Хуулийнхны эрүү шүүлтийг НҮБ анхааралдаа авчээ

shuultУЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба цагдаа, шүүгч, прокурор, ШШГЕГ-ын ажилтнуудтай холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг байсан үед “Айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр хуулийнхан жийрхэж, хүний эрхэд арай л хүндэтгэлтэй ханддаг байжээ.

Гэтэл сайд асан Х.Тэмүүжин “Шинэчлэл” нэрийн дор уг албыг татан буулгаж, АТГ-т нийлүүлснээр хуулийнхан сэжигтнийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг. Гэр бүлийнхнийг нь хорьж цагдана гэж сүрдүүлдэг, хянагчид гавлаж байгаад зоддог, цагдан хорих байр сэлгүүлэн хорьдаг явдал улам даамжирчээ.

Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн хяналт шалгалтаас тодорхой харж болно. Тухайлбал, Цагдан хорих 461 дүгээр ангид 2015 оны нэгдүгээр сард хийсэн шалгалтаар 173 хүнийг сэжигтнээр баривчилсан байжээ. Сэжигтэн, яллагдагчийг прокурорын саналыг үндэслэн шүүгчийн зөвшөөрлөөр цагдан хорьдог.

Гэтэл дээрх хүмүүсийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хорьж, мөрдөн байцаагчид дур зоргоороо авирлаж байсан нь анхаарал татаж байгаа юм. Нэг хоёр бус нэжгээд хүний эрхийг зөрчин ийн зоргоороо аашилсан хуулийнханд харин хариуцлага тооцсон эсэх нь өнөөдрийг хүртэл бүрхэг байна. Жишээ татъя.

-Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч X иргэн Б-г гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон бөгөөд таван сарын хугацаанд ар гэрийнхэнтэй нь нэг ч удаа уулзуулаагүй байна. Түүгээр ч үл барам хэргээ хүлээсэн тохиолдолд эргэлтийн зөвшөөрөл өгнө хэмээн хясан боож, сэтгэл санааны дарамт үзүүлдэг байжээ.

-С нь 2012 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгуулж, улмаар 13 сар 14 хоног цаглан хорьсон байна. Тодруулбал. түүнийг хуульд заасан хугацаанаас 44 хоног хэтрүүлэн хорьжээ. 44 өдөр байтугай нэг цаг илүү хорьсон тохиолдолд хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж олон улсын Хүний эрхийн байгууллагаас үздэг. Харин энэхүү ноцтой үйлдэлд хэн ч хариуцлага хүлээгээгүй.

-ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас яллагдагч М 2014 оны арванхоёрдугаар сард Комисст хандаж, хуульд заасан мөрдөн шалгах хугацаа хэтэрсэн талаар гомдол гаргажээ. Комисс гомдлыг шалгахад яллагдагч М-д холбогдох эрүүгийн хэргийг прокурор хянаж яллах дүгнэлт үйлдэж, 2014 оны наймдугаар сарын 3-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд энэ өдрөөс түүнийг ор тас мартсан аж.

Нэг үгээр бол, түүнийг шүүхийн шатанд хорьж, мөрдөх хугацааг 115 хоногоор хэтрүүлсэн байв. Энэ тухай гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн ч хорих анги болон шүүх байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай гэснээс бус бусдыг дөрвөн сар орчим үндэслэлгүйгээр хорьсон шүүгчид ямар хариуцлага ногдуулах тухай үг, өгүүлбэр алга байна.

Энэ мэтчилэн хүнийг удаан хугацаагаар хорьж залхаан, эргэлт уулзалт авах эрхийг өөрийн үзэмжээр шийдэж буй хуулийнхан харин хариуцлагын гадна үлдэж байна. Олон жил сараар үндэслэлгүйгээр хоригдсон сэжигтэн АТГ-т гомдол гаргалаа ч барагтай бол авч хэлэлцдэггүй, Хүний эрхийн үндэсний комисс гомдлын мөрөөр шалгаж, хүний эрхийг балмадаар зөрчсөнийг тогтоодог ч хариуцлага ярих эрх тэдэнд үгүй.

Эрүү шүүлтийн арга нарийсчээ

Олон улсын гэрээ, зарчим, хэм хэмжээ ёсоор эрүү шүүлт тулгах үйлдлийг бие махбодын, сэтгэл санааны, мөн нөхцөлийн гэж ангилдаг. Монгол Улс ч эрүү шүүлтийн нөхцөл байдлыг энэхүү гурван шинжээр бүлэглэн авч үздэг билээ. Харамсалтай нь, хууль хүчний байгууллагынхан бие махбодын болон сэтгэл санааны эрүү шүүлт тулгахдаа гаргуун аж.

Социализмын үед олон цагаар номхон зогсоож дэглэдэг байсан бол өнөөдрийн нийгэмд толгойд нь буу тулгаж байгаад хийгээгүй хэргийг нь хүлээлгэдэг харгис нийгэмд бид амьдарч байна. ХЭҮК-т ирүүлсэн гомдлоос иш татъя.

- 2014 оны хоёрдугаар сард Архангай аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдож буй иргэн Ц, Б, О нар хэсгийн төлөөлөгч М-д зодуулсан талаараа Комисст гомдол гаргажээ. Гомдлын дагуу шалгахад, хэсгийн төлөөлөгч М нь хулгайн хэрэгт холбогдсон Ц, Б нарыг хэрэг хүлээлгэх зорилгоор гарын өндөг рүү цахилгаан бороохойгоор цохиулж, шилэн хүзүү, толгой руу нь резинэн бороохойгоор цохисон.

Мөн хэргийн холбогдогч О-гийн гарын булчин, цээж, мөр, толгойн хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулж, паарнаас гавлан түр саатуулах байранд зургаан хоног хоолгүй хорьсон. Улмаар О-гийн гэрээс ирүүлсэн хоолыг өрөөнийх нь буланд тавьчихаад “Өлсч байна уу. Хоолоо идэх үү. Үнэнээ хэлэх үү” хэмээн тарчилган зовоож, эрүү шүүлт тулгасныг тогтоожээ.

Уг асуудлыг шалгуулахаар УЕПГ-т шилжүүлсэн ч нөгөөдүүл нь хэсгийн төлөөлөгч М-ийн ажилладаг цагдаагийн газарт хэргийг шилжүүлсэн байжээ. Даажигнал гэж үүнийг хэлэх биз ээ. Мэдээж хамт ажилладаг нэгнээ шалгаж, ял оноодог мөрдөн байцаагч гэж үгүй. Энэ ч үүднээсээ хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг дээд шатных нь прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шүүхээс хэсгийн төлөөлөгч М-д нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

- Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч С нь 2007-2013 онд эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт 12 удаа шалгуулснаас гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн боловч хэрэгсэхгүй болгож байжээ.

Тухайлбал, мөрдөн байцаагч С, эрүүгийн төлөөлөгч Д-тэй бүлэглэн хулгайн хэрэгт сэжигтнээр шалгуулж байсан Х,0 нарыг зочид буудалд гарыг нь гавлаж байгаад цохиж, өшиглөж хэрцгийгээр зодсон бөгөөд ОО өрөөний суултуур руу үсдэж даран цахилгаан бороохойгоор цохиулж, олон хоног хоол ундгүй байлгажээ. Эл үйлдлийг нь шалгаад эрүүдэн шүүснийг баримтаар нотлоод байхад прокуророос “Гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

- Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Т нь ХЭҮК-т хандаж, эрүү шүүлтэд өртсөн хэмээн гомдол гаргасан байна. Гомдолд дурдсанаар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч ч Г, эрүүгийн төлөөлөгч Э нар бүлэглэн яллагдагч Т-ийн бөөр, нуруу руу өшиглөсөн. Нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьж, гурван давхрын цонхоор
шиднэ хэмээн толгойг нь унжуулан “Чамайг алчихсан байхад амийг чинь нэхэх хүн байхгүй шүү. Насаар чинь шоронд суулгаж хүний эхнэр болгоно” хэмээн айлган сүрдүүлж, цахилгаан бороохойгоор цохиулсны улмаас хийгээгүй хэрэг хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн гэжээ.

Ийнхүү бие махбодын болон сэтгэл санааны дарамт учруулж, эр хүнийг эхнэр болгоно гэж доромжилж байгаа нь эрүү шүүлт тулгах хүнд гэмт хэрэгт хамаардаг. Харин хохирогч холбогдох газруудад гомдлоо гаргасан ч Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзсан байна.

Энэ мэтээр мөрдөн байцаагч, цагдаагийнхан сэжигтэн, яллагдагчийг элдвээр дарамтлан хэрэг хүлээлгэж, дур зоргоороо аашилдаг ч тэднийг үйлдлийг нь шалгаж, ял шийтгэл оноосон нь ховор аж. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан хоёр жилийн хугацаанд хуулийнхан хэрхэн танхай балмад аашилж, дур зоргоороо авирлаж байсныг дээрх жишээнээс харж болно. Эдгээрээс гадна эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон олон хүн байгааг дурдах нь зүйтэй байх.

НҮБ эрүү шүүлт тулгасан албан тушаалтнуудын үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхийг чухалчилжээ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Засгийн газрын хүний эрхийн талаарх ээлжит илтгэлийг хэлэлцжээ. Харин уг зөвлөмжид хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад бусдад эрүү шүүлт тулгасан албан тушаалтнуудын үйл ажиллагааг гэмт хэрэг гэж үзэх.

Мөн эдгээр хүнийг хараат бус байгууллагаар мөрдөн, шалгуулж шийдвэрлэдэг байх гэсэн хоёр зүйлийг чухалчилжээ. Монгол Улс НҮБ-ын анхааралд ортлоо хуулийнхнаа ингэтэл давруулсан гэж үү. Энэ бүгдээс хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, тагнуулынхныг шалгадаг, мөрдөж мөшгөдөг алба зайлшгүй үгүйлэгдэж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн хэлсэнчлэн “Эрүү шүүлт Монголыг муухай харагдуулж” байгааг НҮБ нотлоод өгчихлөө. Тиймдээ ч тэд ирэх есдүгээр сард болох Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаараа Монгол Улсад эрүү шүүлт газар авсныг баримтад тулгуурлан нээлттэй хэлэлцэх юм байна.
У.Мичид


URL:

Сэтгэгдэл бичих