Зээлийн дарамт буюу “Чөтгөрийн тойрог” дахь Монгол
Манай улсын эдийн засаг хямарсан эсэх талаар дээдчүүлийн хүрээнд цэц булаалдаж, ном хаялцаж байх зуур жирийн айл өрх амьдрах орчноо сайжруулж, зээл авч орсон орон сууцныхаа лизинг төлж чадахаа больж, хоёр идэх нь байтугай хоосон хонохгүйн төлөөх тэмцэл ширүүсч эхэлсэн нь улс орны бодит байдлын индикатор болж байна. Улс гэрийн анхдагч нэгж иймэрхүү дүр зурагтай байгаа нь томоор харвал Монгол Улс өр ширэндээ баригдаж, хямрал бодитоор нүүрлэснийг илтгэж байгаа хэрэг.
Өрх гэрийн хувьд өнгөтэй өөдтэйгөө зарж борлуулдаг ч юм уу барьцаалан зээлдүүлэх цэг /ломбард/-т тавиад нэг хэсэгтээ амьдрах л байх. Харин улс орны тухайд яах вэ. Мэдээж, гаднын улс орон, олон улсын байгууллагаас зээл тусламж авч таарна. Гэтэл энэ нь манай улсын хувьд хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар манай улсын нийт гадаад өр 19.8 тэрбум ам.долларт хүрсэн.
Түүний 4.5 тэрбум нь Засгийн газрын өр байсан бөгөөд өнөөх газар доорх баялгаараа дэнчин тавьж, бонд гаргах замаар хөрөнгө босгосон байдаг. Тодруулбал, “Чингис” бондын 1.5 тэрбум, “Самурай” бондын 290 сая, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын зээлийн хөрөнгө зэргийг нэрлэж болно. Түүнээс гадна Засгийн газраас дотооддоо бонд гаргаж, 2.85 их наяд төгрөгөөр өрөө зузаатгасан байгаа юм.
Тэдгээрийн эргэн төлөлт 2017 оноос эхлэх яриа хэлцэлтэй. Эдийн засагчдын тооцоолж байгаагаар манай улс /Засгийн газар/ ирэх 10 жил дараалан төсвийнхөө 10 хувийг дээрх зээлүүдийн эргэн төлөлтөд зарцуулахаар байна гэсэн. Гэтэл эдийн засаг 2010-2011 оных шиг зүүдэнд ч оромгүй 17.1 хувийн өсөлттэй байх ямар ч боломж байхгүй. Одоо хэрүүл маргаантай байгаа Оюутолгойн ордын хоёр дахь шатны санхүүжилт орж, Тавантолгойг хөдөлгөсөн ч ийм өсөлттэй болж чадахгүй.
Дээр нь эдийн засаг тав гаруйхан хувийн өсөлттэй байгаа өнөөгийн нөхцөлд зээлийн өр, импортын санхүүжилтэд 10-аад тэрбум ам.долларыг жил бүр зарцуулах шаардлагатай гэж бодвол байдал улам л хүндэрнэ. Учир нь, Хөгжлийн банкнаас зээлсэн жилийн 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын зээлийн эргэн төлөлт 2017 оны гуравдугаар сараас эхэлнэ.
Энэ нь таван жилийн хугацаатай гэж жаахан уужирч болох ч дараа оных нь эхнээс “Чингис” бондын эргэн төлөлт “хоолойд хутга тулгаж” эхэлнэ, Цаашлаад “Самурай” бондын хариу таван жилийн дараагаас нэхэгдэнэ. Эдгээр томоохон зээлийн 30 гаруй хувийг замд оруулчихсан байгаа. Тэдгээр нь хэдийд үр ашгаа өгч, санхүүжилтээ төлөх нь тодорхойгүй.
Бусад салбарт ашигласан хөрөнгө оруулалтыг бараа бүтээгдэхүүнээ хилийн чанадад гаргаж, валютын урсгалыг наашлуулах дорвитой төсөлд зориулаагүйн дээр бүгд дотоод зах зээл рүү чиглэж, зөвхөн сонгуулийн бэлтгэл ажил мэтээр явж байгааг эдийн засагч, шинжээчид шүүмжилсээр байна. Гэвч эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтад гол анхаарлаа хандуулж, дахин зээл авах, бонд гаргах, олон улсын банк санхүүгийн байгууллагад хандаж тусламж гуйхаас өөр санал санаачилга гаргаж, арга зам эрэлхийлэхгүй байгааг ойлгоход бэрх болж.
Олон улсын эдийн засаг, санхүүгийн харилцааны жишгээс харахад тухайн улсын нийт өрийн хэмжээ ДНБ-ийнхээ 80 хувьд хүрвэл гаднын хөрөнгө оруулагчид “гараа хумхиж” эхэлдэг гэдэг. Одоогоор манай улсын нийт өр ДНБ-ий 70 хувьд хүрээд байгаа гэсэн тоо байна. Тэгэхээр Засгийн газрын дээрх арга ч газар авахаасаа өнгөрч мэдэхээр байгаа юм.
Ямартай ч Ерөнхий сайд нэг тэрбум хүртэл ам.долларын бонд гаргаж, хөрөнгө босгохоор сэтгэл шулуудаж, эхний 350 сая ам.долларын бондыг зах зээлд нийлүүлэх болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Сайдын цаг-аар дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Энэ байдлаас харахад манай улс өрийн сүлжээ, “Чөтгөрийн тойрог”-т хэдийнэ хэрэгдчихсэн байна. Өнөөгийн байдлаар Монголын дөнгөж төрсөн нялхаас өтөл буурал хүртэл хүн бүр 12.5 сая төгрөгийн өртэй байгаа юм гэсэн.
Хувь хүмүүс хоорондоо өгөлцөж авалцах өрийн тухайд бодит боломжоо харилцан ярилцаж ойлголцоод хэд хоног, сар жилээр хойшлуулах эсвэл өөр байдлаар шийдэж болдог. Харин улс хоорондын юм уу олон улсын банк санхүүгийн байгууллага өгөхдөө найрсаг сайхан байсан шигээ үргэлж тийм байдаггүй нь аймаар. Өгснөө буцааж авахдаа хэний ч санал бодлыг үл сонсохын дээр өөртөө хэд дахин ашигтайгаар оруулсан хөрөнгөө салгачихдагийг олон баримтаар баталж болно.
Тухайлбал, Хятадад тавьсан өрөө төлж чадахгүйд хүрсэн Тажикстан улс Памирын нуруу орчмын Горно-Бадахшанаас 1500 км нутгийг арга буюу тасалж өгсөн нь саяхны явдал. Аргентин, Нигери улсууд гадаад өрийн улмаас дампуурлаа зарлаж байлаа. Одоогоор Грекийн өр ДНБ-ийнхээ 165 хувьтай тэнцэж, Европын холбооноос хөөгдөж, дампуурлаа зарлахдаа тулаад байгаа зэрэг гашуун сургамж бидэнд ч ойрхон болчихоод байгаа юм биш үү. Хэдэн жилийн дараа Оюутолгой, Тавантолгойгоо өрөндөө өгчих, Асгатын ордыг чинь үнэгүй авна гэсэн шахаанд орчихсон байж байх вий дээ. “Чөтгөрийн тойрог”-т улс гүрнүүдийг ингэж л татан оруулдаг юм гэнэ билээ.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: