П.Сүхбаатар: Одоогоор 3.1 тонн алт хүлээн авлаа

6-18-3_700x700Цаг үеийн асуудлаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.

-Одоогоор алтны нөөц хэр байна. Хэдий хэмжээнийалт тушаасан байгаа вэ?

-Энэ оны эхний зургаан сарын байдлаар 3.1 тонн алт хүлээн авлаа. Үүнээс 392 аж ахуйн нэгж 2.1 тонн, 446 иргэн 1.1 тонныг тушаасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үе буюу зургадугаар сарын 30-ны байдлаар 3.5 тонныг авсан байдаг юм. Тэгэхээр бидэнд дахиад 14 хоног байна. Энэ хугацаанд дээрх тооноос давах боломж бий. Эндээс харвал алт тушаалт сайжирч, эрчимжсэн гэж болно.

-Энэ юутай холбоотой вэ?

-Өнгөрсөн жилийн тухайд татварын хөнгөлөлт эдлэхээр хүлээлт үүссэн байсан.

-Алтны ханш өсөх хандлага бий юу?

-Манай улсын тухайд Лондонгийн биржийн ханшийг ашигладаг. Өнгөрсөн сарын эхээр 1211 ам.доллар байсан. Одоогоор 1181 ам.долларын ханштай байна. Ер нь хүмүүс алт тушаахдаа ханшийг голчлон харж байгаа нь анзаарагддаг. Түүнээс гадна алт тушаадаг оргил үе эхлээгүй байна. Оргил үе нь ирэх сараас арваннэгдүгээр сар хүртэлх хугацааг хэлж байгаа юм. Тиймээс өнгөрсөн оныхоос алтны тушаалт өсөх болов уу гэсэн таамаглал бий.

-Алтны үнэ өнгөрсөн оныхоос хэр өөрчлөлттэй байгаа вэ?

-Ерөнхийдөө алтны үнэ тогтвортой байгаа. Дунджаар 1191 ам.долларын ханштай байсан. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн тавдугаар сард алтны үнэ бага зэрэг өссөн. Цаашид өсөх магадлал бий.

-Олон жилийн дунджаас харвал алтны үнийн мөчлөг ямар төвшинд байна?

-Он гарсаар алтны үнэ нэлээд өссөн гэж болно. Харин одоо бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Гэхдээ оргил үедээ үнэ өсөх таамаглал бий.

-Өнгөрсөн онд хэдий хэмжээний алт авч байсан бэ?

-13 тонн алт авч байсан. Үүнээс (давхардсан тоогоор)1092 иргэн 3.5 тонн алт Монголбанкинд тушаасан нь иргэдийн оролцоо, бичил уурхайчдын тушаах идэвх нэмэгдсэнтэй холбоотой.

-Өмнө нь бичил уурхайчид төдийлөн банкинд тушааж байгаагүй гэдэг. Гэтэл иргэдийн идэвх нэмэгдсэн ньюутай холбоотой вэ?

-Татварын хууль батлагдаагүй байхад ченжид тушаадаг байсан нь үнэн. Мөн хил гаалиар гаргах тохиолдол ч байсан. Харин хуульд өөрчлөлт орсноор энэ байдал өөрчлөгдсөн. Тэгэхээр сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хууль бусаар экспортлох нь буурсан нь эерэг нөлөө юм. Түүнчлэн алтны 100 гаруй хураасан лицензийн эрхийг буцаан олгосон нь алтны тушаалтад сайнаар нөлөөлнө гэсэн хүлээлт байна.

-Алтны нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгийн ханш чангарна. Тэгэхээр валютын ханш 2-3 жилийн өмнөхтэйдүйцэхээр буурах боломж бий юу?

-Мэдээж валютын нөөц өсөхийн хэрээр ханш нь буурдаг. Түүнээс гадна ам.доллараар орж ирэх хөрөнгө оруулалт нааштай байгаа зэрэг эерэг үзүүлэлтийг дагаад валютын ханш суларна гэж бодож байна.

-Оны сүүлч гэхэд хэдий хэмжээний алт тушаагдах таамаглал байна вэ?

-Өнгөрсөн оны мөн үе болон гурван жилийн өмнөхтэй харьцуулахад өсөх магадлал бий. Мөн 120 аж ахуйн нэгжийн лицензийг олгосон нь ч нөлөөлнө. Учир нь алтны уурхайн ажил идэвхжихийн хэрээр тушаах алтны хэмжээ өсөх юм. Бидний таамаглалаар 15-20 тонн алт авах болов уу.

-Одоогийн байдлаар хэдэн тонн алт экспортод гаргасан бэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард хоёр тонн алтыг экспортлож байсан. Харин энэ жил 4.2 тонн алтыг экспортлоод байна. Ингэснээр 160 сая ам.долларын нөөц бүрдүүлсэн.

-Хуурамч мөнгөн тэмдэгт их хэмжээгээр гарсан тухай мэдээлэл бий. Энэ талаар?

-17 сая төгрөг хуурамчаар үйлдвэрлэсэн хүмүүсийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэснээ хүмүүс хүлээсэн гэж байгаа. Хуурамч мөнгийг танихад хялбар жинхэнээсээ ялгарах ялгаа олон бий. Тухайлбал, зориулалтын бус цаасан дээр хэвлэдэг. Тэгэхээр үйлчилгээний байгууллага болон мөнгөтэй харьцаж байгаа бүхий л газрууд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Манайд арилжааны банкнаас ирж байгаа мөнгөн тэмдэгтийг нарийн нягталж байгаа. Мэр, сэр хуурамч мөнгө орж ирдэг. Тиймээс журмын дагуу тухайн дүүргийн Цагдаад мэдэгдэж байна.

-Хэрэглээнд ашиглаж болохгүй мөнгөн тэмдэгтийг банкууд хурааж авахгүй байгаа талаар хүмүүс хэлдэг.Энэ тухай?

-Хуучин мөнгөн тэмдэгтийг хэрхэх тухай журам бий. Бид зохицуулалт хийдэг. Магадгүй хэт ачааллаасаа болоод арилжааны банк солихгүй гаргах тохиолдол бий байх. Гэхдээ Монголбанкинд авч ирвэл бид сольж өгч байгаа. Гүйлгээнд оруулах боломжгүй мөнгөн тэмдэгтийг журмын дагуу устгалд оруулдаг.

 

Д.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих