Дайны захиалга буюу жийп үүссэн түүх

-20062015-1434779094-1418893358-jeep1940 оны хавар Гудерианы танкууд цахилгаан цохилтоор Европыг эзэлмэгц дэлхийн дайн АНУ-ын хувьд ойрхон болж хувирлаа. Вермахтын механикжуулсан корпусын хурдтай ажиллагаа Америкийн цэргийнхэнд ялалт байгуулахын тулд ганц нисэх онгоцонд түшиглэх аргагүй нь гэсэн дүгнэлт хийхэд хүргэв. Тухайн үед АНУ-д хүнд ачааны машин, чирэгч тээврийн хэрэгсэл хангалттай байсан ч цэргийн ерөнхий зориулалттай, бартаа туулах чадвар бүхий цоо шинэ төрлийн тээврийн хэрэгсэл байсангүй.

Ингээд мөн оны зун армид зориулсан ерөнхий зориулалттай автомашин бүтээх тендерийг Пентагоноос яаралтай зарлав. General Purpose буюу ерөнхий зориулалттай автомашин нь дээд тушаалын төдийгүй дунд, доод тушаалын офицерууд ч унах жижиг, авсаархан мөртлөө зэвсэг, галт хэрэгсэл, цэрэг, шархтан зөөж, хөнгөн чирэгч, тагнуулын болон хөдөлгөөнт галын цэгийн зориулалттай ашиглаж, байгалийн саадыг төвөггүй туулах чадвартай унааг хэлж байв.

Тендерт тавигдсан шаардлагаар Америкийн армийн машин 190 см дугуйн бааз, 92 см-ээс хэтрэхгүй өндөртэй, 15 см-аас багагүй клиренс, тэгш өнцөгт кузов, хүндрүүлсэн дамжуулалт бүхий бүрэн хөтлөгчтэй, 270 кг-аас багагүй ачаа ачиж, 7,62 мм-ийн пулемёт зоож болох 590 кг-аас үл хэтрэх масстай машин байх ёстой.

АНУ-д цэргийн ерөнхий зориулалттай шинэ төрлийн машин шаардлагатай байв

Ердөө 49 хоногийн давчуу хугацаа заасан армийн тендерт цор ганц оролцогч болох, тухайн үед дампуурлын ирмэгт тулаад байсан “Ameri­can Bantam Car” компанийн загвар яллаа. Гэвч жижиг компани цэргийн том захиалга биелүүлж чадах, эсэхэд Пентагон эргэлзсэн тул “Willys Overland”, “Ford” компаниудыг “Bantam”-ын туршилтын загварыг дууриалган машин бүтээлгэхээр тендерт давхар оролцуулсан байна.

Үүний ачаар хооронд нь ялгахад төвөгтэй “Bantam”, “Wil­lys”, “Ford”-ын тусдаа гурван загвар бий болов. Загваруудаас хөдөлгүүр, явах эд ангийн техник үзүүлэлтийн хувьд хамгийн боловсронгуй нь болох “Willys”-ийн загварыг арми үндсэн стандарт болгон батлав. Үйлдвэрлэгч тус бүрт туршилтын 1500 ширхэг машин үйлдвэрлэх захиалга өгчээ. Хожим нь туршилтын загварыг бүгдийг нь Ленд- Лизийн шугамаар холбоотон Их Британи, ЗХУ-руу ачуулсан юм.

Дэлхийн II дайны турш дээрх гурван компани нийт 639245 ширхэг цэргийн ерөнхий зориулалттай машин үйлдвэрлэснээс ердөө 2675 нь уг машиныг анхлан бүтээгч “Bantam”-ын “BRC-40” загвар байжээ. 1941 оноос “Wil­lys” туршилтын машины сайжруулсан хувилбараа “MB” гэсэн нэрээр, “Ford” компани “GP” гэсэн нэрээр үйлдвэрлэж эхэлсэн нь дайн дуустал өөрчлөгдсөнгүй.

Дэлхийн II дайны үед “Ban­tam BRC-40”, “Ford GP”, “Wil­lys MA” машинуудыг бүгдийг нь “Жийп” (Jeep) хэмээн ерөнхийлөн нэрлэдэг байв. Жийпнүүдээс хамгийн төгс нь болох 2.2 литрийн багтаамж бүхий 60 морины хүчтэй дөрвөн цилиндрт хөдөлгүүртэй “Willys MB” загвар 104 км цагийн хурд авах чадвартай байжээ.

Дэлхийн II дайны турш нийт 639245 цэргийн ерөнхий зориулалттай машин үйлдвэрлэжээ

Дэлхийн II дайны турш ЗХУ-д холбоотноос нь “Ban­tam BRC-40”-өөс гадна 50500 ширхэг “Willys MB”, ”Ford GP” нийлүүлсэн нь хожмын орос жийпний үндэс болж өгчээ. ЗХУ “Willys MB” загварт суурилсан өөрийн хэд хэдэн хувилбар үйлдвэрлэв. Үүнээс хамгийн алдартай нь 1943 онд гарсан “Газ-67” юм.

Дайны үед ердөө 5500 ширхэг үйлдвэрлэсэн уг машин хурдны хувьд “Willys”-ийг гүйцэхгүй ч шатахуун голдоггүй, бензинээс гадна, солярка, керосинээр хүртэл ажилладаг байснаараа америк машинаас давуу болжээ.

Уг загвар хожмын сайжруулсан “Газ-67Б” загварын хамтаар 1953 онд алдарт “Газ-69” гарах хүртэл ЗХУ- ын гол жийп болж байлаа. Хожим ЗХУ-д бартаа туулах зориулалттай, дөрвөн дугуйн хөтөлгөөнт, рам хийц бүхий ямар ч машиныг үйлдвэрлэгчээс нь үл хамааран “жийп” хэмээн нэрлэдэг болсон нь Монголд уламжлагдан хэрэглэгдэх болсон түүхтэй. Харин америкчууд ийм автомашиныг SUV (sport utility vehicle) гэсэн ангилалд багтаадаг байна.

Дэлхийн II дайн дууссаны дараа “Jeep” нэрийг “Willys” компани машиныхаа албан ёсны худалдааны тэмдэгт болгон баталгаажуулсан юм. Дайны үеэр жийпний захиалгын ачаар эргэн сэргэсэн “Wil­lys Overland” дайн дуусмагц иргэний зориулалттай жийп үйлдвэрлэх болсон нь тус компанид муугүй орлого оруулжээ. Гэвч санхүүгийн хувьд төдийлэн амжилттай байж чадаагүй “Willys Over­land”-ыг хожим олон компанид нэгдэх хувь тавилан хүлээж байлаа. “Кaiser-Frazer” корпорацитай нэгдэж 1963 онд “Kaiser-Jeep” kорпораци болж хувирснаас хойш “Willys” нэр автомашины түүхэнд мартагдлаа.

1970 онд “Kaiser-Jeep”-ийг “American Motors” корпораци худалдан авч өөрийн салбар “Jeep Corporation” болгон өөрчлөв. Худалдан авалт үүгээр дууссангүй. 1987 онд Америкийн автомашин үйлдвэрлэгч “том гурав”-ын нэг “Chrysler” корпораци “Аmer­ican Motors”-ийг худалдан авснаар тус компанийн бие даасан брэнд болсон түүхтэй.

Г.Очирбат

Гэрэл зургийн эх сурвалж: http://wwiimodeller.co.nz

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: зочин Огноо: 22 June 2015

энд зураг нь тавигдсан ВИЛС ямар хорхой хүрмээр юм бэ? 1950-аад онд манай хамаатны ахад нэг байсан юм. Их хөөрхөөөөн.Одоо хааяа нэг үзэгдэх юм. Өдрийн “ОД” л гэсэн үг. 2000 -аад оны эхээр шүү дээ СХД-ийн 21-р хороололд нэг зун цоо шинээрээ ВИЛС унаад явж байсан залууд атаархсан гэж яанаа.Мөн ч гоё доо. Хааяа нэг явж байх нь 1940-өөд оныг санагдуулна шүү. Хүүхэд байхдаа их л сууж явдаг байж дээ. музейд байдаг бол уу? нэг харах юмсан.

Сэтгэгдэл бичих