Сэрэмжлүүлэг: Таны нэгхэн хормын хэнэггүй хайхрамжгүй байдал, нэг насны харуусал бүү болог

14347644295584c48dbb62fЭхийнхээ хөхнөөс ч гараагүй, хорвоо ертөнцтэй дөнгөж танилцан хөлд орж буй ой 6 сартай хүүхэд 10 давхараас унаж амиа алдаж олон нийтийг цочирдуулав. Уг мэдээллийг уншсан хүн бүрийн элэг эмтэрч, нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байх. Арван сар тээж төрүүлэн ангир уургаа шимүүлж өсгөсөн алдрай бяцхан үрээ 1-хэн секундын дотор алдана гэдэг дэндүү харамсалтай. Эцэг эхчүүд хэдхэн хором сонор сэрэмж алдахад л ийнхүү хүүхэд мөнх бусыг үзэж буй тохиолдол буурахгүй байна.

Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхэддээ анхаарал халамж тавихыг шаардаж, сэрэмжлүүлж, анхааруулж ирсэн ч өнөөдөр энэ төрлийн хэрэг буурахгүй байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Ялангуяа сурагчдын зуны амралт эхэлсэнээр энэ төрлийн хэрэг бүр их нэмэгддэг. Сургуульд ч ороогүй бяцхан үрсээ гэртээ цоожлоод явдаг бөх зүрхтэй эцэг эхчүүдээс болж олон аав, ээжийн нялх үрс бурханы оронд одлоо. Хэдийгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хуулийн хяналтын байгууллагаас бага насны хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байх, гаднаас нь цоожлохгүй байхыг сэрэмжлүүлсэн ч хэнэггүй эцэг эхчүүд нэгнийхээ алдааг давтсаар л….

Баримт 1

Энэ оны тавдугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 11 дүгээр гудамжийн 17 тоотод иргэн А-гийн 8×12 харьцаатай палкан байшин шатав. Харамсалтай нь уг галд нэг айлын гурван хүүхэд, бүр тодруулбал 2 настай эрэгтэй Б, 10 настай эрэгтэй А, зургаан настай эмэгтэй Э нар өртөж амиа алдсан юм. Тэднийг харах хүнгүй учраас аав ээж нь ажилдаа явахдаа гаднаас нь цоожилж явсан нь тэр.

Баримт 2

Үүнтэй адилхан хэрэг энэ сарын 5-ны өдөр буюу хүүхдийн баярын дараахан гарав. Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Хангайн аравдугаар гудамжинд Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын хашаанд таван ханатай гэр шатаж, гэртээ цоожлуулж үлдсэн таван настай охин харамсалтайгаар амиа алдсан юм. Охины аав ээж нийтийн тээврийнхний ажил хаялтад оролцохоор явахдаа ийнхүү охиноо цоожлон явсан байдаг.

Баримт 3

Өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр 25 дугаар байрны тавдугаар давхрын цонхноос бага насны хүүхэд унаж амиа алдах шахав. Хүүхдийг харсан иргэд цонхны доор хөнжил барин, онцгой, цагдаагийн алба хаагчдын дуудсан ч жаахан болгоомж алдахад хүүхэд унаж амиа алдахаар байдалд байв. Харин азаар нэгэн залуу айлын тагтаар дамжиж байрных нь цонхыг хагалан орсоноор хүүгийн амь насыг аварсан юм.

Баримт 4

Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байранд 7 настай хүү гэртээ цоожлуулжээ. Өрөөнд гал гарч утаажилт ихтэй, гаднаас нь онгойлгох боломжгүй байхад аврагч гал сөнөөгч н.Мягмаржав айлын тагтаар дамжин орж хүүг угаартахаас авран хамгаалсан байдаг.

Баримт 5

Энэ сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хороо  Авзагын 17-р байрны 10 давхараас ой 6 сартай эрэгтэй Э гэх хүүхэд унаж амь насаа алдсан юм.

Энэ мэтчилэн зөвхөн сүүлийн хоёр сарын хугацаанд гарсан баримтыг дурдвал энэ. Энэ нь эцэг эхчүүд хүүхдүүдээ гаднаас нь цоожилж явсантай холбоотой. Тухай бүрт хэвлэлээр мэдээлж, анхааруулж, онцгой, цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг хүргүүлдэг ч дахин сэрэмжлүүлье. Ямар ч тохиолдолд хүүхдүүдээ ганцааранг нь бүү орхиоч. Бүр гаднаас нь бүү цоожлооч. Яаралтай ажилтай, түр гарсан, хүүхэд харах хүнгүй байсан ч бүү цоожлоорой. Харгалзах хүнгүйгээр бүү орхиорой. Амьдрахын тулд хүүхдээ цоожилж орхихоос өөр аргагүй гэж өөрсдийгөө өмөөрөх байх. Нөгөө талаараа арга ч үгүй байх. Гэхдээ л нэн түрүүнд алдрай бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг бодолцож байя.

Таны нэгхэн хормын хэнэггүй хайхрамжгүй байдал, нэг насны харуусал бүү болог.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих