Сү.Батболд Н.Энхбаяр нар уулзжээ

Уншигчдадаа улс төр дэх хамгийн сүүлийн үеийн хачин чамин мэдээг дуулгая. Сү.Батболд, Н.Энхбаяр хоёр уулзсан байна. Мэдээж маш нууц байдалд. Хэнийх нь санаачилгаар гэдэг нь бүдэг бадаг. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн болохоор Н.Энхбаяр нь Сү.Батболдыг дуудсан гэх. Уулзалт нэгээр зогсоогүй гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм. Ямартай ч гурваас дөрвөн удаа ойр ойрхон уулзаад авсан байна. Хамгийн сүүлийн уулзалт нь намын их хурлынх нь өмнөхөнтэй болжээ. Энэ уулзалтын агаар салхи ямархан байсан талаар хоёр янзын мэдээлэл ирж байгаа юм. Эхнийх нь Н.Энхбаяр их ширүүн дориун байсан гэх. Ерөнхий сайдыг орж ирэнгүүт нь “Чи хэн болчихоод, хэнтэй нийлчихээд,

хэний эсрэг яваад байгаа юм бэ. Яагаад намайг ганцаардуулаад байгаа юм бэ…” хэмээн олон янзын хатуу хөтүү үгээр хайр найргүй дайрчээ. Сү.Батболд өөдөөс нь нэгч уг хэлэлгүй таг дуугүй суусаар гарч явсан гэнэ. Гэхдээ энэ яриа бол “но”-той. Арай ч аавдаа загнуулсан хүүхэд шиг дуугүй зогсоогүй байлгүй дээ,  Ерөнхий сайд маань. Харин хоёр дахь мэдээллийг тэдний ойрын эх сурвалжаас авсан юм. Энэ эх сурвалж болохоор “Яалаа гэж тийм ширүүн дориун юм болохов дээ. Тохьтой томоотой уулзацгаасан шүү дээ” гэсэн юм.

Ямартай ч тэр хоёрын уулзаад байгаа нь тодорхой боллоо. Эгнэгт С. Баяртайгаа хамт хэмээн өөрийгөө тодорхойлсоң тэрбээр Н.Энхбаяр хэмээх улс төрийн сахил хүртээсэн анхны багшаасаа салж хагацаагүй л яваа юм байна. МАХН дахь жараад оныхны загалмайлсан эцэг Н.Энхбаяр хэнийг нь ч дуудаад уулзах хэмжээндээ байсаар байна. Ц.Мөнх-Оргил, Д.Одбаяр… энэ тэрийн хувьд бол ил тодорхой шахуу багшаасаа авшиг хүртээстэй байгаа. Харин Сү-гийн хувьд хэцүү л дээ. Сүүлд бас дахин сахил хүртээсэн багштай болчихсон. С.Баяр багш нь хажууд нь байх. Гэхдээ л мань Сү сүйхээчлээд л байгаа бололтой. Сү.Батболдын хувьд сүүлийн багшийнхаа нүдийг хариулаад хотын зүүн зах руу шурдхийсээр байх олон шалтгаан байгаа юм. Ард түмний нүдэн дээр ил зарлагдсан хамгийн сүүлийн шантааж гэхэд Н.Энхбаярын Засгийн газрын үед хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан С.Мягмарын мэдэгдэл байна. Тэрбээр нэг жилийнөмнө хэвлэлийн бага хурал зарлаж “Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа С.Батболдын “Чингис” зочид буудлын өрийг Засгийн газрын хуралдаанаар цайруулсан. Өрийг тэглэсэн талаар хэвлэлийнхэнд битгий мэдээлэл өгөөрэй гэж Батболд надаас гуйж байсан” гэхчлэн гудиггүй авсан. Энэ мэт олон олон ач тусыг нь санасан ч, хүн ёсоо бодсон ч Сү.Батболд багшдаа дуудагдаж очоод дуулгавартай үгийг нь сонсч, үйл хэргээ ярилцахыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. С.Баяр ч ойлгох ёстой юм. Н.Энхбаяр ерэн оны эхээр шахуу Соёлын яамны сайд байхдаа Монголын долоон том компанийн захирлыг дөгөөж, өөрийнхөө дор нэгтгэн, тэдний ивээн тэтгэлгээр маш том шоуг цэнгэлдэхэд зохион байгуулсан. Тэр долоогийн цөөнгүй нь Н.Энхбаярын засаглалын үед гол санхүүжүүлэгчид нь байж улмаар дэд сайдууд болцгоосон. У.Уламбаяр агсан Дэд бүтцийн дэд сайд, Сү.Батболд Гадаад харилцааны дэд сайд ч болдог бил үү. Яах аргагүй тэднийг улс төр рүү дэд сайдын эрэмбэтэй шууд оруулсан юмдаг. Энэ мэтээр Н.Энхбаярын Их улс төрд авчрагсад дэндүү олон доо. Одоо л тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг болоод байгаагаас бус тухайн үедээ Н.Энхбаяр тэдний хувьд бурхан ңь байсан юм. Үнэндээ Н.Энхбаярыг намаас хөөлгөх зорилго С.Баярт байна гэж харагддаг. Сонирхолтой нь “Намайг хөөвөл ч хөөчихөөсэй” гэх бодол Ерөнхийлөгч асанд бас байх шиг. Харин хамаг ялыг эцсийн дүнд үүрэх намын дарга Сү.Батболдод ингэх сонирхол байгаагүй болов уу. Сүүлийн багшийнхаа чичих илдний үзүүр болж анхны багшийнхаа “амь”-нд халдахыг хүсээгүй биз ээ. Хоёр нөхрийн уулзалт аядуу болсныг эхэнд дурдсан. Энэ уулзалт өндөрлөх үед Сү.Батболд “Энэхэн цаг үеийг давъя. Ямартай ч та намын Бага хурлынхаа гишүүнээр байж бай. Яалаа гэж би танаас урвах билээ” гэж учирлан хэлээд гарч явсан тухай улс төрийн тодорхой хүрээнд сэм яригдаж байна, өнөөдөр.


URL:

Сэтгэгдэл бичих