Хулгайлсан модоо тарьж буян хийнэ гэж байх уу?
Дан хайрга, дайрган дээгүүр алхаж багахан хэмжээний салхи гарахад нүүр нүдгүй шороогоор шуурдаг байдал хэнд ч таалагдахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч манай улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь их, бага хэмжээгээр цөлжиж, газрын доройтолд орсон гэсэн судалгаа байдаг. Хот суурин газарт үүнийг багасгах нэг арга нь мод тарих, орчноо зүлэгжүүлж, ногооруулах явдал юм.
Нийслэлд өнгөрсөн жил 85 орчим гудамж талбайд ногоон байгууламжийн арчлалтын ажил хийж мод, зүлэг, цэцэг тарьсан. Энэ жилийн хувьд 92 гудамж, цэцэрлэгт ногоон байгууламж тарьж, арчлахад нийтдээ 5.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Хотын төв гудамжинд нийт 500 мянган мод сөөг, 300 мянган ам.метр зүлэг, 400 мянган ширхэг нэг наст цэцгийг тарих бол хотын захын Долоон буудал, Амгалан, 22-ын товчоо, Яармаг, Нисэхэд өнгөрсөн жилээс эхэлсэн мод тарих ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм. Гэтэл иргэн та бидний татварын мөнгөөр худалдан авч, тарьж буй мод сөөг хулгайлах явдал сүүлийн үед ихэсчээ.
Үүний тодорхой нэгэн жишээ гэвэл, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллын байрнуудын өмнөх талбайг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн жилээс нэг га талбайд мод тарьсныг иргэд хулгайлсаар байгааг албаы хүмүүс хэлэв. Тус газар 9000 орчим мод тарьснаас гоёлын гацуур, хайлаас зэрэг 3000 гаруй модыг хулгайд алджээ.
Энэ талаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн гүйцэтгэх захирал Д.Энхсайхан “Одоогоор 3000 гаруй хайлаас, 20 гаруй гацуур хулгайд алдчихаад байна. Бид нийслэлийн Цагдаагийн газартай хамтран ажиллаж байгаа. Үүний ачаар хоёр, гурван этгээдийг үйл-дэл дээр нь илрүүлсэн. Иргэдийг ч үүнтэй адил модны хулгайтай тэмцэж, бидэнтэй нэгдэхийг хүсч байна. Модны хулгайтай холбоотой асуудал гарвал 11453501 дугаарын утас руу хандан мэдээлэл өгөхийг уриалъя” гэсэн юм.
Харин тус нэгтгэлийн хэвлэлийн ажилтан Л.Ганзориг “Мод хулгайлах явдал энэ жил эрс нэмэгдэж, хэд хэдэн удаагийн хэрэг гараад байгаа. Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүрэгт орших явган хүний зам дагуу тарьсан суулгацуудыг үүрээр хулгайлж байсан хоёр хүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Одоо эрүү үүсгэн холбогдох байгууллагаас нь шалгаж байна” гэсэн юм.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны иргэн Б овогтой Л нь өнгөрсөн сарын 15-16-нд шилжих шөнө 03:00 цагийн үед нийтийн эзэмшлийн талбайгаас нахиалж эхэлж байсан 350 мод хулгайлж байхад нь эргүүлийн цагдаа барьсан. Модны хулгайчид байцаалт өгөхдөө ихэвчлэн хашаандаа эсвэл бусдад мод тарьж өгөх гэсэн юм гэж тайлбарладаг” гэсэн юм. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү үүсгэн шалгаж байгаа аж.
Мод тарих нь нэг насны буян гэж монголчууд үздэг ч нийтийн эзэмшлийн талбайд тарьчихсан модыг хууль бусаар авах нь буянд яавч тооцогдохгүй. Тэгээд ч энэ нь хуурамч “өнгөлөн далдлалт” гэдэг нь тодорхой. Учир нь, хулгайн мод тарьц зэрэгт аль хэдийнэ зах зээлийн бус ханш тогтоочихсон байдаг талаар албаныхан хэлж байгаа юм.
Тодруулбал, гоёлын гацуур нэг ширхэгийг нь 250 мянга, гоёлын бутыг 25 мянга, хайлаасыг 1500 төгрөгөөр борлуулдаг гэж тооцбол ямаршуу хэмжээний ашиг олдог нь тодорхой. Ингэж бодохоор зүгээр суугаад мөнгө олох гэсэн этгээдүүдийн золиосоор нийслэлээс өчнөөн мөнгө төсөвлөн хотынхоо өнгө үзэмжийн төлөө хийсэн ажил сүйдэж, тэдний мөнгө олох хэрэгсэл болж байгаа нь харамсалтай.
Л.Баатарцогт: Наадмаас өмнө Төв цэнгэлдэхийн ногоон байгууламж дуусна
Улаанбаатар хотын ногоон байгууламжийн талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Баатарцогтоос дараах зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн хувьд нийслэл хотод ямар ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ. Одоогоор ногоон байгууламжийн ажил хэдэн хувьтай явна?
-Нийслэл хотод байгаа мод зүлэггэй 92 гудамж, талбайд мод, зүлгийг арчлах, агротехнологийн 22 төрлийн ажлыг хийж байна. Үүнд, услах, бордох, зүлэг, цэцэг, мод нөхөж тарих, модоо шохойдох, хэлбэржүүлж засах, өвчин, хортонтой тэмцэх зэрэг ажил ордог. Үүнээс гадна ногоон байгууламжийг шинээр бий болгоно.
Жишээ нь, Яармаг, Нисэхийн замд ямар ч ногоон байгууламжгүй. Тиймээс замын хоёр талаар шилмүүст мод тарьж, зүлэгжүүлнэ. Үүнд тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт орно. Одоогоор нийслэлээс 400 сая төгрөг гаргаад зүлэгжүүлэлтийн ажлыг захаас нь эхлээд хийж байгаа.
Мөн 22-ын товчоо, хойшоо Долоон буудал, зүүн тийш Амгалан, Улиастайн зам дагуу ямар ч цэцэрлэгжилт байдаггүй. Тэр газруудад мод зүлэг шинээр тарьж байна. Улсын баяр наадам дөхөж байгаа энэ үед гадаад дотоодын жуулчид олноор ирдэг учраас урьд жилүүдийн адил нэг наст цэцгийг тарина.
Мөн зүлэгжүүлэлтийн ажил 50 гаруй хувьтай яваа. Мод тарих ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, одоо үндсэндээ дуусч байна. Энэ жил хотын ногоон байгууламжийн арчилгаанд 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.
-Сүүлийн үед модны хулгай цөөнгүй гарч байна. Зүлэгжүүлж буй нийтийн эдэлбэр газраа хэрхэн хамгаалдаг вэ?
-Ногоон байгууламжтай 92 гудамж бүгд эзэнтэй. Эзэн нь “Улаанбаатар нэгтгэл”. Дээр нь нийслэлийн цэцэрлэгжилтэд гэрээ байгуулаад орсон компаниуд түүнийг хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл, ногоон алаг хантаазтай хүмүүс түүнийг харж хамгаалж, ургуулж, арчилдаг. Хэрэв хулгайд алдсан тохиолдолд өөрсдийн
хөрөнгө мөнгөөр эргүүлж нөхөж тарьдаг.
Энэ хавар өдөр нь мод тарихад шөнө нь хулгайд алдах тохиолдол цөөнгүй гарсан. Гэсэн хэдий ч тухайн гэрээ хийсэн компани алдагдлаа хүлээгээд дахин тарьсан. Үүнийг цагдаагийн байгууллагад хандаж тэмдэглүүлж, зарим тохиолдолд шөнө оройн цагаар өөрсдөө эргүүлд гарч хамгаалж байна. Мод хулгайлж буй иргэд хашаа хороондоо мод тарих хүсэлтэй бол холбогдох байгууллагаас нь зохих үнээр нь худалдаад авч болно шүү дээ.
-Баяр наадам дөхөж байхад Төв цэнгэлдэхийн ногоон байгууламж муу байгааг иргэд шүүмжилж байна?
-Баяр наадмаар иргэд Төв цэнгэлдэхийг ихээр зорьдог учраас үүнд шүүмжлэлтэй хандах нь зүйн хэрэг. Гэхдээ наадмаас өмнө Төв цэнгэлдэхийн гаднах 10-аад мянган метр квадрат талбайг зүлэгжүүлж, мод, сөөгийг тайрч, хэлбэржүүлэх, цэцэг тарих ажпыг хийж дуусгана. Мөн Хүй долоон худагт зүлэгжүүлэлт хийж, цэцэг тарих ажилдаа орчихсон.
Ц.Заяа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: