АН-аас АТГ-ын хар жагсаалтад өртөгсдийн цуваа үргэлжилсээр…

2012 оны сонгуулийн өмнө аймгуудын Засаг дарга нар ээлж дараалан шахуу АТГ-т дуудагдсан. Тухайн үед АТГ тулуудыг агнахгүй жараахайтай хөөцөлдлөө гэсэн шүүмжлэл гарч байсан юм. Гэсэн хэдий ч зөвхөн аймгуудын Засаг дарга нар ч АТГ-т дуудагдаад зогсоогүй сүүлийн таван жилд улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд хүртэл АТГ-т шалгагдсан. Энэ удаа эрх баригч АН-аас АТГ-ын хар жагсаалтад хэн хэн бичигдээд байгааг онцоллоо.

660e4ca010911116original
Н.АЛТАНХУЯГ: Түүнийг “Чингис бонд”-ын зарцуулалттайгаар холбоотойгоор шалгаж эхэлсэн мэдээлэл нэг хэсэгтээ гарсан ч АТГ-аас түүнээс байцаалт аваагүй. Харин Г.Дэнзэнг цагдан хорьсонтой холбоотойгоор Н.Алтанхуягийн талаарх мэдээлэл гарч эхлээд байгаа билээ. Тодруулбал, Н.Алтанхуягийг АТГ-ын ажилд саад учруулсан хэмээн тус газраас мэдэгдсэн юм.
Л.ГАНСҮХ: Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед ахлах зөвлөхөөр ажиллаж байсан  Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Улмаар Л.Гансүх тэргүүтэй хүмүүс “Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон.
Я.БАТСУУРЬ: “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг АТГ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн “Говь Повер”-ын асуудалтай холбогдуулан шалгаж цагдан хорьсон ч өдгөө тэрбээр суллагдаж, албан тушаалдаа буцаж очоод байгаа юм.
Г.ДЭНЗЭН:  Г.Дэнзэнгийн хувьд өдгөө цагдан хоригдоод байгаа билээ. Түүний хэргийн талаар АТГ-аас “Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг  хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу  2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн” хэмээн албан ёсны мэдэгдэл хийсэн.
А.САРАНЗАЯА: Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяа “Цэвэр агаар сан”-аас мөнгө завшсан гэх хэрэгт нэр холбогдон АТГ-аас шалгагдаж байсан удаатай. Энэ талаар АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр онцолж байсан юм.
Б.ПҮРЭВДОРЖ:  АН-аас сүүлийн үед АТГ-ын хар жагсаалтыг үргэлжлүүлээд байгаа хүн бол Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж юм. Түүнд АТГ-аас төсвийн мөнгө төгрөгтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин  тэрбээр энэ тухайд “Би өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа. Ер нь албан тушаалтнууд өөртөө нь холбоотой өөртөө нь холбоотой хэрэгт шалгах үед хөндлөнгөөс нөлөөлөх явдал байдаг. Тиймээс миний бие энэ хэргийн шалгалтын үйл явц, шалгалтад хөндлөнгөөс нөлөө байлгахгүй байх үүднээс Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна”  хэмээн мэдэгдээд АТГ-аас өөрийг нь шалгахад ямар нэгэн саад учруулахгүй хэмээсэн юм.
Г.СЭРЭЭНЭНДОРЖ:  АТГ-аас  хамгийн сүүлд буюу хоёр хоногийн өмнө УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Сэрээнэндоржийг сэжигтнээр цагдан хорьсон тухай мэдээлэл байна. Тодруулбал, Г.Сэрээнэндоржийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт эрүүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Г.Сэрээнэндоржийн хувьд цагдан хоригдохоосоо өмнө зарим хэвлэлд ярилцлага өгөхдөө “Намайг шалгаж байгaаагийн цаана улстөрийн юмуу, бүлэглэлийн сонирхол байхыг үгүйсгэхгүй. Сая намайг барьж хорино гэж дуудсан, зарим хэвлэлээр миний нэр төрд халдсан тэр өдрүүдэд УБТЗ-ын Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурал эхэлж, зарим томоохон томилгоо, бүтцийн өөрчлөлтийг хэлэлцэж байсан юм. Ажлаа өгөхийн тухайд би өргөдлөө бичихгүй” хэмээн мэдэгдсэн байдаг.
Ямартай ч өнөөгийн байдлаар АТГ-ын хар жагсаалт үргэлжилсээр байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-аас Прокуророын дэргэдэх мөрдөн байцаах албыг салгахаар хуулийн төсөл санаачилж өргөн бариад байгаа юм. Энэ хууль батлагдвал АТГ-ын хар жагсаалтад багтсан цагаан захтнууд хэргээс мултрах магадлалтай гэдгийг дурдахгүй өнгөрч боломгүй. 
 

Г.НАРАН

Эх сурвалж: Info.mn 

 


URL:

Нэр: Зочин Огноо: 17 June 2015

Энэ балиар шуурган дунд Төрийн дунд шатны жирийн албан хаагчид өртөх эрсдэл өндөр байна. Үнэндээ хэлмэгдүүлэлт энд л их байгаа. АТГ-ынхан үүнийг ойлгож байгаа байх. Сайдын үгийг хэрэгжүүлэхгүй бол тэд ажилгүй болно

Сэтгэгдэл бичих