Аюул учруулах магадлалтай таван өргүүрийн ажиллагааг зогсоожээ
Өнгөрсөн онд барилга дээр гарсан ослын 88 хувь нь өргөх механизмын аюулгүй ажиллагаанаас үүдэлтэй байжээ.
Тиймээс ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд барилгуудад ашиглаж байгаа өргөх механизмын байдалд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрынхан шалгалт хийжээ.
Хяналт шалгалтад 269 аж ахуйн нэгж, байгууллага, дөрвөн иргэн, 568 өргүүр хамрагдсан бөгөөд өргөх механизмын 176 нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 133 нь засвар үйлчилгээний гэрээгүй, 112 нь техникийн паспортгүй, 132 нь ашиглах зөвшөөрөлгүй, 104 нь техникийн магадлалд хамрагдаагүй байжээ.
Мөн 126 ажилтан мэргэжлийн үнэмлэхгүй байсан нь шалгалтаар тогтоогдлоо. Дээрхээс гадна аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага өргөх механизмын ашиглалтад хайнга ханддаг, аюулгүй ажиллагаа хариуцдаг хүмүүсийн дүрмийн мэдлэг хангалтгүй, мэргэжлийн ажилчин цөөн, давтан сургадаггүй зөрчил их илэрсэн байна.
Шалгалтын явцад ашиглалтын шаардлага хангахгүй, осол гарч болзошгүй гэж үзсэн
ХУД-ийн 11 дүгээр хороо, “Рома инвестмент” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус дөрөв,
БЗД-ийн 16-р хороо, “Баганат өргөө” ХХК-ний барилгын лифтийн хонгилд угсарсан зориулалтын бус нэг өргүүрийн ажиллагааг зогсоож буулгуулжээ.
Болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах талаар өнөөдөр МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бөгөөд шийдвэрийг Барилга, хот байгуулалтын яам болон аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэхээр боллоо. Тухайлбал өргөх механизмын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр Хөдөлмөрийн яам, МСҮТ-тэй хамтран ажиллах,барилгын тусгай зөвшөөрөл олгох
Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад хүлээн авахдаа өргөх механизмын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны нөөц, аюулгүй ажилласан байдлыг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийн асуудлыг эргэж харах зэрэг саналыг салбарын яаманд хүргүүлнэ.
Мөн хууль, журам, норм, дүрмийн хэрэгжилтийг хангаж, өргөх механизмын мэргэжилтэй хүн ажиллуулах, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, хэрэглэж хэвшүүлэх зэрэг шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэхээр боллоо.
URL: