Асуудлыг Н.Алтанхуягтай биш, АТГ-тай нааж харъя

AtG ALTAAН.Алтанхуяг гишүүний санаачилсан АТГ-аас мөрдөх эрхийг нь салгах агуулгатай хуулийн төсөл Хууль зүйн байнгын хорооны босго давлаа. Уржигдар үдэш болтол, хуралдсан Байнгын хорооны хуралдаанд нийт 13 гишүүн оролцсоноос арав нь энэ төслийг “УИХ-аар хэлэлцье” гэж кноп даржээ. Уг нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн энэ өөрчлөлтийг одоогоос жил хагасын өмнө л УИХ-ын дарга З.Энхболд алх тогшин баталж байв. Гэтэл “Монголын хууль гурав хоног” гэдгийг батлах мэт УИХ ганцхан жилийн өмнө гаргасан шийдвэрээсээ буцах болсон бодитой шалтгаан, хангалттай үндэслэл юу байсан юм бол. Энэ асуултад төсөл санаачлагч Н.Алтанхуяг “Намайг Ерөнхий сайд байхад миний нүдэн дээр компанийн захирлыг эхнэртэй нь, орлогч захирлыг мөн л эхнэртэй нь, дахиад 16 хүнийг нэг өдөр шоронд хийсэн. Энэ бол буруу үзэгдэл тогтож байгааг нотолж байгаа зүйл. Тэгэхээр энэ бүхнийг бага дээр нь, жил хагас болсон дээр нь хурдан залруулмаар байна” гэж тайлбарлана лээ. Түүний хэлдэг үнэн бол энэ засах ёстой асуудал, хөндөх ч ёстой сэдэв. Гэхдээ хуулийн ганцхан өөрчлөлтөөр АТГ-ыг “шүдгүй арслан” шиг болгож яавч таарахгүй.

Хэрэв УИХ-д өргөн баригдаад буй Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг энэ чигээр нь баталбал АТГ хээл хахууль өгөх, авах, зуучлах гэсэн гурван төрлийн гэмт хэргийг шалгаж, одоо харьяалалд нь байгаа бусад хэргүүд буцаад УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжих юм. Уг нь энэ бол шинэ юм биш л дээ. Жил хагасын өмнөх байсан л бүтэц. Харин хуучин бүтцийг сэргээж, АТГ-т олгосон зарим эрхийг буцааж хумьж буй энэ байдлыг Н.Алтанхуяг гэсэн хувь улстөрчийн тэмцэл мэт хараад байна. Энэ яах аргагүй анхаарах ёстой зүйл. Ёс зүйн хувьд магадгүй ийм агуулгатай төслийг Н. Алтанхуяг санаачлах нь буруу байх. Яагаад гэвэл, түүний хүргэн дүүтэй холбоотой асуудал АТГ-т яг одоо шалгагдаж байгаа юу гэвэл тийм. Бас Н.Алтанхуяг өөрөө Ерөнхий сайд байхдаа “АТГ ажил хийлгэхгүй байна” гэж мэдэгдэж байсан нь ч үнэн. Тиймээс энэ удаад асуудлыг Н.Алтанхуягтай биш, АТГ-тай нь нааж харах гээд үзье.

АТГ-ыг байгуулснаар Монгол Улс хожсон уу гэхээс хохироогүй. Албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд улсын төсвийг өөрийнхөө юм шиг л зарцуулдаг байсан цаг саяхных. Энэ бүхэн АТГ-ыг байгуулснаар бага боловч цэгцэрсэн. Ядаж л албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлдэг болсноор үндэслэлгүй баяжихаасаа чи айдаг болоо биз дээ. Хэзээ ийм байсан юм бэ. Дарга нар эрх мэдлээ хэтрүүлэхдээ, улсын хөрөнгө идэхдээ айх нь байтугай ичдэг ч үгүй байсан. Ийм цаг үед Авлигын эсрэг хууль баталж, АТГ-ыг байгуулсан. Монгол Улс ийм байгууллагатай болсноор, авлигатай тэмцэж эхэлснээр дөрөвхөн жилийн дотор “Транспаренси Интернэйшнл” байгууллагын гаргадаг авлигын үзүүлэлтээр 120-иос 80 дугаар байр руу ахиж чадсан байдаг. Энэ бол АТГ-ын гавьяа, ийм байгууллагатай болсны үр дүн. Гэхдээ мөрдөн шалгах зарим эрхийг нь буцаах болтлоо асуудал хурцадсан нь, УИХ гаргасан шийдвэрээсээ жилийн дараа буцахдаа тулсан нь үнэндээ энэ байгууллагын ажлын арга барилтай холбоотой бололтой. Байнгын хорооны хуралдаан дээр ч гишүүдийн ярьсан сэдэв агуулгын хувьд ийм л байлаа.

Эхнийх нь АТГ улстөрждөг гэсэн дүгнэлт. Ийм дүгнэлт хийдэг хүмүүсийн хэлдэг баримт анхаарахгүй байхын аргагүй. Жишээ нь, 2012 оны сонгуульд нэр дэвшихээр намын Бага хурлаасаа дэмжигдсэн Ц.Анандбазарыг сонгуулийн өмнө барьж хорьчихоод сонгуулийн дараа буцаагаад суллаж байв. Бас улс төрийн хувьд яг эгзэгтэй мөчид АТГ-аас хэвлэлийн бага хурал хийдэг, тэгээд хүн гүтгэдэг, дараа нь уучлалт гуйх нь байтгутай залруулга хийдэггүй жишээ олон байдаг юм билээ. УИХ-ын гишүүн Л.Болд энэ талаар “Хүнийг гэмт хэрэгт шалгаж болдог юм бол гэм буруугүй хүнийг цагаатгадаг үйл ажиллагаа давхар байх ёстой. Гэмгүй гэдгийг нь хэн ч зарладаггүй” гэж Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр тодотгож хэлсэн.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АТГ-ынханд хандаж хэлсэн “Хилийн хоригийг хавтгайруулж битгий аваач” гэсэн санал, УИХ-ын дарга З.Энхболдын “Хуульд олон боломж байхад ганцханыг нь ашиглаж битгий хориоч” гэсэн үгүүд ч энэ байгууллага эрх хэмжээнээсээ хэтрэх гээд буйг илтгэдэг. Өөрөөр хэлбэл, манаачийг бас манах ёстой юм байна. Тэгэхгүйгээр эрх мэдлийг нэг газарт хэт төвлөрүүлэх нь эргээд 1937 оны Онцгой эрхт комиссыг авчирч мэднэ гэж Ц.Оюунгэрэл гишүүн сануулсан байна. Тэрбээр “Хүний эрхийн үндэсний комиссын 2014 оны тайлан эрүүдэн шүүлтийн талаар гарсан. Эрүүдэн шүүлтийн процесс АТГ-т УЕП-ын дэргэд Мөрдөн байцаах албыг нэгтгэснээс хойш Монгол Улсад нэмэгдсэн байна гэдэг дүгнэлтийг ХЭҮК гаргасан. Ингэхээр нэг бол бид АТГ-т хэтэрхий их эрх мэдэл төвлөрүүлсэн байна, эсвэл АТГ эрх мэдлээ буруугаар ашиглаж байгааг нотлоод байна” гэжээ. Энэ бол бодох л ёстой зүйл. АТГ нь АТГ шиг байсан бол асуудал ингэтлээ даамжраа ч бил үү.

 

 

Ч.ГААНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих