Д.Хаянхярваа: Хүүхэд харах үйлчилгээнд эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт мөрдөх ёстой

DSC_0032“Завсарлага авна гэдэг нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаа гэсэн үг биш. Энэ хуулийн төсөл дээр нэмж тодруулах, засч залруулах зүйл юу байгааг ярилцаж шийднэ гэсэн үг” гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа онцоллоо. Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр завсарлага авсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгийн орчны стандарттай хэрхэн нийцэж байгаа талаарх санал дүгнэлтийг нь авахаар МХЕГ, Стандартчилал хэмжил зүйн газарт албан бичиг хүргүүлээд байна. Хууль өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу холбогдох төрийн байгууллагын санал дүгнэлтийг авдаг. Нөгөө талаар эдийн засаг агшиж байгаа хүнд үед 2016 онд энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 60.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах боломжгүй гэсэн албан бичгийг Засгийн газар өгсөн ажээ.

Энэ талаар бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Хүүхэд харах үйлчилгээ бол дэндүү хариуцлагатай ажил. Хэн нэгний мэдэлд хэдэн хүүхдээ даатгачихаар л бүх асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Гэр хороололд нэг гэр барьж камер байршуулаад л хүүхэд харна гэж хуулийн төсөлд тусгасан байна. Хуулийн төсөлд хүүхдийг эрүүл ахуйн ямар орчинд байлгах вэ, хүнсний аюулгүй байдлын стандартыг хэрхэн мөрдөх вэ гэдэг нь тун бүрхэг байна. Хүүхдийг стандарт шаардлагад нийцсэн аюулгүй орчинд зөв боловсон хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг төр хүлээдэг. Гэтэл ийм стандартад нийцсэн зүйл хуулийн төсөлд алга. Эрүүл ахуй, хоол хүнс, аюулгүй байдал талаасаа бэлтгэл ажил хангагдаагүй байна. Хуулийн төслийг хэлэлцүүлэхээр шахаад байгаа гишүүд энэ талыг нь ярихаас илүүтэй цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яриад байна. Түр зуурын аргацаасан үйл ажиллагаа байж болохгүй. Стандарт шаардлагыг заавал хангуулах ёстой. Бид гарсан саналуудыг чамбайруулаад төслийг дэмжиж эсэхээ шийднэ” гэв.

С.Бямбацогт: 2014 онд татварын орлого нэг их наядаар тасарч, хүү торгуулийн орлого давсан

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцэж, бүлгийн дэд дарга Д.Хаянхярваагаар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад өнгөрсөн онд зээлийн үйлчилгээний төлбөрт 500,3 тэрбум төгрөг төлсөн байна. 2011 онд 37,2 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт хуваарийн дагуу төлж байсантай харьцуулахад энэхүү төлбөр 12.4 дахин нэмэгджээ.

Үндэсний аудитын ерөнхий газраас Засгийн газрын 2014 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтын тайланд тусгаснаар хүүний зардалд 2014 онд 1 их наяд 108 тэрбум 397 сая төгрөг төлжээ. Энэ нь 2014 оны нэгдсэн төсөвт суулгасан 500,3 тэрбум төгрөгөөс 608,1 тэрбум төгрөгөөр илүү байна. Энэхүү үзүүлэлт нь манай улс өрийн дарамтад орсны илэрхийлэл бөгөөд өрөө өрөөр дарж байна гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.

Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад төсвийн орлого 6,27 их наяд, зарлага 7,14 их наяд төгрөг болж, нэгдсэн төсөв 867,9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ нь 2014 оны ДНБ-ий 4 хувьтай тэнцэж байна.

Татварын орлого нэг их наяд 48 тэрбум төгрөгөөр тасарсан нь дотоодын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадавхи болон иргэдийн амьжиргааны түвшин хэр муудсан, улсын эдийн засаг хэр агшиж байгааг илэрхийлж буй үзүүлэлт болж байна. Нөгөө талаар хүү торгуулийн орлого 44,8  хувь буюу 116 тэрбум төгрөгөөр давсан нь төрийн хяналт шалгалт эрс нэмэгдсэнийг харуулж байна. 2012 онд 79 тэрбум төгрөг байсан хүү торгуулийн орлого ганцхан жилийн дотор 150,2 тэрбум төгрөгт хүрч 2,3 дахин өссөн нь аж ахуйн нэгж, баялаг бүтээгч, иргэдэд үзүүлж буй төрийн дарамт, шахалт ихэссэнтэй холбоотой гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

Төсвийн ерөнхийлөн захирагчид, дарга нарын гадаад, дотоод томилолтын зардлыг хоёр тэрбум орчим төгрөгөөр хэтрүүлэн зарцуулжээ. 2014 онд цалин хөлсөнд 2012 оныхоос 389,2 тэрбум төгрөг илүү зарцуулсан байна. Төрийн албан хаагчдын цалинг 2014 онд дунджаар 6-11 хувь орчим нэмсэн байхад цалингийн зардал 30 гаруй хувиар өссөн нь төрийн албаны бүтэц, орон тоог нэмж, төрийн бүтцийг данхайлгаж, ажил үүргийн чиг хуваарийн давхардлыг нэмсэнтэй холбоотой юм.

Нийгмийн салбарын хувьчлалыг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхдээ нийгмийн салбарын хувьчлалыг дэмжихгүй гэдэгт санал нэгдлээ. Нийгмийн салбарын хувьчлал нэрээр томоохон эмнэлэг, их дээд сургуулийг өөрчлөн байгуулах замаар цаашид хувьчлах бодлого агуулж байгаа учраас дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Мөн Монголын хөрөнгийн бирж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мэдээлэл харилцаа холбооны сүлжээ компани зэрэг суурь дэд бүтцийг хувьчлахгүй гэсэн байр суурьтай байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих