Эрх баригчид МУИС, ШУТИС-ийг хувьчлах гэж байна
Эдийн засгийн байнгын хороогоор өчигдөр төрчийн өмчийг хувьчлах тухай асуудал хэлэлцэгдэх байсан ч ирэх долоо хоног болтол хойшиллоо. Тодруулбал, Төрийн өмчийг хувьчлах тухай асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-аар хэлэлцэх гэж байна. Өчигдөр анхны хэлэлцүүлгийг байнгын хороо хийх байсан. Уг хуулийн төслийг өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны өдөр засгийн газраас УИХ-д өргөн барьсан бөгөөд битүүний өдөр хэлэлцэх эсэхийг нь шийдээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн.
Уг хуулийн төсөлд нийт 20 төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааг олон нийтэд нээлттэйгээр арилжихаар төлөвлөжээ. Эдгээрт дулааны цахилгаан станцууд, Шивээ-Овоо, Хөрөнгийн бирж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо, Хөтөлийн цемент шохой гэх зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг багтаажээ.
Үүнээс гадна уг хуулийн төслийн хамгийн ноцтой хэсэг нь нийгмийн салбарын хувьчлал юм. Уг хуулийн 4.2-т үүнийг Нийгмийн салбарт хийх хувьчлал, өөрчлөн байгуулалт гэсэн нэрээр оруулж өгчээ. Энд юу гэж заасан бэ гэвэл “Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгоно гэж заажээ.Нийгмийн салбарын төрийн өмчит байгууллагууд Монголд цөөхөн хэдхэн байдаг. Тодруулбал,
- Нэгдүгээр эмнэлэг
- Хоёрдугаар эмнэлэг
- Гуравдугаар эмнэлэг
- Халдварт судлалын үндэсний төв
- Хавдар судлалын үндэсний төв
- МУИС
- ШУТИС
- Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
- Монгол Улсын Боловсролын Их Сургууль
- Хөдөө Аж Ахуйн сургууль
- Төрийн өмчит коллежүүд
Эдгээр төрийн өмчит сургуулиуд болон эмнэлэгүүдийг менежментийн хувьчлалд оруулах гэж байна. Товчоор хэлбэл төрийн өмчийг хувьчлах тактикаа хэрэгжүүлээд эхэлээ.
Яагаад гэвэл хэлэлцэх эсэхийг нь хаврын чуулганы хаалтын өдөр буюу цагаан сарын битүүний өдөр шийдсэн. Битүүний өдөр шийдсэн нь хэлэлцэх тактикийнх нь эхлэл юм. Учир нь олон хүмүүсийн анхаарал цагаан сар, бөх гээд саринасан үед олон хуулийн төслүүдтэй бөөндөөд хэлэцэхээр тогтчихсон. Харин дараа нь хаврын чуулган эхэлсэн өдрөөс хойш хоёр сар огт хэлэлцэхгүй байж байгаад наадмын өмнө нэг, хоёрдугаар болон эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батлах гэж байгаа бололтой. Энэ долоо хоногт хойшлуулснаар наадам болоход гурван долоо хоног үлдэх болно. Үлдсэн гурван долоо хоногт хэлэлцүүлгүүдийг хийгээд наадмын өмнө өдөр буюу 10-ны өдөр эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батлах гэж байна.
Өөрөөр хэлбэл хүмүүс наадам гээд зугаа цэнгэл, морь , бөх яриад явж байхад төрийн өмчийг хувьчлах гэж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын дээрх санаархалыг МАН-ынхан дэмжихгүй бөөн хэрүүл болж байгаа аж. Ингээд наадмын өмнө засагт хамтарсан хоёр намын хооронд “том зодоон” болох гэж байгаа бололтой. Түнжин муутай хамтрагчид дээрх асуудалд хэрхэн хандахыг харж суух л үлдлээ.
Г.Бат
URL: