Намын бүлгүүд: Төрийн өмчийн хувьчлалд санал нэгдэв
Төрийн ордонд өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. Өнөөдрийн хуралдааны хамгийн чухал сэдэв нь төрийн өмчийг хувьчлах тухай асуудал гэж.
АН-ын бүлэг: Зөвшилцлийн гэрээг эргэж харна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны зэрэгцээ Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Бусад гэсэн асуудлын хүрээнд Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа учраас түр хойшлуулжээ.
Мөн УИХ-аар Өмч хувьчлалын асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Тодорхой заалтууд дээр санал нэгдэхгүй байсныг ярьж байгаад нийгмийн салбар буюу эмнэлэг, сургуулийн менежмэнтийн хувьчлалын асуудлыг тогтоолоос хасах нь зүйтэй юм аа гэсэн шийдэлд хүрч, бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн байна.
Үүнээс гадна АН-ын бүлгийн дарга сэтгүүлчдэд нэлээд сенсаацтай мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, МАН-тай хамтарсан гэрээний асуудлыг эргэж харахаар болсон тухайгаа хэлсэн. Тэд уг асуудлаар судалгаа хүртэл авчээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь хамтрах нь буруу гэх хариултыг өгсөн гэв. Гэхдээ шууд хамтрахаа болино гэсэн үг биш гэдгийг онцолсон.
Шударга ёс эвслийн бүлэг: ОТ асуудлыг хэлэлцэв
“Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө болон намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ.
Тус бүлэг маргааш үргэлжлүүлэн хуралдаж, хэлэлцэж буй асуудлуудаараа байр, сууриа нэгтгэх юм байна.
МАН бүлэг: Нийгмийн салбарт хийгдэх хувьчлалыг дэмжихгүй
Хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийсэн. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай Засгийн газрын тайлан, Өмч хувьчлалын талаар төрөөс баримтлах, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ.
Мөн Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөлт оруулах асуудлыг энэ долоо хоногт батална. МАН-ын бүлэг нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт гэсэн заалтыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
URL: