“Бидний мэддэггүй-Эрдэнэт үйлдвэр”
Хүн бүр л Эрдэнэт үйлдвэрийг “Монгол улсаа тэжээж буй саалийн ганц үнээ. Улсад татвар төлөлтөөрөө хамгийн эхэнд нь бичигдэнэ” гээд л ярьдаг. Би ч бас ингэж ойлгодог төдий л нэгэн.
Гэхдээ саяханы нэг өдөр тус үйлдвэрийн бүсэд нэвтэрч ‘жинхэнэ үнэнг’ олж мэдсэнээ сийрүүлэхээр шийдэх хүртлээ. Энэ их айлын тухай дэндүү бага бүр огт мэддэггүй явсанаа анзаарлаа. Ингээд уншигч танд эх орны маань хөрсөн доорх баялагийн нэгээхэн хэсэг “Эрдэнэстэй ууланд” анх удаа зочилсон тэмдэглэлээ хүргэе.
Үйлдвэрийнхээ тухай надад тайлбарлаж өгөх сайн хөтөч олсондоо би дотроо ихэд талархаж явлаа. Түүнийг Б.Сэргэлэн гэдэг. Тус үйлдвэрт 19 дэх жилээ ажиллаж яваа үйлдвэрлэлийн хэлтсийн инженер. Дулааны инженер мэргэжлээр их сургууль төгсч ирсэн жилдээ үнс зөөгчөөр ажилд орж байлаа хэмээн бидний яриа эхэлсэн юм. Үйлдвэрт шинээр төгсч ирсэн хэн бүхэн ийнхүү халуун цэгээс ажлын гараагаа эхлүүлж цаашид өөрийн чадлаар дээш ахицгаадаг “зарчим” бий гэнэ. Түүний ээж, аав бас энэ үйлдвэрт ууган ажилчид нь байсан бөгөөд эдүгээ хүүгээ үе залгамжлан үйлдвэртээ ажиллахыг харж гавьяаныхаа амралтыг эдлэж суугаа буурлууд ажээ. Ийнхүү ярилцсаар бид ил уурхайг зорилоо.
Анх Чехословак улсын тусламжтайгаар хийсэн “Эрдэнэтийн овооны зэс –молибдений орд” газрын хайгуулын ажил 1964-1968 онд амжилттай явагджээ. Хүдрийн ил уурхай 1978 оны 10 сарын нэгэнд ашиглалтанд орсноос хойш эдүгээ 2014 онд 26,1 сая тонн хүдэр боловсруулах хүртлээ өсөн дэвжсэн хэмээн үйлдвэрийнхээ түүхийг товчхон тайлбарлалаа. Надад түүнээс асуух зүйл олон байлаа. Хүний гараар эвлүүлэн засч янзалсан мэт тогтоц бүхий чулуун, шороон овоолгуудаас эхлээд дамжлагаар явсаар эцсийн бүтээгдэхүүн экспортод бэлэн болдог хүртэл гээд мэргэжлийн, тэдэнд бол энгийн атлаа бидэнд сонирхолтой тэр л зүйлүүдийг хармаар байгаагаа ч нууж чадсангүй.
Ил уурхай дээр бид ярилцах зуурт ойр орчмыг харж зогссон надад “хөтөч” инженер алтан шаргал гялалзсан судал бүхий саарал чулуу харуулаад: “Бидний олборлолт хийгээд байгаа баяжмал бүхий чулуу чинь энэ шүү дээ” гэлээ. Энэ нутгийн чулуу бүхэн эрдэнэстэй байхдаа хэмээн чулууг атгаж зогсохдоо өөрийн эрхгүй бодлоо.
“Эрдэнэт” үйлдвэр анх 1978 онд ашиглалтанд орсноос хойш хүчин чадлаа шат дараатайгаар нэмэгдүүлсээр иржээ. Ингээд бид хамгийн чухал бүтээн байгуулалт, Баяжуулах фабрикийн өөрөө нунтаглах хэсгийн хүдэр боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл дээр ирлээ. Өргөтгөл хэдхэн хоногийн дараа ашиглалтанд орох юм байна. Тус бүтээн байгуулалтын үр дүнд хүдэр боловсруулах хүчин чадал жилд 6 сая тонноор нэмэгдэх бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулалт 32 сая тоннд хүрнэ. 2011 оноос хойш шат дараатай хийгдсэн төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 155,4 сая ам.доллар бөгөөд төслөөс гарах эдийн засгийн үр ашиг нь жилд 12 сая ам.доллар бөгөөд 1 тонн зэсийн үнэ 6800 ам.доллар байвал нийт хөрөнгө оруулалтаа 5,7 жилийн дотор нөхөх урьдчилсан тооцоо гарчээ. Тендерээр шалгарсан нийт 10 гаруй туслан гүйцэтгэгч компани, “Эрдэнэт” үйлдвэрийн цех, нэгжүүд хамтран жил гаруй хугацаанд ийнхүү дуусч байгаа юм байна. Мэдээж шинэ бүтээн байгуулалтыг дагаад хүний нөөц, техник технологийн шинэчлэл бүр цаашлаад улсад төлөх татвар жилд 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
“Хөтөч ” инженер биднийг Засвар механикийн заводад хүргэнэ гэснээр бид цааш хөдөллөө. Жинхэнэ “Машин үйлдвэрлэл” энд явагддаг аж. Үндэсний үйлдвэрлэл гэхээр гэрийн бүрээс, гутал, модон эдлэл зэрэг гараар бүтээж байгаа зүйлүүдээ тоочдог. Магадгүй би заримыг нь орхигдуулж нэрлэж байгаа л байх. Гэвч яг ийнхүү ган төмөр хайлуулж металл боловсруулан техник, тоног төхөөрөмж хийж байгаа тухай сонсоод, харж байгаа маань анхных. Гэтэл үйлдвэр анх байгуулагдсаны дараахан буюу анхны суурь машинуудыг 1977 оноос суурилуулан, 1978 оны 10 сард анхны металл боловсруулж эхэлжээ. Тус завод нь компанийхаа тоног төхөөрөмжид урсгал ба их засвар хийж, тоног төхөөрөмжөө резинэн ба корундаар хуяглах, металл хийж, стандартын бус тоног төхөөрөмж , сэлбэг хэрэгсэл бэлтгэх ган ширэм өнгөт металл хайлан цутгах гэсэн үндсэн үүрэгтэй. Энгийн үгээр л бодоход үйлдвэрийнхээ техник, тоног төхөөрөмжөө засварлах гэж гаднаас шинэ сэлбэг авалгүй жилд 10.000 нэр төрлийн 40 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэдэг аж. Мэдээж үйлдвэрлэлийн хэмжээгээр импортоор ирэх сэлбэгийн үнэ хэмнэгдэнэ гэсэн үг. Бүр цаашлаад Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын машин механизмыг засч сэлбэхээс гадна эд ангийг нь шинээр үйлдвэрлэн нийлүүлж байна. Эдгээр компанийн тоонд “Оюутолгой” ч орж байгаа юм. УАЗ 469 машин бүхлээрээ багтдаг аварга том хутгагч экскаваторын шанага хийгдэж байгааг нүдээрээ харж, Баяжуулах фабрикт хэрэглэгддэг, хамгийн чухал эд анги болох насосыг монгол ухаан шингээн хийж, оюуны өмчөөр бүртгүүлэх гэж буйг чихээрээ сонслоо. Хүнд машин үйлдвэрлэлийн заводын ажлын орчин нь эмх цэгцтэй. Ажилчид нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдлыг алхам бүрт мөрдөж, ажлын байр орчноо тохижуулан цэвэр цэмцгэр байлгахад үйлдвэрлэлээсээ ялгаагүй анхаардаг ажээ. “Эрдэнэт” гэх энэ том айлын ажил үйлстэй танилцахад өдөр багадаж, тус үйлдвэрийн нэгээхэн хэсэгтэй танилцсан аялал маань өндөрлөлөө.
“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн 2 жилд нийт 982,8 тэрбум төгрөгийг улсдаа тушаажээ. 2013 онд 520 тэрбум, 2014 онд 462 тэрбум төгрөгийг энэ үйлдвэрийн хамт олон улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Гэтэл бид “Эрдэнэт” үйлдвэрийн тухай зөвхөн цаг үеийн үйл явдал, уурхай, белазны дүрс бүхий телевизийн мэдээг хааяа харж, заримдаа анзаарахгүй өнгөрсөөр уджээ. Улс эх орныхоо зүрхэн тушаа хөдөлмөр, зүтгэлийн эрч хүчээр цохилж яваа “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид, энэ үйлдвэрт амьдралын минь нэг өдөр ийнхүү өнгөрлөө. Харин та “Эрдэнэт” үйлдвэрийн тухай хэр мэдэх вэ!
О. Гэрэл
URL: