүртэл тэмцээд дийлээгүй, олонхийн саналаар  батлагдсан. УИХ-ын 40, 57 дугаар тогтоолоор өгсөн үүргийн дагуу  Засгийн газрыг гэрээгээ хий гэсэн. Гэтэл хуулийг нь өөрчилж , “Айвенхоу Майнз”-д тохируулан засч байгаад гэрээг хийж, батлаад явуулчихсан. Тэр үед би “Оюутолгой  ингээд дууслаа” гэдгийг хэлсэн, сонин хэвлэлд ч  ярьсан. Одоо  тэр талаар ярих юм байхгүй. Тавантолгойн хувьд бид  нүүрсний зах зээлд урд хөрштэйгээ л хамтарч, энэ айлд нүүрсээ борлуулна. Олборлолтыг ч хамтарч хийнэ. Өөр ямар ч гарц байхгүй.

-Хятадаар дамжуулж өмнө нь харилцаж байгаагүй шинэ улс орнууд руу нүүрсээ гаргана гэж ярьж байгаа?

-Хятадаар дамжуулж Солонгос руу гаргана, хаа байсан Сибирийн төмөр замаар давхиад Владивосток орж Япончуудад нүүрсээ  зарна  гэж ярьж  байгааг хэлж байна уу. Тэр   бол  үлгэр. Тэртэй тэргүй Хятад том гүрэн, Монголын нүүрсийг бид авна, авахдаа яаж авах вэ гэдгээ аль эртнээс тооцоолчихоод тосоод сууж байгаа шүү дээ. Тиймээс миний бодлоор бол манай улс нүүрсээ  Хятадад өгч, өөрсдөөр нь олборлуулаад авдаг татвараа авна биз. Хариуд нь бүтээн байгуулалтын салбарт гэр хорооллын иргэдээ орон сууцжуулахад юм хийлгэх хэрэгтэй. Бидэнд ийм туршлага бий. Монгол төрийг олон жил удирдсан  Ю.Цэдэнбал  Улаанбаатар хотыг тэгж л хөгжүүлсэн шүү дээ. Манай нутаг дээгүүр өнгөрч байгаа төмөр замын зардлыг хятадуудаас урьдчилж аваад, авахдаа ажиллах хүч, барилгын материалыг зээл хэлбэрээр авч нийслэлийг босгосон. Өнөөдөр ч гэсэн тийм хэлбэрээр  хамтарч ажиллаж болно. Түүнээс Хятадын нутаг дээгүүр нүүрсээ тээвэрлээд, урд хөршөө давуулаад наймаалцана гэвэл түүн шиг худал юм байхгүй. Энэ бол батлагдсан, нотлогдсон зүйл.

-Гацууртын ордыг УИХ-аар дахин хэлэлцэж эхэллээ. Урт нэртэй хуулиас хойш өнөөг хүртэл хэчнээн удаасөхөгдөж, гацаж ирсэн асуудлаар энэ удаа  “галт тэрэг” нэгэнт хөдөлсөн. Харин хаана хүрч, ямар эргэлтавчрах бол гэсэн хүлээлт үүсч байх шиг. Та сүүлийн үеийн мэдээлэл харсан байх, байдал ийм байх шиг?

-Сүүлийн үеийн мэдээлэл хоёр талтай гэж бодож байна. Яагаад гэвэл Гацууртыг  шийдчихвэл бүх юм болох юм шиг, тэр нь Ноён уул, түүхийн дурсгалд ямар ч сөрөг нөлөөгүй юм шиг мэдээллүүдийг тархи угаагч нар бичээд эхэлчихсэн байна. Та ч өөрөө сэтгүүлч хүн мэдэж, мэдэрч байгаа байлгүй. Эх орноо, жаахан ч гэсэн газар шороогоо гэж боддог хүмүүс  үүнийг ялгаж, салгаж ойлгох байх. Ер нь бол анх Гацууртын ордын асуудал яригдаж, тэнд алт олборлож байсан компани нь буруу гэрээ хийж хамаг алтаа алдлаа гэдэг сэдвээр УИХ 2006-2008 он дамжин ярьсан. Ингээд 2008 оны  сонгуулийн үр дүнгээр УИХ бүрдэхэд Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Одхүү, Ц.Мөнх-Оргил, Ц.Даваасүрэн бид хамтран Урт нэртэй хуулийн төслийг боловсруулж батлуулсан. Тэр үед бид ийм асуудал болно гэдгийг урьдчилж мэдсэн, тиймээс тэр хуулийг батлуулсан. Усны эх, ойн сан газар ашигт малтмал эрэн хайх, олборлох үйл ажиллагааг зогсоох асуудлыг  ингэж хуульчилсан. Гэтэл УИХ хаврын чуулганаараа Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулснаар голын эх, ойн сан бүхий газарт нөхөн сэргээлт хийх нэрээр дахиад алт ухуулах асуудлыг шийдсэн. Монголын улс төрд ийм зүйл хийдэг, гадны гар хөл болсон хэсэг бүлэг хүн бий. Тэдний хийж байгаа ажил энэ. Нэгэнт хуулиар хорьсон асуудлыг гадаадынхны хүсэл зоригоор гүйж орж ирээд хуулийг нь засаад, гэрээг нь өөрчлүүлээд,  шийдүүлээд байдаг. Шүүмжилсэн гишүүдтэй байлдаж, хэл амаар доромжлоод  гадны хүмүүсийн төлөө улайм цайм ажиллаж байна шүү дээ. Засгийн газарт ч, УИХ-д ч арваад  ийм хүн байна. Тэгэхээр мэдлэг боловсрол нь хамаагүй, сэтгэл зүрхтэй хүн хэрэгтэй байна, энэ төрд.

-Тэр хүмүүст хариуцлага тооцож болдоггүй юм уу?

-Манайд авлигатай тэмцэж байна, идсэн уусныг шүүж байна гээд баахан бужигнуулдаг. Хариуцлага тооцох жинхэнэ  эздийг барихгүй, нүдээ олохгүй байна. Тэгээд ч арга хэмжээ  авч байгаа нэг нь  толгойг нь илээд өнгөрчихөж байх жишээтэй. Гадаадын гар хөл болсон этгээдүүдэд арга хэмжээ авна гэдэг Хятад улс шиг нөлөө бүхий хүмүүсээ гаргаж ирээд бүх насаар нь хорих ял оноож байгаатай адил хэрэгжих ёстой зүйл. Ингэхгүй бол бүтэхгүй. Гадаадын гар хөл болж төрд шургалсан нөхдүүд мөнгөтэй, ямар ч аргаар ял шийтгэл авахгүй байх магадлалтай. Ардаа хамгаалалттай. Тэгээд “Намайг хэн хэлэх вэ”  гэсэн шиг эрх чөлөөтэй  явж байна.

-Гадны ашиг сонирхолд нийцүүлсэн хууль, гэрээ батлуулдаг. Өөртөө болоод гадныханд ашигтай бизнесийгдэмжиж, ашиг олоод сууж байгаа хүмүүсээс төрөө яаж цэвэрлэх вэ?

-Хамгийн эхний хариуцлага бол 2016 оны сонгуулиар тэднээс салж болно. Дараа нь барьж авах хэрэгтэй. Тэд бултаж алга болно гэж бодож байгаа бол тэгж чадахгүй. Африкийн ширэнгэнд нуугдсан ч олоод ирнэ шүү дээ. Орчин үед юм өөр болсон. Монголын ард түмний баялгийг үнэгүйдүүлж, уул уурхайн салбарт тоглолт хийсэн тэр хүмүүсийг ард түмэн мэдэж байгаа. Таньж ч байгаа.

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Эдийн засаг,  улс төрийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед ардтүмний амьдрал улам хүнд болж байна. Монголчуудын амьжиргаа ямар байгааг “Нарантуул”-ын нэг өдрөөсхарж болохоор санагддаг. Танд юу мэдрэгдэж байна, ямар дүгнэлт хийж сууна?

-Өнгөрсөн жилээс хойш байдал улам хүндэрч байна. Үүргийн худалдаачдын авчирсан ойр зуурын бараа таваарын эргэлт  маш муу. Төр нь албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй, хувийн хэвшил нь өр зээлд баригдчихсан. Зарим компани дампуураад алга болчихсон, ажилгүй хүн олширсон болохоор  “Нарантуул” дээр юм зарж байгаа хэдэн хүнд ямар ашиг орлого орох вэ. Бараа нь борлохгүй бол сар бүр жаахан юм эргэлдүүлэхээр  банкнаас авдаг  зээлээ төлж чадахгүй болчихдог гачлантай. Өнөө, маргаашдаа ч яахав, угаасаа  наадам дөхүүлээд манайхан хамаг анхаарлаа  баяр ёслол руу тавьж зовлонгоо мартдаг тэр л жишгээрээ явж байна. Их хурал, Засгийн газар нь баяр наадмыг далимдуулан булхайтай хэдэн хуулиа батлах биз. Наадмын дараа зарим нь сайн, муу машинаа унаж аваад амарч зугаалаад хэсэгтээ алга болно. Ингээд есдүгээр сарын -1 хүртэл Монголын амьдрал мартагддаг нэг үе ирж байна. Сүүлийн үед Засгийн газар  цалин, тэтгэврээ тавьж чадахаа байлаа, нэг тэрбум төгрөгийн бонд гаргая  гэж байх шиг байна. Тэр бол эцсийн арга. Ганц тэрбум төгрөг тараагаад юу шалих вэ, сайндаа он дуустал явах уу, үгүй юу. Ер нь бол манай улс Грекийн араас л яваад байна. Уншигчдад хандаад уучлаарай гэж байгаад хэлчихэд, би муу амлаад байгаа юм биш эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад  энэ  он маш хүнд жил байх болно. Ирэх жил сонгууль гэж баахан юм болно, зарим нь айж байна шүү дээ. Нөгөө л нэг хадны мангаа болсон хуучин нөхдүүд суудлаа солиод суучихсан, тангараг өргөнө гээд байж байдаг. Тэгэхээр энэ бүхний шийдэл болсон 2016 оны сонгууль юу болохыг харах л үлдэж байна. Найдах юм нь сонгогчид өөрсдөө шүү дээ.

Ингэхэд таныг “Нарантуул” захаа зарах гэж байгаа гэсэн мэдээлэл олныг шуугиулж байна. Гэтэл та тэрталаар ам нээсэнгүй?

-Зарна гэж би ам нээгээгүй   юмсан. Тийм бодол ч алга. Хэвлэлүүд л  миний өмнөөс зарах гээд зар явуулчихдаг юм байх даа.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих